ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Элчин сайдыг хүлээн авч уулзав

O.Admin
2019-11-16

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайд М.Такаока өөрийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж нутаг буцах болсон тухайгаа хэлээд өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болсон Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад талархал илэрхийллээ. Тухайлбал, цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чадавхыг дээшлүүлэх, Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчнээс “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд оролцох, оюутан сургах зэрэг олон чиглэлээр өргөжин хөгжиж ирсэнд баяртай байгаагаа хэлээд хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж байсан Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод тусгайлан талархлаа илэрхийлсэн юм.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Элчин сайд М.Такаокаг Монгол Улсад ажиллах хугацаандаа монголчуудад элэгтэй, Монголыг гэсэн сэтгэлтэй, идэвх зүтгэлтэй ажиллаж хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв. Мөн "Монгол, Япон хоёр орны харилцаанд чухал байр суурийг эзэлдэг салбар бол Батлан хамгаалах салбар юм. Хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа харилцан цэргийн атташе суулгах хүртлээ ойртож, Япон улсын БХЯ-наас “Чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан “Зам” сургуулийг жил бүр зохион байгуулж, манай инженерийн цэргийн алба хаагчдыг сургаж, дадлагажуулж байгаа зэрэг нь Зэвсэгт хүчинд оруулж байгаа том хөрөнгө оруулалт юм" гээд цаашид ямар ч ажил алба эрхэлж байсан Монгол, Япон хоёр орны харилцааг хөгжүүлэхэд санаа тавьж, сэтгэл гаргаасай хэмээн Элчин сайд М.Такаокад сайн сайхныг хүслээ.