ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Битүү морь”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-29

Монголын хуульчид нэгдэж нийлэн холбоо байгуулсан нь одоогоос таван жилийн өмнөх буюу 2014 оны асуудал. Тэгвэл тус холбоо нь дөрөвдүгээр Их хурлаа өнгөрөгч амралтын өдрөөр хийжээ. Хурлаар холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг хэлэлцэж, Ж.Хунан албаа өөр хүнд шилжүүлэн өгч. Дүрэм ёсоор шинэ ерөнхийлөгч нь хоёр жил тэднийг удирдаж ажиллах бөгөөд нийт дөрвөн хүн өрсөлдсөнөөс Батсайханы Өнөмөнх гэх хуульч залуу олонхийн санал авсан аж.

Харин түүнийг салбарынхан нь “битүү морь” хэмээж байна. Угтаа хуульзүйн салбарт тийм ч их танигдаагүй, шинэ хүн өрсөлдөөнд илүүрхэж, олонхийн санал авсан. Б.Өнөмөнхийн тэргүүлэх Хуульчдын холбоо ямар чиг үүрэгтэй, статустай, нийгэмд яаж үйлчилдэг ТББ болохыг хайж үзэв. Тодорхой мэдээлэл алга. Гэхдээ гишүүдээсээ татвар авдаг, нийгмийн анхааралд байгаа асуудлаар байр суурь илэрхийлдэг, хэлэлцүүлэг хийдэг, мөн УИХ-аар хэлэлцэж буй хууль тогтоомжид байр сууриа илэрхийлдэг байгууллага бололтой юм. Тэгэхээр ач холбогдол өндөр ч гэж дүгнэж болно.

Б.Өнөмөнхийн тухайд МУИС-ийн Хуульзүйн сургуулийг баклавр, магистраар суралцаж төгссөн бөгөөд ажлын гараагаа Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албаны мэргэжилтнээс эхэлжээ. 2005 оноос хойш тасралтгүй энэ байгууллагадаа ажилласан. Өдгөө мөн л Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албанд Хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаа гэнэ. ОХУ-ын Москва хот, БНСУ-д тус тус мэргэжил дээшлүүлсэн, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ч олон улсад мэргэжил дээшлүүлсэн хэмээн намтартаа бичжээ.

Мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан, 38 настай ч салбартаа танигдаж амжаагүй нэгэн Монголын хуульчдыг нэгэн дээвэр дор нэгтгэж, хоёр жил тэднийг удирдах нь ээ. Тэр мөрийн хөтөлбөртөө эв эеийг сахина, нийтийн оролцоог хангана, мэргэжлийн, нөлөө бүхий байхаас гадна бүтээлч байлгахын төлөө нийт хуульчдаа удирдана гэж бичсэн байна билээ. Угтаа өдийгөөс төдий хүртэл хуульчдын холбоо ч бусад холбоодтой адилхан зөрчил, маргаантай дор бүрнээ амбийцтай байсныг нэгтгэж чадна гэсэн амлалт өгсөн байх юм. Үүнээс гадна хуульчийн нэр хүнд нийгэмд асар их унаж байгаа энэ цагт мэргэжлийн нэр хүндээ хамгаалж үлдэх нь л хамгийн чухал ажил нь байх биз ээ. Нөгөөтээгүүр, энэ салбартаа шинэков биш гэдгээ харуулж, амбийцтай хуульч нарт хүлээн зөвшөөрөгдөх эсэхийг харах л үлдлээ.