ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Энхзул: Үндэсний хэмжээний аж ахуйн нэгжүүд дотооддоо том учраас хаана ч том гэсэн ойлголттой байдаг

O.Admin
2019-11-04

“Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа Азийн бизнесийн холбоог үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал О.Энхзулыг урьж ярилцлаа. 

-Дэлхийн томоох он зах зээл болох Азид гарах гарцыг эрэлхийлж, бизнесийн холбоог байгуулсан гэхээр сонирхол татаж байна л даа. Холбоог яагаад байгуулах сэдэл төрөв, танайх ямар чиг үүрэгтэй ажилладаг юм бэ? 

-Би Сингапурын Их сургуульд 2013-2015 онд төрийн бодлогоор суралцаж байхдаа Австралийн худалдааны танхимд зориулаад “Австралийн жижиг дунд бизнесүүдийг Зүүн Өмнөд Азийн зах зээлд хэрхэн нэвтрүүлж, илүү сайн хөгжүүлэх вэ” гэдэг судалгааг хийж байлаа. Австрали бол манайхыг бодвол харьцангуй өндөр хөгжилтэй улс орон шүү дээ. Гэтэл яг л Сингапур, Монголтой адилхан бэрхшээл жижиг дунд бизнес эрхлэгчдийнх нь өмнө тулгардаг юм билээ. Монголын зах зээлд тогтвортой бизнес эрхлэгч болох гэж хамгийн багадаа 10 жил зарцуулдаг. Гадны улс оронд ч ийм хэмжээний хугацаа зарцуулдаг нь ажиглагдсан. Монгол, Камбож зэрэг хөгжиж байгаа Азийн улс орнууд экспортод гарах, олон улсын бизнес эдийн засгийн интеграцид орохын тулд туулах бэрхшээл нь яг адилхан байгаа. Судалгаа хийснээс хойш таван жилийн хугацаанд Азийн зах зээл хөгжчихлөө. Дэлхийн зах зээлд эзэлж буй жингээрээ томорсон. БНХАУ гэхэд л 2-3 жилийн дараа дэлхийн номер нэг зах зээл болохоор таамаглалаа дэвшүүлчихлээ. Азийн зах зээлийг дундаж хэрэглэгчийнх гэдэг. Тэгэхээр энэ том зах зээлийн хажууд байгаа Монгол Улс Азийн бусад оронтой хийх худалдаа, эдийн засгийн харилцаагаа яаж илүү гүнзгийрүүлэх вэ гэдэгт илүү анхаарч ажиллах ёстой юм. Сүүлийн таван жилийн ажлаа үүний төлөө зориулсан гэж хэлж болно. Эхний ээлжинд залуу лидерүүд гэдэг утгаараа зөвхөн судалгааны салбарт л ажиллаж байсан. Бизнесийн орчныг нь таниулах чиглэлд контент бэлтгэж байлаа. Сүүлдээ мэргэжлийн холбоо болж хөгжөөд, Камбож, Филиппин, Непал, Хонконг, Монгол Улсад албан ёсны төлөөлөлтэй, Монголоос гаралтай анхны бизнесийн ассоциаци болж өргөжлөө. Анхны олон улсын чуулганаа 2018 онд Филлипин, 2019 онд Камбож улсад хийсэн. 

-Эдгээр таван улсын жижиг дунд бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээлд гарах гүүр нь болдог гэж ойлгож болох уу? 

