ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Иргэд үндсэн цалингийнхаа 35 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлнө

O.Admin
2019-11-14

Нийгмийн даатгалын шимтгэл ирэх оноос дахин хоёр хувиар нэмэгдэх талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

Ч.Хүрэлбаатар: Хоёр хувийн шимтгэлийг буцаахгүй

/УИХ-ын гишүүн, Сангийн сайд/

-Манай улс 2017 онд ОУВС-д хамрагдахдаа Нийгмийн даат­галын санд төлөх шимтгэлийг нэмэгдүүлэхээр хуулийн төсөл баталсан. Хуулийн төсөл өнөөг хүртэл хэрэгжээд явж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувиар нэмэхээс өөр арга байхгүй. Үүнийг буцаах аргагүй.

Б.Чойжилсүрэн: Иргэдэд  дарамт учруулж байна

/УИХ-ын гишүүн/

-Харамсалтай нь ийм зүйл болсон. Миний хувьд 2017 оны нэгдүгээр сард хууль батлагдах үед эсэргүүцээд дийлээгүй. Аж ахуйн нэгжүүд, иргэдэд  дарамт учруулж байгаа. Халаасны хэмжээгээр амьдарч суръя, гэж хэлсэн ч бүтээгүй. Үүнийг нэг амьсгаагаар шийдэж чадахгүй, дахиад хэдэн жил хүлээх шаардлагатай гэж горимын санал гаргаад дийлээгүй.  

С.Эрдэнэ: Татвар нэмэх замаар халаасаа зузаалах шаардлагагүй

/УИХ-ын гишүүн, АН-ын дарга/

-Тэтгэврийн даатгалын сан өнөөдрийг хүртэл маш хүнд байдалтай явж ирсэн. Төр өөрийнхөө хүлээсэн үүргийг биелүүлэхгүй байгаа. Миний мэдэхийн төр Тэтгэврийн даатгалын санд төр 13-14 их наяд төгрөгийн өртэй. 1995 оноос өнөөг хүртэл та бидний төлсөн Нийгмийн даатгалын шимтгэлээр тэтгэврийг олгож ирсэн. Гэтэл өнөөдөр шимтгэл төлж байгаа иргэдэд бодит мөнгөн хуримтлал байхгүй. Зөвхөн цаасан дээр бичилтийн аргаар явж байгаа. Чин үнэнийг хэлэхэд, тэтгэврийн даатгалын санд хүн идэх мөнгө байхгүй шүү дээ. Анх байгуулагдсан цагаасаа эхлээд хасах дүнтэй явж ирлээ.  Одоогоор нийт тэтгэвэр авч байгаа хүмүүст мөнгө хүрэлцдэггүй. Үлдэгдлийг нь төсвөөс татаас хэлбэрээр нөхөж ирсэн байдаг. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хандаж хэлэхэд “Иргэдийн халаас­ыг тэмтэрдгээ боль. Төр үүргээ биелүүл. Ч.Хүрэлбаатар татвар нэмэх замаар өөрийнхөө  халаасыг зузаалах шаардлагагүй. Өнөөдөр нэг ч төгрөг байршуулаагүй шүү дээ. Төсвийн  алдагдал 2.1 их наяд, хөрөнгө оруулалт нь гурван их наяд байна. Хөрөнгө оруулалтаас нөхөх боломж бий.     

Л.Болд: Хүчингүй болгох хуулийн төсөл өргөн барина

/УИХ-ын гишүүн/

-Иргэд болоод аж ахуйн нэгжид маш их дарамт болно. Эдийн засаг ийм нөхцөл байдалтай байхад энэ бодлогыг хэрэгжүүлж болохгүй. Үүний оронд төр тэвчиж болох зард­лаа танах хэрэгтэй. Харин нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийг ажлын байр бий болгосон байгууллагыг төр урамшуулдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, бага хүүтэй зээл олгох, чөлөөлөх бодлогыг цаашид баримтлах шаардлагатай юм. Манай намын хувьд энэхүү саналыг хүчингүй болгох хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барина. Энэ талаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.

Я.Содбаатар: 2016 оноос эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлж ирсэн

/УИХ-ын гишүүн/

-Нийгмийн даатгалын шимтгэлийг 2016 оноос эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлж ирсэн. Энэ үеэр ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд одоогоос гурван жилийн өмнө ийм шийдвэр гарсан. Мөн тэтгэврийн насыг нэмэх ёстой гэсэн шаардлагыг ОУВС-гаас тавьсан. Тиймээс тэтгэврийн насыг нэмэгдүүлэх боломжгүй. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээр болсон шүү дээ. Тэтгэврийн сан байнгын алдагдалтай байгаа. Тиймээс сүүлийн хэдэн жилд төсвөөс 600 тэрбум төгрөгийг тэтгэврийн санд байршуулж, алдагдлыг нөхөж хийж  байгаа. Иргэдийн орлоготой уялдуулж, нийгмийн даатгалын  шимтгэлийг хуримтлуулахаар ажилласан юм.

 

“Дансандаа хуримтлуулан хүүг ашигладаг олон улсын жишиг бий”

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх асуудалд иргэд бухимдаж байгаа.Тэд шимтгэлд төлж буй мөнгөө хадгаламжид хийж, ирээдүйдээ зарцуулъя гэдгийг хэлж байгаа.  

