ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Баярмаа: 65 мянган хүний амьдралын баталгааг улстөржүүлж тайлбарлаад байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-08

“Монголын баяжуулах үйлдвэрүүдийн нэгдсэн холбоо” болон тус холбооны хуульч С.Баярмаа нар өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар улстөржсөн, худлаа мэдээлэл хийлээ хэмээн мэдээлэл хийлээ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнгөрөгч аравдугаар сарын 30-ны өдөр хуралдаж, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 77.3 дахь хэсгийн 1, 2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 11, 12, 13 дахь заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлыг хэлэлцэж, зургадугаар сард гаргасан Дунд суудлын хуралдааны шийдвэрээ бататгасан. Энэхүү шийдвэрийн дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Үндсэн хуулийн цэц эх оронч бус шийдвэр гаргалаа. Улсын төсөв 1.3 их наядаар тасрах гэж байна. Товчхондоо байгалийн баялаг ард түмний өмч биш компаниудын өмч боллоо” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Үндсэн хуулийн цэцэд энэ асуудлаар хандаж, ялалт байгуулсан хуульч С.Баярмаагаас цөөн асуултад хариулт авлаа. 

-Баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн нэгдсэн холбоо нь Үндсэн хуулийн цэцэд хандсан гол шалтгаан юу байв. Энэ холбоонд хэчнээн аж ахуйн нэгж бүртгэлтэй байна вэ? 

-Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөс үүдэж, эрх ашгаа хамгаалахаар байгуулагдсан түүхтэй юм. Нийт 39 байгууллага гишүүнчлэлтэй бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, түүхий эдээ ашигт малтмалын ордтой этгээдээс худалдан авч баяжуулж, боловсруулдаг аж ахуйн нэгжүүд юм. Монгол Улсын хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй 39 аж ахуйн нэгж байгаа. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд АМНАТ төлдөг байсныг өөрчилж, тухайн ашигт малтмалыг ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан бүх этгээд төлдөг болгосон нь эрдэс баялгийн салбарын хөгжлийг боомилсон үйлдэл болсон. Нэг үйлдвэрийн ард 200-400 ажлын байр бий. 39 үйлдвэрт нийтдээ 18 мянган хүн ажиллаж байгаа. Нэг айлыг дунджаар 3-4 ам бүлтэй гэж тооцвол 65 мянган монгол хүний амьдралын баталгаа, эрх ашиг яригдаж байгаа. Миний бие Үндсэн хуулийн цэцэд 2019 оны дөрөвдүгээр сард хандсан. Энэхүү нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн гэж мэдээлэл гаргасан юм. Улмаар, Цэц өнгөрөгч зургадугаар сарын 28-ны Дунд суудлын хуралдаанаар “Үндсэн хууль зөрчжээ” гэж шийдвэр гаргасан байдаг. Давхар татварын дарамт үүсгэсэн эрсдэл байна гэж үзсэн. Шавхагдах нөөцтэй эрдэс баялгийнхаа түүхий эдийг түүхийгээр нь гадагшаа шууд гаргах нөхцлийг бүрэн бүрдүүлсэн, дотооддоо хөгжүүлэхгүй байхаар боомилсон гэж үзээд Цэц шийдвэрээ гаргасан байдаг юм. УИХ-д засах боломж олгосон. Гэсэн ч Их хурал хүлээж авахгүй гэсэн 70 дугаар тогтоол гаргасан. Би Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанд асуудлыг маш сайн тайлбарлаж өгсөн л дөө. Засгийн газраас баталсан 342 дугаар тогтоолын хүрээнд гаргасан журмаараа шат дамжлага бүрт давхар татвар авч байна гэдгийг ойлгуулсан. 

-Одоо та бүхний зүгээс ямар шаардлага тавьж байна вэ. Хуулийн төслийг тухайн үед хэлэлцэж байхад байр сууриа илэрхийлж болсонгүй юу? 