-Тэгж болно. Адилхан зовлон, бэрхшээлтэй байгаа бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллана. Олон янзын төсөл хөтөлбөрт хамруулах, олон улсад гаргах талаас нь хамтарч ажилладаг. Манайх дэргэдээ консалтингийн фирмтэй. Тус фирмээр дамжуулж хэд хэдэн төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Нэгдүгээрт, гадаад, дотоодын зах зээлийн талаар судалгаа хийнэ. Мөн гадаад зах зээлд гарахын тулд орон нутгийн хууль эрхзүйн орчныг судлах, гааль, татварын орчин, тэр ч байтугай хоёр улсын хоорондын Засгийн газрын худалдааны тарифын хэлэлцээр гээд судлах зүйл маш их бий. Энэ бүхнийг бизнес эрхлэгчдийн өмнөөс хийдэг гэж ойлгож болно. Мөн сургалт зохион байгуулж, ЖДҮ эрхлэгчдийг чадавхжуулна. Өөрийгөө чадавхжуулснаар зардал бага гарна. Мөн цаг хугацаа ч хэмнэдэг давуу талтай шүү дээ. Хэд хэдэн байгууллагад одоо зөвлөгөө өгч, стратегийн хэрэгжилтэд нь хамтраад эхэлчихсэн байгаа. Зүүн Өмнөд Азийн тав орчим компанийг амжилттай гадаад зах зээлд гаргаад явж байна. Монгол, Камбож зэрэг улс орнууд руу эдгээр компаниуд орж ирээд үйл ажиллагаагаа эхлүүлчихлээ. 

-Монголоос гадаад зах зээлд гаргасан сайн жишээ байна уу? 

-Ийм асуулт асуух нь мэдээж л дээ. Ер нь манай томоохон аж ахуйн нэгжүүд өөрсдийгөө үндэсний хэмжээнд том учраас хаана ч том гэсэн ойлголттой болчихсон. Бидэн шиг шинээр өсч өндийж байгаа зөвлөх үйлчилгээний компанийн үнэ цэнийг сайн ойлгодоггүй. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид нь гадаад зах зээлд бэлэн биш. Хэдийгээр гадаад зах зээл рүү зорьж байгаа ч олон улсын тоглогч болохын тулд эхний нэг жил судалгаа хийлгэх, өөрсдийгөө хөгжүүлэх талаар ажиллах ёстой. Санхүүгийн чадавх нь арай суугаагүй байдаг гэх үү дээ. Мөн бизнесийн ёсзүй, этик талдаа доголдолтой гэж шүүмжлэхэд буруудах зүйлгүй шүү. Яг тэр өдөр энэ ажлыг хийнэ, гадны төлөөлөгч тэнд ирнэ шүү гэхээр алга болчихдог. Хэлсэн амандаа хүрэхгүй, бизнесийн ёсзүйн алдаа гаргах нь их байгаа учраас анхаарах ёстой гэж боддог юм. Энэ мэт асуудлаа шийдээд, эрсдлээ удирдаад сурчихвал гадаад талдаа том, жижиг боломж маш их бий. Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг Филиппин улсын Манилад төвтэй “Warwick & Roger” улс төрийн эрсдэлийн компанийн төлөөлөгч Монголын бизнес эрхлэгчдэд эрсдэлээ хэрхэн удирдах талаар сургалт орлоо. Манайхтай хамтарч ажилладаг учраас бидний урилгаар ирсэн. 

-Азийн зах зээлд Монголын бизнес эрхлэгчдийн эзлэх хувийг тодорхойлж үзэв үү. Олон улсад гарах гарц аль салбарт илүү байна вэ? 

