ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Өдрийн од”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-18

Монголчууд бухимдаж байна. Эрүүл ухаантай нь байтугай хагас галзуучууд нь хүртэл Төрийн ордон, Төв талбай, Нийгмийн даатгалын ерөнхий газрын үүдэнд дор бүрнээ бодсон санасан үгээ цаасан дээр биччихээд жагсаж, үзэл бодлоо илэрхийлж байх юм.

Жил бүхэн “бүсээ чангал” хэмээн дарамтлах төрийн дарамтыг тэсэхээ больсон учраас л “Төрийн ордны хаалгыг нь эвдээд ор” хэмээн хашгирч, аргаа барахдаа зодмоор байна гэлцэн, бие биеэ дэвэргэж, бухимдал уураа гаргаж байх ажээ. Тэгвэл энэ бүх эсэргүүцэл, тэмцлийн оройд нь биш юм гэхэд олны дунд байх ёстой нэг л хүн дутуу байсан нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар юм.

Харин нийгмийн даатгалын шимтгэлийг эсэргүүцсэн олны олны дунд түүнийг бас л байхгүй байх вий гэж битүүхэн түгшиж байсан ч энэ удаа харин гэгээн дүрээ харуулж, “үндсэн ажлаа” хийлээ. Тэр иргэн нэг бүрийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр Их сургуулийг нь хүртэл төгссөн мэргэжлийн хүн. “Хөдөлмөрийн эдийн засагч-Үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулагч”-аар төгссөнөөс хойш яг энэ салбартаа мэргэшиж яваа хүн.

2008 оноос хойш Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад удирдах албан тушаал хашиж, хоёр ч удаа улиран сонгогдлоо. Иргэн нэг бүрийн эрх ашиг салбар болгонд хэрхэн зөрчигдөж байгааг хамгийн сайн мэдэх нэгэн учраас ард түмний эсэргүүцлийн жагсаалыг оройлж явах учиртай. Гэхдээ тэр ихэнхдээ ард нийтийн жагсаалыг Төв талбайн ард байх албан өрөөнөөсөө ажигласаар хэдэн жилийг үдсэн билээ.

Уг нь эдгээр жагсаалын тэргүүн эгнээнд явах учиртай биз дээ. Гэвч хэчнээн ч жагсаалыг албан өрөөнөөсөө ажиглав даа. 11 жил энэ байгууллагад сууж буйн хувьд ард түмний эсэргүүцлийн жагсаалууд эрхбиш буруу зүйлийн төлөө биш гэдгийг ойлгодог биз ээ. Хэн ч оффисын өрөөнөөсөө “Ард түмний эрх ашиг зөрчигдөж байна. Гурван талт хэлцлээр тохирсон ч Засгийн газар хэлсэндээ хүрсэнгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгаа нь бидний дургүйцлийг хүргэж байна” гэж ярилцлага өгч чадна. Ярьдаг шигээ ажлаа хийдэг бол хэчнээн сайхан байх вэ.

Дургүйцлээ ажлын өрөөндөө, эсвэл хэвлэл мэдээллээр биш төв талбайд гарч ирээд, түмэн олонтойгоо хамт илэрхийлдэг бол тэр л жинхэнэ хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалагч. Гэвч тэр эрх ашгаа хамгаалах гэсэн түмний жагсаалд өдрийн од шиг ховорхон үзэгддэг хүн. Харин иргэний эрх ашиг зөрчигдөж буй яг энэ цагт ажлаа хийж, хальт ч бол царайгаа харуулсанд талархлаа.

Хэвлэлийнхэн бид иргэний дуу хоолойг төрд хүргэх, эрх барьж буй улс төрийн хүчинд дайж буй ард түмний үгийг үзгээрээ, микрофоноор дамжуулан хангалттай хүргэж байна. Харин та одоо жагсаж, тэмцэх ээлж чинь. Энэ эрчээрээ ажлаа хий. Бид ч таны үгийг, таны жагсаалыг төрд хүргэе. Нохойд барьдаг мод гэдэг шиг хэдхэн хүнийг өмнөө бамбай болгочихоод өөрөө албан тасалгаанаасаа амьдрал зааж сууна гэвэл түүн шиг үлгэр байхгүй билээ.