-Бидний зүгээс УИХ-ын гишүүдэд хандаж баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээс шат дамжлага бүрт давхар татвар авч буй энэ заалтыг эргэж ярилцах, хуулийн төслийг засч оруулж ирээч гэсэн хүсэлт тавьж байгаа. Миний хувьд Үндсэн хуулийн цэцэд маргаан гаргаад явж байхдаа 2018 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр хүртэл УИХ-ын чуулган болон холбогдох байнгын хороодын 376 хуудас материалыг уншихад нэг ч удаа баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээс АМНАТ авна гэсэн асуудал яригдаагүй. Харин алттай холбоотой асуудлыг л салгаж аваад ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, хэлэлцээгүй асуудлаараа шийдвэр гаргасан үйлдэл гэж үзэж байгаа. Мөн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хэлэлцсэн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан АМНАТ яагаад давхар аваад байгааг тодруулахад Татварын Ерөнхий газрын улсын байцаагч болон УУХҮЯ-ны газрын дарга хоёр дандаа буруу ташаа, худлаа мэдээлэл өгч байсан хуралдааны проткол надад байгаа.  Ингээд гишүүд буруу мэдээлэл авсан учраас иргэн С.Баярмаа буруу ойлгожээ гээд Цэцийн шийдвэрийг хүлээж авахаас татгалзсан. Гэтэл баяжуулах боловсруулах үйлдвэр бодит байдал дээр 10-12.5 хувийн АМНАТ төлж байна. 

-Сангийн сайд Ч.Хүрэл­баатар улсын төсөв 1.3 их наядаар тасрах эрсдэл үүслээ гэж мэдэгдсэн. Энэ худлаа гэсэн үг үү? 

-Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр гарс­ны маргааш нь Сангийн сайд ийм зүйлийг твиттер хуудсандаа бичсэн байсан. Энэ бол салбарын сайдын албан ёсны байр суурь биш байх. Харин улстөрчийн байр суурь байх гэж харж байгаа. Сангийн сайд хүн 2019 оны төсөв 2018 онд батлагддаг гэдгийг, 2020 оны төсөв одоо батлагдаагүй явж байгааг хамгийн сайн мэдэх байлгүй дээ. Иргэдэд буруу ташаа мэдээлэл өгсөн улс төр гэж харсан. Төсөвт 1.3 их наядын алдагдал үүсээгүй. Яагаад гэвэл, 2019 оны аравдугаар сарын 30-ны өдөр Их суудлын хуралдаан тогтоол гарсан. Гарсан өдрөөсөө тус хуулийн холбогдох заалт хүчингүй боллоо. Монгол Улс Үндсэн хуультай. Дагалдаж гарсан холбогдох хууль тогтоомжуудтай. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцээс тухайн хуулийг хүчингүй болгосон тохиолдолд 15 хоногийн дотор хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах ёстой байдаг юм. Арваннэгдүгээр сарын 15-ны дотор хуульдаа өөрчлөлт оруулснаар ямар ч төсөв тасрах эрсдэл гарахгүй. 1.3 төгрөгөөр 2020 оны төсөв тасарна гэж ярьсан гэж ойлговол шүү дээ. Төсөв батлагдаагүй байна шүү дээ. 2019 оны төсөвт одоогийн байдлаар 1.1 тэрбум орчим АМНАТ төвлөрсөн гэдэг мэдээллийг Сангийн яам өгдөг. Иргэдэд худлаа мэдээлэл өгөхөө боль гэж хэлье. Төсөв тасрах бус харин ч нөгөө талдаа эдгээр 39 аж ахуйн нэгжид ажиллаж байгаа хүмүүс ажилтай байснаар улсад татвар, нийгмийн даатгалаа төлж, бодит байдал дээр төсөвт орлого оруулна. Иргэд бол Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд гэдгээр нь хараад байдаг. Гэтэл энэ хүн улстөржсөн мэдэгдэл хийгээд байдаг. НӨАТ, АМНАТ хоёроо хооронд нь хольж, сольж яриад байгаа.  Хоёр өөр зүйл шүү дээ. Нэг нь дотооддоо бүх аж ахуйн нэгж, байгууллага дээр эцсийн хэрэглэгч төлдөг Нэмэгдсэн өртгийн албан татвар. Нөгөөх нь эрдэс баялгийн салбарын этгээд төлдөг АМНАТ хоёрыг андуурч, хольж солиод байгаа. Албаар ингээд байна уу гэж гайхаад байгаа юм. 

