ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хорт зуршлаасаа салъя гэвэл 1800-2000 дугаарт холбогдоорой

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-08

СЭМҮТ-өөс “Архи, тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль эргэлтэд хяналт тавих” асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтарсан уулзалтыг энэ сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр “Архи согтууруулах ундааны хэрэглээ хор хөнөөл, архинд донтох эмгэгийн тархалт, тамхи болон дам тамхидалтын хэрэглээ, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ хор хөнөөл гэх мэт сэдвээр СЭМҮТ-ийн мэргэжилтнүүд илтгэл тавилаа.

Эдгээр сэдвүүд бүгд чухал ч хамгийн их анхаарал татсан нь мансууруулах эм бодисын хэрэглээ байв. Дэлхий нийтэд өнгөрсөн зуунаас эхлэн мансууруулах эм бодисыг буруу зорилгоор хэрэглэх нь эрс ихсэж, түүний нөлөөгөөр нийгэмд хараат байдал, донтох эмгэг үүнээс үүдэлтэй сөрөг зүйлс улам ихсэх болжээ. Тэр ч бүү хэл дэлхий дахинд НҮБ-ын судалгаагаар мансууруулах болон сэтгэц идэвхит эм бодисын үйлдвэрлэл сүүлийн 15 жилийн хугацаанд гурав дахин нэмэгдсэн байна. Манай улсад ч гэсэн энэ төрлийн хэрэглээ жил ирэх бүр өссөн тоон мэдээлэл гарчээ.

Тухайлбал, 2005 онд 9-10 дугаар ангийн 1000 сурагчдын дунд хийсэн судалгаагаар  есөн хувь нь мансууруулах бодис хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Түүнээс хойш тавхан жилийн дараа буюу 2010 онд 2.9 хувь бензин, цавуу, 1.8 хувь нь каннабис, 09 хувь экстазийг найз нөхдийн хамт хэрэглэж үзсэн гэжээ. Мансууруулах бодис хэрэглэдэг СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн хүн энэ оны аравдугаар сарын байдлаар 44 болж нэмэгджээ.

Он дуусах болоогүй байна. Өнгөрөгч онуудад 37-52 хүн хэвтэн эмчлүүлсэн гэсэн тоон мэдээллийг тус эмнэлгийн эмч Ж.Гантулга итгэлдээ дурдав. Мөн ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дэмжлэгтэйгээр СЭМҮТ-д 1800-2000 утсыг ажиллуулж байгаа бөгөөд мэргэжлийн эмч нар зөвлөгөө мэдээллийг иргэдэд өгч байгаа аж. Одоогийн байдлаар 1600 гаруй хүн зөвлөгөө, мэдээлэл авчээ. Зөвлөгөө мэдээлэл авахад хялбар бөгөөд энгийн утасны тарифтай адил хэмжээнд төлбөр тооцогддог талаар ярьж байна. Мөн мансууруулах бодис хэрэглэсэн, бусдад худалдаалсан гэх асуудлаар нийт 277 хүн хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгааг энэ үеэр дуулгаж байсан юм.

Дараагийн сэдэв бол мэдээж архи. Сүүлийн жилүүдэд архины хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, харин хөгжиж буй орнууд руу илүүтэй нэмэгдэж байгаа аж. 2030 он гэхэд дэлхийн амын 6.8 сая нь архинаас 11.8 сая нь зөвхөн хорт хавдраар нас барна гэсэн тоон мэдээллийг мэргэжлийн эмч танилцууллаа. Манай улсад мөн л архины хэрэглээ өндөр гарч байна. Тухайлбал, нэг хүнд ногдох архины хэрэглээ 41.4 литр болж нэмэгджээ.

Судалгаагаар дөрвөн хүүхэд тутмын нэг архи ууж үзсэн гэж мэдээлсэн бол 10 хүүхэд тутмын нэг нь согтож үзсэн тухайгаа хэлжээ. Нийгэмд архинаас үүдэлтэй өвчлөл, зам тээврийн осол, гэр бүл салалт, нас баралт өндөр байгаагийн шалтгаан архи. Тиймээс архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлж, барааны үнийн дүнг өсгөх шаардлагатай байгааг мэргэжлийн эмч итгэлдээ дурдаж байсан юм. Түүгээр ч зогсохгүй өсвөр насныхны үлгэр дуурайл болсон олны танил хүмүүс согтууруулах төрлийн ундааг сурталчилж байгаа нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгааг дуулгаж байв. Үүнд хязгаарлалт тавихгүй бол нийгэмд архи, тамхины хэрэглээ улам нэмэгдэхээс гадна хэн ч худалдаад авчих хэмжээний үнэтэй байгаа учир хуулийг чангатгах ёстойг давхар сануулж байсан юм.