ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Та би та

А.ОДСҮРЭН
2019-10-31

Эхлээд та, дараа нь би, тэгээд та. Хотын соёлын гол баримтлах зарчим энэ. Замын хөдөлгөөнд оролцохдоо, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ, албан газар, орцны хаалгаар орохдоо хэн нэгэнд найр тавилаа гээд бидэнд хохирох юм юу ч байхгүй. Гадаадын жуулчид Монголд ирээд монголчуудын замын хөдөлгөөнд оролцож байгаа байдал, үйлчилгээний газарт биеэ авч яваа байдлыг хараад мэл гайхаж, энэ хорвоо дээр ийм тэнэг хүмүүс байдаг аа гэж боддог байх гэж бодохоос ичмээр, бас харамсмаар. Монголчууд Монголоо хайрладаггүй, монгол хүнээ хүндэлдэггүй, бие биетэйгээ бүдүүлэг харилцдаг гэж ярих гадны жуулчдаас  элэг нэгтнүүдийнхээ өмнөөс ичих хэцүү юм билээ. “Гудамжинд нус цэрээ хаях, тамхины иш хогоо ил задгай хаяхдаа Улаанбаатарынхан ердөө ч ичиж зовдоггүй, жолооч нар нэгэндээ зам тавьж өгөхгүй, өөрөө л болж байвал энэ хамаагүй гэж боддог юм шиг санагдсан.

Хараад л гайхсан” гэж ярих өвгөн жуулчны ярихыг сонслоо. Хамт яваа нэгэндээ хаалга онгойлгож өгөөд түрүүлж орохыг урих, автобусанд суух гэж буй нэгэндээ дэм болох, замын хөдөлгөөнд жолооч нар хүлээцтэй, соёлтой оролцохоос хотын соёл эхэлнэ. Тэрнээс биш сайхан хөшөө, өндөр шилэн харш, үзэмж төгөлдөр цэцэрлэгт хүрээлэнгээс хотын соёл эхлэхгүй. Хүн гэдэг бодгалийн амьтнаас ялгарах цорын ганц зүйл нь ухамсар. Ухаант хүмүүн та, Улаанбаатарын иргэн та энэ нийслэлийнхээ нэгэн эд эс болж яваагийн хувьд “Та би та” гэдэг зарчмаар гудамж талбайд зорчоод сурчихвал хэчнээн сайхан. Айх аюул, стресс бухимдалгүй аж төрцгөөхөд таны, миний ухамсарт үг үйлдэл л хэрэгтэй. Нүүдэлчин монголчууд суурьшмал амьдралд шилжээд багагүй хугацаа өнгөрлөө. Хотын соёл гэдэг хамтын хариуцлага, нэгдэн нийлэх чадвар дээр суурилдаг учраас хувь хүний ухамсар, соёл, амьдралын хэв маяг, хандлагаас ихээхэн шалтгаалдаг.

Нийтээрээ нэгэн дээвэр дор, нэгэн хотод амьдрах соёлыг хэвшүүлэхийн тулд өдөр цаг минут тутамдаа бусдад төвөг чирэгдэл учруулалгүйгээр, соёлтой амьдарч сурцгаая. Би гэхээсээ илүү бид, та гэдэг үзлээр үр хүүхдээ хүмүүжүүлэхээс эхлээд аав ээж та ч өөрийгөө тольдон хараарай. Яг одоо гадагшаа гарах гэж байгаа бол бусдад хүндэтгэлтэй хандан харилцаад үзээрэй. “Нэг голомтод амьдарч байгаа хүмүүс энэ минийх гэсэн өөриймсөг сэтгэлтэй байдгийн адил хүн бүр хот хөдөөгийн хаана ч байсан энэ миний эх орон гэсэн сэтгэлээр хандвал улс орон минь хөгжин дэвжих болно” хэмээн орон нутгаас хөлд тавьсан нэгэн оюутан бичжээ. Тийм ээ, энэ миний эх орон, миний хот. Энд эхлээд та, дараа нь би, тэгээд та гэсэн дүрмээр амьдардаг болчихвол хэчнээн сайхан бэ.