ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Газрыг нь орон сууцаар солих 19 байршлыг зарлалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-12

-Газраа 40 сая төгрөгт үнэлүүлж, үлдэгдэл төлбөрөө таван жилийн хугацаанд найман хувийн зээлийн хүүгээр төлөх боломжтой-

“Нийслэлийн орон сууцны корпораци” компани нь Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх зарчмаар газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл өчигдөр НОСК-иас мэдээлэл хийж, гэр хорооллын бүсэд нэг дор дөрвөн га-аас багагүй газарт тус газрын эздийн 100 хувийн хүсэл сонирхолд тулгуурлаж, төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд орон сууцаар солих хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээ зарлалаа. 

Өөрөөр хэлбэл, нэг дор буй 90-100 өрх нэгдэж орон сууцанд орох, уг төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд орон сууц руу нүүлгэнэ гэсэн үг. Ингэснээр тухайн байршилд орон сууцны төсөл хэрэгжүүлж, богино хугацаанд орон сууцжуулна гэлээ. Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн зургаан дэд төв, гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, орон сууцжуулах  төслийн  19 байршилд 1216 га газрын 20477 нэгж талбарт амьдарч буй иргэд дээрх төсөлд хамрагдах боломжтой гэлээ. Энэ талаар тус корпорацийн захирал Б.Сүхбаатар ярихдаа “Энэ удаа бэлэн орон сууцны түлхүүр өгнө.

Өмнө нь урьдчилгаанд газраа өгдөг байсан. Дөрвөн га газар хэрэгтэй гэдэг нь сургууль, цэцэрлэг, инженерийн дэд бүтэц, зам талбай, ногоон байгууламж зэргийг шийднэ. Хотхон хэлбэрээр, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх зорилго тавилаа. Иргэд хэрэв тухайн газар чөлөөлөх талбарт хамрагдлаа гэхэд өөрийн өмчийн үнэлгээ нь 40 сая төгрөг болно. Харин орох гэж буй байр нь тухайлбал 70 сая төгрөгийн үнэтэй байвал зөрүү нь 30 сая төгрөг болно. Харин үүнийг шийдэхийн тулд бидний зүгээс үлдэгдлэл мөнгөө таван жилийн хугацаанд найман хувийн зээлийн хүүгээр төлөх боломжийг олгож байна. Зарим тохиолдолд иргэдийн газрын үнэлгээ орох сууцны үнээс илүү гарч болно.

Хэрэв ийм байдал үүсвэл бид иргэдтэй мөн тохиролцох боломжтой” гэсэн юм. Газрыг орон сууцаар солих ажлыг зохион байгуулахад заасан хугацаа байхгүй аж. Хамгийн түрүүнд хүсэлтээ илгээсэн иргэдийн газрыг зах зээлийн ханштай дүйцүүлэн үнэлгээ хийлгэх бөгөөд хамгийн багадаа дөрвөн га газраа чөлөөлсөн иргэдийг Нийслэлийн орон сууцны корпорацийн санал болгож буй бэлэн байранд оруулах юм байна. Одоогоор 40 тэрбум төгрөгийн өртөгтэй “Буянт-Ухаа 2”-ын 972 айлын орон сууц бэлэн байгаа. Үүнээс эхний ээлжинд 390 айлыг орон сууцад оруулах аж.

Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар бэлэн 390 айлын орон сууц байна хэмээв. Цаашдаа 50 мянган айлын орон сууц барихаар зорьж байгаа бөгөөд эхний ээлжинд 10 мянган айлын орон сууцны төслийг шийдчихсэн учраас тухайн чөлөөлсөн газарт орлогод нийцсэн орон сууц барина хэмээв. Үүнээс гадна тухайн орон сууцанд орсон иргэдийг ажлын байраар хангах ажлыг ч мөн НОСК хариуцах бөгөөд тухайн хотхонд буй банк, сургууль, цэцэрлэг зэрэг үйлчилгээний газруудад мэргэжлийнх нь дагуу ажилд зуучлахаар болжээ. Ингэснээр тухайн иргэн тогтсон орлоготой болж, зээлээ цаг хугацаанд нь төлөх, найман хувийн зээлд хамрагдана гэлээ. 

Газрыг орон сууцаар солих байршлуудын мэдээллийг хүргэе. 
1.    Сонгинохайрхан дүүрэг 7,8,9,10,28 дугаар хороо  Баянхошуу дэд төв
2.    Чингэлтэй дүүрэг 14,18 дугаар хороо, Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо  Сэлбэ дэд төв
3.    Сүхбаатар дүүрэг 16, 17 дугаар хороод Дамбадаржаа дэд төв
4.    Чингэлтэй дүүрэг 10,11,12,13 дугаар хороод Дэнжийн 1000 дэд төв
5.    Баянзүрх дүүрэг 9,17,19, 24 дүгээр хороод  Шар хад дэд төв
6.    Сүхбаатар дүүрэг 9,10,11,12 дугаар хороод Орон сууцны 7-р хороолол
7.    Баянзүрх дүүрэг 2,4 дүгээр хороод Мамба дацан
8.    Баянзүрх дүүрэг 13,14-р хороо орон сууцны 14-р хороолол
9.    Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Чулуун овооны тойргоос Хууль сахиулах их сургууль орчим
10.    Сонгинохайрхан дүүрэг 1,2,20 дугаар хороо Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай
11.     Чингэлтэй дүүрэг 9,10,11 дүгээр хороо дэнжийн 1000 орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбайд тус тус газар чөлөөлөлт явагдах боломжтой аж.