ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хар тамхи зарж байсан нигер иргэдийг шүүх гэж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-08

Өнгөрөгч нэгдүгээр сарын 28-ны өдөр Нигер улсын иргэн Олон улсын шуудан илгээмж ашиглан 500 сая төгрөгийн “ICE” буюу мөс гэх хар тамхийг илгээмжээр авч байсныг ТЕГ илрүүлэн баривчилсан билээ. Шуудан илгээмжийг авахаар ирсэн сургалтын төвийн багш гэх 31 настай Адекола Олавасен дээр баривчлах ажиллагаа явуулан саатуулсан байдаг.

Улмаар Монгол Улсад багшаар ажиллахаар ирээд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл хууль бусаар зарж, борлуулж байсан гэх хэрэгт холбогдуулан тус улсын иргэд болох Анози Парлингтон, Адиоди Елижах Оладапо гэх гурван эрэгтэй, Изичукву Чиома Фавор гэх эмэгтэйг холбогдуулан шалгаж байгаа юм. Эдгээр иргэд нь мөрдөн байцаалтын явцад Тайландаас маш их хэмжээний мөс гэх хар тамхийг олон улсын шуудан илгээмжээр авчран залууст зардаг байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ.

Тэгвэл эдгээр дөрвөн иргэд холбогдох шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт болох юм байна.  Тэднийг Эрүүгийн хуулийн 18.5-3 дахь хэсгийн “Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн”, 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.