-Эдийн засгийн байнгын хорооны дарга АМНАТ-ийг давхардуулж авахгүй байна гэж хэлсэн шүү дээ?

-Ингэж ярьж байгаа нь үнэн. Гэхдээ та бүхний асуугаад байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 47.7-д заасан “Хүдэр баяжмал бүтээгдэхүүнд АМНАТ-ийг давхардуулж авахгүй ээ” гэсэн хуулийн заалтыг ярьж байгаа. Харин бодит байдал дээрээ давхардуулж аваад байгаа, тэр журам нь Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор батлагдсан гэдгийг энэ хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй байгаа байх. Яагаад гэвэл тэр хүмүүст мэдээлэл өгч байгаа салбар яам, татварын газар нь буруу мэдээлэл өгөөд байгаа юм. Эдийн засгийн байнгын хорооны дарга энэ бол надад салбар яам, агентлагаас өгсөн мэдээлэл гэдгийг хэлсэн шүү дээ. Тэгэхээр хэр бодит мэдээлэл өгсөн бэ гэдэгт бид эргэлзэж байна. Хууль тогтоомжийн тухай хууль гэж байдаг. Аливаа төслийг боловсруулахдаа үндэслэлтэй, тооцоотой, судалгаатай, заалт хоорондын уялдааг хангах ёстой гэдэг. Гэтэл 47.7 дахь заалт дээр “хүдэр, баяжмал бүтээгдэхүүнд давхардуулж авахгүй ээ” гэж заачихсан. Хүдэр дээр авсан бол баяжмал дээр давхардуулж авахгүй гэсэн хуулийн зөв заалт юм. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болсон заалтууд үгүйсгэчихсэн байсан. Өөрөөр хэлбэл, бид дотооддоо худалдсан бол 2.5, ашигласан бол 5.0, өсөн нэмэгдэхээр 3-5 хувийг авна гэсэн заалтууд орсон атлаа ард нь бид давхардуулж авахгүй ээ гээд 47.7-д заачихсан. Тэгэхээр хуулийн заалт хоорондын зөрчил маш тод илэрч байгаа. 

-Байгалийн баялаг ард түмнийх бус компанийнх болох шийдвэр гарлаа гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, ард түмний баялаг байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн шийдвэрийг Цэц гаргалаа гэж тайлбарлаад байна л даа? 

-Үндсэн хуулийн зурга­дугаар зүйлд “Газар түүний хэвлий дэх ашигт малтмалын баялаг нь ард түмний өмч байна гэж заасан. Харин тавдугаар зүйлд “Төр нь иргэнийхээ, хувийн хэвшлийнхээ эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлого баримтална” гэсэн заалт байдаг. Сангийн сайд болохоор “АМНАТ байхгүй боллоо. Ард түмэн эрхээ алдчихлаа” гэх мэтээр улстөржүүлээд байна л даа. Дэлхийн бүх улс оронд АМНАТ-ийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй этгээд нэг удаа л төлдөг. Үүнийг төлсөөр ч ирсэн. 2006 оноос хойш төлсөөр л байгаа, цаашдаа ч төлнө. Аж ахуйн нэгж байгууллага, үндэсний үйлдвэрүүдийг хөгжүүлэх гэхээр шат дамжлага бүрт татварын дарамт яваад байна гэдгийг ойлгох байх аа.