ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Дунд хуруу”

O.Admin
2019-10-24

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ирэх оны сонгуулийн амлалтдаа эртнээс бэлдэж эхэлжээ. Тэрбээр, өөрийнхөө тойрогт буюу Архангай аймгийн оюутнуудад зориулж, есөн тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотод дотуур байр барихаар 2020 оны улсын төсөвт мөнгө суулгасан байх юм. Тухайлбал, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал зэрэг сумын оюутнуудын дотуур байрыг нийслэлийн Хан-Уул дүүрэгт барих бөгөөд БСШУС-ын сайдын багцад хамруулжээ. Өөрөөр хэлбэл, Архангайн­хан хэмээх вант улсыг нийслэлд нүүлгэж ирэхээр төлөвлөсөн түүний увайгүй үйлдлийг дэмжиж, салбарын сайдын багцад  багтаасан нь тун ч хачирхалтай.

Нөгөөтээгүүр, улстөрчдийн сонгуулийн хуурай амлалт нутгийн шорооноос хальж, нийслэлийг чиглэж буйд  хачин их харамсаж байна. Улаанбаатар хотод орон нутгийн оюутнуудад зориулсан дотуур байр бүү хэл хүн амынхаа төвлөрлийг сааруулах гэж, үе үеийн удирдлагууд аргаа барж байгаа. Их, дээд сургууль, томоохон худалдааны төвийг нийслэлээс гаргах ажил өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй. Ийм байхад “Дайран дээр давс нэмэх” гэгчээр Архангайн  оюутнуудад зориулсан  дотуур байр ёстой илүүц байна. Дов жалгын улс төрөө нутагтаа л хий эрхэм гишүүн ээ. Нийслэлчүүдэд ачаалал бүү нэм.

Ж.Мөнхбат таны Улс төрийн хэрэггүй амлалттай, амлалтгүй их, дээд сургууль болгон өөрийн гэсэн дотуур байртай. Нэг аймгийг тусгайлан авч үзээд байх шаардлага огтхон ч байхгүй. Энэ есөн тэрбум төгрөгөөр нийслэлчүүд цэцэрлэгээ барьж, цоожтой хаалганы цаана үлдэж байгаа багачуудад зориулах ёстой юм. Түүнчлэн шалихгүй улстөрчийн ялихгүй амлалтыг хэрэгжүүлэхээр ирэх оны төсвөөс есөн тэрбум төгрөгийг үргүй зүйлд зарцуулах ухамсаргүй саналыг МАН-ын гишүүд дэмжихгүй гэдэгт найдаж байна. 

Б.Яруу