-Дотоодын олон аж ахуйн нэгжүүд яг энэ чиглэлд тухайлсан судалгаа хийснийг уншсан. Мөн манайх эхний хэдэн жил цэвэр судалгаа хийсэн ч сүүлийн гурван жил илүү практик талдаа ажиллалаа. Монголын технологийн үйлчилгээний салбарынхан Зүүн Өмнөд Ази руу гарах боломж их бий. АСЕАН-ы орнууд гэж хэлдэг шүү дээ. 600 сая хүн амтай том зах зээлд технологийн нэвтрүүлэлт, хэрэглээ тодорхой хэмжээнд өсөлт өндөртэй. Гэхдээ гүйцэтгэл, менежментийн шийдэл дээрээ хурдтайгаар явах юм бол давуу тал үүсэх боломжтой гэж хардаг. Эргээд л стратеги, судалгааны хэрэгжүүлэлтэд байгаа хүмүүс үүнийгээ ухамсарлаж, өөрийгөө хөгжүүлэх, судалгааны дагуу ажиллаж чадвал амжилт гаргах боломж бий. Уламжлалт буюу ноос ноолуур, органик гоо сайхан зэрэг бизнесээр амжилт гаргаж болно. Гэхдээ үнэ цэнд суурилсан эдгээр бизнес нь Европын холбоо, Хойд америк, Австрали, Зүүн Азийн Япон, Солонгос зэрэг эдийн засгийн өндөр чадамжтай улс орнуудад амжилттай байх жишээтэй. Хүмүүс нь бүтээгдэхүүний тоонд биш чанарт суурилж, худалдан авдаг юм. Бүгд тэгж хуваагдана гэсэн үг биш л дээ. 

-Төрийн бодлого бол Зүүн Азидаа эрчим хүч, Төв Азид хонь, үхрийн мах, Америк болон Европын холбоонд ноолууран буюу оёмол бүтээгдэхүүн, Хятадын зах зээлд ашигт малтмал буюу нүүрсээ экспортлох зарчмаар явах нь ээ гэсэн зураглал бий шүү? 

-Төрийн бодлогыг боловсруулах гэж олон жилийн судалгаа шаардах нь мэдээж. Тэгэхээр мэргэжлийн байгууллагын гаргасан судалгаа зөв явах нь тодорхой. Бид бол уламжлалт бус секторууд руу хандаж судалгаа хийдэг. Шинэ технологид суурилсан шийдэл, бүтээлч контент, үйлчилгээний салбарт илүү анхаардаг. Мөн цөөн тоогоор өндөр чанартайгаар үйлдвэрлэж байгаа нэхмэл сүлжмэл, органик бүтээгдэхүүнд илүү анхаарч, тэдгээр салбарыг дэмжих талаас ажиллана. Харьцангуй сүүлийн үеийн чиг хандлага гэж хэлж болно л доо. Ер нь Монголын төрийн бодлого Зүүн Өмнөд Азийн зах зээлийг орхигдуулж ирсэн. Мөн Европын холбоо, Австрали гээд Номхон далайн орнуудад гарах боломж бий. Уламжлалт хөгжиж буй салбар, мөн уул уурхайгаас гадна бүтээлч, технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг экспортлох боломжтой. Эхлээд Азийн бүс нутгуудаа маш сайн анхаарах ёстой гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Бид ЖДҮДС, Экспорт, олон улсын худалдааны төвтэй санамж бичиг байгуулж, бие биенээ нөхөөд ажиллана. 

-Австралийн сайн туршлагыг судалсан гэж байна. Монголтой харьцуулж үзвэл бидний давуу тал, эсвэл сул тал нь юу байв

