ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Р.Амгалан: Гэдэсний халдварт өвчний тархалт өмнөх жилүүдээс өндөр байна

O.Admin
2018-06-19

Сүүлийн үед бага насны хүүхдүүд бөөлжих, гүйлгэх өвчний тархалт эрс нэмэгдэж, эмнэлгийн ачаалал өссөн гэх мэдээлэл байгаа юм. Энэ асуудлыг  ХӨСҮТ-ийн их эмч Р.Амгалангаас тодрууллаа. 

-Бага насны хүүхдүүд бөөлжих, гүйлгэх шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна гэсэн мэдээлэл байна. Энэ юунаас болж байгаа вэ? 

-Гэдэс нь өвдөж, гүйлгэж ирсэн хүүхдүүд байгаа. Өвчний шалтгааныг бид судалж байна. Манай улсад нийтлэг тохиолддог  цусан суулгац, сальмонеллёз, хоолны хордлого, гар  хөл амны өвчин гэх мэт гүйлгэх шинж тэмдэг илэрдэг дөрвөн өвчлөл байдаг. Гар хөл амны өвчин нь тууралт өгдөг бол бусад нь тууралтгүйгээр гүйл­гэж, халуурдаг, хоол боловс­руулах замаар халдвар­ладаг зэрэг  шинж тэмдгээрээ адил төстэй байдаг.  Хүүхэд гүйл­гэсэн л бол хоолны хордлого биш. Түүнийг судалж шинж тэмдгийг нь харж, лабораторийн шинжилгээгээр батлаад  оношилдог.  

-Уг өвчний тархалт хэр их байгаа вэ?

-Дулааны улиралд ходоод гэдэсний хямрал,  халдварт өвчин ихэсдэг. Гэхдээ энэ жил бусад оныг бодоход харьцангуй их байна. Хоол боловсруулах замын өвчлөлийг гэдэсний халдварт өвчин гэдэг. Гэдэсний халдварт, өвчин хоол хүнсээр дамждаг. Энэ нь урин дулааны улиралд хоол хүнс амархан мууддагтай холбоотой.  

-Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Өндөр халуурна, шингэ­нээр олон удаа суулгаж бөөлждөг. Дотор муухайрч толгой өвдөх, гэдсээр нь хүчтэй хатгуулж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. 

-Эцэг эхчүүд буруу эмчил­гээ хийж, хүндрүүлсэн тохиолдол байна уу? 

-Эцэг эхчүүд гэрээрээ хоросол юмуу фталазол уулгаж эмчлэх гэж оролддог. Зарим нь гадаа тоглоод наршчихлаа хэмээн хэд хоног харзнаж, хүндэрсэн нь хойно нь ирдэг. Гэхдээ хүндрүүлж ирсэн тохиолдол цөөн байгаа. 

-Гэдэсний халдварт өвчин хүүхдийн амь насанд халтай юу?

-Эмчлэхгүй удвал хүүхэд шингэн алдана. Тэр шингэ­нийг хурдан нөхөх хэрэгтэй. Эмчилгээгээ хурдан эхлэх тусам хүүхэд хурдан тэнхэрнэ. 0-4 насны нялх хүүхдүүд голдуу өвчилж, нийт өвчлөлийн 70 гаруй хувийг эзэлж байна. Нялх хүүхдүүд өөрөө өөрийгөө арчилж чадахгүй. Асарч халамжилж байгаа хүний мэдлэг муу учраас хүүхдүүд өвчилж байгаа юм. 

-Хэрхэн урьдчилан сэр­гий­лэх вэ?

-Халдварт өвчний хамгийн гол урьдчилан сэргийлэлт бол гараа угаах. Хоол хийхийн өмнө, идэхийнхээ өмнө гараа сайтар угаах хэрэгтэй.  Хүүхдийнхээ баасыг цэвэрлээд гараа угааж, ариутгах ёстой. Хүүхдээ хооллохын өмнө аяга халбагыг нь сайтар цэвэрлэх хэрэгтэй.  Ер нь ариутгал цэвэрлэгээ маш чухал. Манайхан  өөрсдөө гараа угаахгүйн зэрэгцээ хүүхдийнхээ ч, гарыг угааж хэвшүүлэхгүй байна. Мөн хүнсээ зөв сонгох хэрэгтэй. Дулааны улиралд гудамжинд гар дээрээс худалдаалагдаж байгаа жимс, самар хүүх­дүүд­дээ авч өгдгөө болих хэрэгтэй. Халуун наранд тоос шороотой газар олон цаг болсон хүнс маш их эрсдэлтэй. Хоол хүнсээ олон цагаар халуун орчинд ил задгай удаан хадгалж болохгүй.  Хүнс болгон өөрийн гэсэн хадгалах орчинтой. Түүнийг зохистой температурт нь хадгалаад хэрэглэ. Хоолоо бүрэн гүйцэд чанаж, сайтар болгох хэрэгтэй.  Хүүхэддээ хоносон хоол өгөхөөс зайлсхийгээрэй хэмээн зөвлөх байна.

Б.Саран-Учрал