ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ухаалаг утасныхаа “боол” нь бус хэрэглэгч нь байгаарай

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-07

Улс төрийн албан тушаал хашиж буй атлаа утсаар ярих, утсандаа хариулт өгөх наад захын соёлгүй “хурган” даргын тухай нүүр номондоо оруулсан пост маань маш олон хүнд хүрчээ. Утсаар ярих соёл тэр дундаа бусдыг хүндлэх наад захын мэдлэггүй ийм хүмүүс Монголд олон байгааг миний нүүр номын найзууд шүүмжилж, их зан гэхээс илүү энэ бол “бүдүүлэг үйлдэл” хэмээн тодорхойлсон байх аж. Мэдээж нөгөө залуу надаас уучлалт гуйсан. Ажил ихтэй завгүй явж байгаад хариулт өгч чадаагүй, дуудлагыг нь аваагүй хэмээн учирласан юм. Яах вэ, энэ бол бидний дундах үл ойлголцол төдий зүйл ч гэлээ надтай адилхан асуудалтай нүүр тулгарсан олон хүн байдгийг уншаад гайхсанаа нуух юун. Монголчууд хүн төрөлхтний ухаалаг хэрэглээтэй тун хожуухан танилцсан. Гэсэн ч технологийн хөгжил, техникийн хурдаас асар хурдан хугацаанд суралцаж, дасан зохицож чадсан. Дэлхий дахинд “Samsung”, “iPhone” брэндийн ухаалаг утаснууд дөнгөж нээлтээ хийгээд ердөө 10 хоногийн дараа л Монголын зах зээлд нэвтэрч байна.

Гэтэл үнэтэй тансаг утас барьчихсан атлаа түүнийгээ ашиглаж чадахгүй, мэдэхгүй, утсаар ярихдаа хүртэл даргын араншингаа гайхуулж хүнд суртал учруулдаг, нэгхэн асуултад хариулахын төлөө бусдыг албан өрөөндөө дууддаг, хэдэн цагаар хүлээлгэдэг төвөг чирэгдэл учруулдаг “хурган” дарга нар манайд хаа сайгүй бий. Сэтгүүлчид бид ч ийм хүмүүстэй өдөр бүхэн шахуу уулздаг юм. Тэгэхээр уншигч та утсаар ярих соёлд ч бас суралцаарай. Бусдад ч бас хэлж ойлгуулаарай. Бусдын дэргэд хэт чанга ярихгүй байх, дуудлагаа чичиргээн дээр нь тавих, ирсэн дуудлагад хариу өгч чадахгүй бол мэдэгддэг байх зэргээр бидний сурч амжаагүй соёл мөн ч олон байна даа. Хэн нэгний дуудлагад хариу өгдөг, бичсэн мессежийг нь уншаад эргэж хариулт өгчихдөг бол хэчнээн сайхан санагдах вэ.

Өөр бусад хүн ч таныг үнэлнэ. Завгүй ажилтай байлаа ч хэн нэгний дуудлагад хариулт өгч, “Би ийм учир шалтгаантай байна. Тиймээс таны дуудлагад хариу өгч чадахгүй байлаа. Эргээд холбогдоё” гэх мэтээр амьд харилцаа үүсгэх нь наад захын соёл, ёсзүйтэй үйлдэл юм шүү. Хэн нэгэнд таны тусламж хэрэг болоод л яаралтай холбогдохыг хүсч байгаа нь мэдээж. Ээж, аав, ах дүү чинь ч таны төлөө л дуудлага хийж, мессеж бичиж байгаа нь тодорхой учраас өдөрт ядахдаа нэг удаа ч болов ижий, аав руугаа залгаж мэндийг нь мэдчихэж байгаарай, хүмүүс минь. Дарга гэхээрээ л ажилтнаа хаа холоос албан өрөөндөө дуудаж ирүүлдэг бус утсаар яриад өгөх боломжтой үүрэг даалгавраа өгчихдөг, ухаалаг утасныхаа боол нь бус хэрэглэгч нь гэдгээ мэдэж байх нь нэг том соёл билээ.