-Австралийн жижиг дунд бизнес эрхлэгчид Зүүн Өмнөд Ази руу хэрхэн амжилттай гарч ирэх вэ гэдгийг судалж үзэх үед хамгийн сайн туршлагатай улс нь Герман байсан. Бусад улс орнууд руу ЖДҮ эрхлэгчдээ маш амжилттай гаргадаг. Дэмжлэг сайтай. Япон, Сингапур бас сайн юм билээ. Тиймээс эдгээр сайн туршлагаас Австрали яаж суралцах ёстой вэ гэдэг нь миний судалгааны ажлын гаргалгаа байсан. Нэгдүгээрт, бодлогын хэмжээний дэмжлэгээс гадна хүн, хүнтэйгээ буюу соёлын солилцоо маш сайн хийгдэх хэрэгтэй юм билээ. Ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээг өөр зах зээлд амжилттай гаргахын тулд өөр улсын хэрэглэгчдийн сэтгэлзүй, соёлын хэв шинжийг маш сайн ойлгох ёстой юм. Тухайлбал, Зүүн Өмнөд Азид маш олон муслим шашинтнууд байдаг. Энэ хүмүүс тусгай аргаар нядалсан малын мах хэрэглэдэг. Савлагаанаас эхлээд олон зүйлд анхаарна. Тэгэхээр үүнд хүртэл анхаарах болно. Зарим улсын иргэдэд энгийн гоё харагддаг зүйл өөр нэг улсад маш муухай, бүдүүлэг харагдах жишээтэй. Өнгөнөөс эхлээд л өөр. Эмгэнэл гашуудлынх нь өнгөөр хувцас хийчихвэл зарж чадахгүй шүү дээ. Соёлын солилцоог эрчимжүүлэхийн тулд эхний ээлжинд бизнес эрхлэгчид албаны бус байдлаар уулзаж, хоёр улсынхаа соёл, түүхийн талаар мэдлэгтэй, хоол унд, хувцас, эдлэл хэрэглэлийнх нь талаар ч мэдлэгтэй болох нь зөв. Манай ассоциаци энэ чиглэлд их анхаардаг. “Экспортын хурдасгуур хөтөлбөр” гэдгээр анхдагч гэж хэлж болно. Сая тавдугаар сараас долдугаар сарын хугацаанд ийм хөтөлбөр хэрэгжүүлж, яг танд хэлсэн бүхнийг туршлаа. Зүүн Өмнөд Азидаа амжилттай ажиллаж байгаа бизнес эрхлэгч болон зөвлөхүүдийг уриад Монголын хууль эрхзүйн орчин, бизнесийн хатуу, хөтүүг мэддэг зөвлөхүүдтэй хос болгоод хөтөлбөрт хамрууллаа. Мэдээж хэрэг алдаж оносон зүйл байсан. Гэхдээ анхдагч байж чадлаа. Цаашлаад, Европын холбооноос хэрэгжүүлж байгаа “Монголын худалдааг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд мөн л хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ сард эхэлчих байх. Нэг удаа хэрэгжүүлээд зогсохгүй эдгээр хөтөлбөрт хамрагдсан үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ зургаан сар, цаашлаад нэг жилийн хугацаанд холбоотой ажилладаг. 

-Олон улсын том төслүүд хэрэгждэг. Гэхдээ төслийн үр ашиггүй байдлыг шүүмжилсээр байгаа. Энэ бүхнийг хардаг, уншдаг л байх. Та нарт хандаж буй хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид тухайлбал манай улсын бэрхшээлийг юу гэж дүгнэж байна? 

-Бэрхшээлгүй зах зээл байхгүй. Төрийн хүнд суртал, төсвийн санхүүжилтийн буруу зарцуулалт аль ч улсад бий. Ялангуяа хөгжиж буй орнуудад байдаг. Гэхдээ байдаг юм гээд өнгөрүүлэх бус хэрхэн сайжруулах вэ гэдгээ ярих ёстой юм. Олон нийт, бизнесийн салбарын хяналт маш сайн байх ёстой. ЖДҮХС-гийн тухайд гэхэд хамгийн сүүлд маш том скандал гарч байж л хяналт сайжирлаа. Ингэснээр, олон эерэг өөрчлөлтүүдийг хийж чадлаа. Энэ мэтээр алдаанаасаа суралцаж чадвал асуудал алга. Үндэсний хөгжлийн газар гэхэд л өмнө нь хэдэн өдөр зарцуулдаг байсан бичиг баримтын зөвшөөрлийн асуудлыг нэг цэгээр дамжуулдаг болсон гээд сайн тал олон харагдаж байгаа. Шийдлүүд дээрээ цагаа зарцуулаасай гэж хэлье. Шүүмжлэл болгоныг шүүрч аваад байвал цаашаа явахгүй л дээ.