Иргэн Т.Ганзориг: 

-Нийгмийн даатгал төлж байхаар, тэр мөнгөө цуглуулаад амьдарвал илүү дээр гэж хүмүүс олон жил ярьж байгаа. Ирэх жил дахин нэмэгдвэл эсэргүүцнэ. Одоо ч өндөр байгаа. Ард иргэдээ дэмжихгүй байж үргэлж дарамт болж, аливаа санхүүгийн алдаагаа тэднээр төлүүлдэг тогтолцоогоо зогсоох хэрэгтэй юм. Өөр гаргалгаа байх ёстой. Мэдээж татвар, шимтгэл улсад, нийгмийн даагалын санд хэрэгтэй ч гэлээ хэрээс хэтэрвэл олны бухимдлыг төрүүлэх нь гарцаагүй. 

Иргэн Ж.Пүрэвсүх:

-Цаг наргүй ажил, хөдөлмөр эрхэлчихээд цалингаасаа их хэмжээний татвар төлж байгаа нь залуус бидэнд хүнд байдаг. Хамгийн гол нь насаараа төлсөн шимтгэлийнхээ үр шимийг үзэж чадахгүй нас бардаг нь харамсалтай, шударга бус санагддаг. Энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй шүү. Тийм болохоор нийгмийн даатгалын бодлогыг эсэргүүцэж байна. Жил жилээр шимтгэлийн хэмжээгээ нэмж,  албан журмаар төлөөд байхад тэтгэвэрээ бага хэмжээгээр тогтоолгосон хүн миний эргэн тойронд зөндөө бий. Юу ч хийж чадахгүй байгаа хүмүүст шулуулж байхаар банкинд хадгалаад  ирээдүйдээ хөрөнгө оруулалт  хийж, итгэлтэй амьдрах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байх. Үнэндээ залуус тэтгэвэр тогтоолгож, улсын эмнэлэгт үзүүлэх гэж нийгмийн даатгал төлдөггүй. Бид зээл авахын тулд банкинд баталгаатай гэдгээ харуулахын тулд нийгмийн даатгал төлж байгаа нь үнэн биз дээ. 

Иргэн Ч.Болдсайхан: 

-Тооцоо гаргаж үзсэн юм. Хөлсөө дуслуулан байж олсон цалингийнхаа 21.3 хувийг улсад сар бүр өгнө, эрүүл мэндийн даатгал бас төлнө. Эргээд улсаас ямар нэгэн үйлчилгээ авах гэхээр бүгд төлбөртэй. Миний хувьд  нийгмийн даатгал нэрийн дор сард 347.000 төгрөг, жилд 4.164.000 төгрөг төлдөг. Эрэгтэй хүн 65 насандаа тэтгэвэрт гарч, 40 жил ажиллалааа гэж бодоход нийт авсан цалингаасаа 166 сая орчим төгрөг төлөх нь. Тэтгэврээ тогтоолгоод хэдэн жил, тэтгэвэр авах вэ. Монгол эрчүүдийн дийлэнхи хувь нь тэтгэвэрт гарч чадалгүй хорвоог орхиж байна шүү дээ.  Үр хүүхдүүдэд нь өвлөгдөж үлдэггүй, ашиг хонжоо хайсан  нэгний хоол болдог нийгмийн даатгалын мөнгийг өөрөө дансандаа байршуулж, хуримтлал үүсгэж байвал зүгээр байна. Үнэхээр бухимдаж байна. 

 

Албаны хүний үг

Нягтлан бодогч Д.Алтанзаяа: 

-Нийгмийн даатгалын шимтгэлийг  сүүлийн жилүүдэд өсгөх тухай хуулийн төслийг уншсан. Энэ нь иргэд болон байгууллагад  асар их нөлөө үзүүлдэг гэж боддог. Ялангуяа жижиг дунд,  аж ахуйн  нэгж байгууллагад ихээхэн дарамт болно. Төрөөс тэдгээр жижиг, дунд  аж ахуйн нэгж байгууллагад хууль эрхзүйн ямар нэгэн дэмжлэг хомс байдаг тул  энэ мэт татварын өсөлт нь нөлөө үзүүлдэг. Шимтгэлийг дансандаа хуримтлуулан хүүгээр аривжиж, түүнийгээ санхүүгийг эх үүсвэр  болгож, ашигладаг олон улсын жишиг ч бий.  Ийм тогтолцоонд шилжвэл шимтгэлээ нэмэхэд татгалзах юм алга. Гэтэл улс хурааж аваад хуримтлалын сан үүсгэх нөхцөлгүй  байгаа ийм нийгэмд нэмэгдүүлж байгаа нь хүндрэлтэй. Ирээдүйн тэтгэврийн баталгаа бүрхэг байна. 

Нягтлан бодогч С.Мөнхтуяа:

-Нийгмийн даатгалын шимтгэлийг шат дарааллан, жил бүр нэмж байгаа явдал нь нийт аж ахуйн нэгжид таатай шийдвэр биш. Зардлаа хэрхэн багасгах,  танах талаар асуудал өдөр бүр гарч байхад дахин байгууллагаас шимтгэлээ нэмж төлөх нь хүндрэлтэй байдаг. Үүнийг дагаад Хүн амын орлогын албан татвар  мөн нэмэгдэж,  ажиллагсдын цалингаас суутгах,  шимтгэл татвар давхар нэмэгдэж байгаа нь хаа хаанаа хүндрэлтэй байдаг юм.