ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Тэмүүлэн: Давхар дээлийг 100 хувь тайлж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байхаар өөрчилсөн бол цогц өөрчлөлт болох байлаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-19

19 жилийн дараа шинэчлэн баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийг өөрчлөх тухай асуудлыг олон жил ярьсны эцэст энэ парламент шинэчлэн баталлаа. Энэ удаагийн өөрчлөлт нийгмийн хүлээлтийг хэр хангасан өөрчлөлт болсон гэж харж байгаа вэ?

-1992 онд батлагдсанаас хойш тооцвол 27 жилийн дараа Үндсэн хуульдаа томоохон өөрчлөлтүүдийг орууллаа. Ингэхдээ ерөнхий таван суурь зарчмыг баримталсан. Тухайлбал, УИХ-ын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх, шүүхийг хараат бус байлгах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх гэсэн суурь зарчмын хүрээнд өөрчлөлт орууллаа. Мөн Ерөнхийлөгч болон төрийн байгуулалттай холбоотой өөрчлөлтүүдийг хийсэн. Гишүүдийн хувьд маргаантай хэд хэдэн асуудал байсан. 

Caption

Парламентын засаглалтай манайх шиг улсад Ерөнхийлөгчөө парламентаасаа томилдог, сонгодог засаглал руу шилжих нь зөв гэж харж байсан ч энэ заалт орсонгүй. Мөн УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд байхыг хориглох буюу давхар дээлний асуудлыг 100 хувь тайлна гэсэн боловч нэр бүхий гишүүд дэмжээгүй учраас энэ санал унасан. Энэ хоёр заалтаас бусад нь Монгол төрийн тогтолцоонд үүсч байсан хүндрэлүүдийг шийдвэрлэхэд боломжийн хэмжээнд ахиц авчрах өөрчлөлтүүд орлоо гэж харж байгаа.

Хувь хүний сэтгэл ханамжийн баталгаа 80 орчим хувьтай гэж хэлж болно. Хэрэв Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог, давхар дээлийг 100 хувь тайлсан бол маш том цогц өөрчлөлт болох байсан. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэгчлэн Монголын төр нийгэм, эдийн засагт хэрэгтэй томоохон өөрчлөлтийг хийж чадлаа гэж харж байна. Энэ асуудлыг бид сүүлийн гурван жил гаруй хугацаанд ярьж, хоёр жил гаруй ард нийтийн дунд асуулга, хэлэлцүүлгийг орон нутгийн түвшинд хийж байж өнгөрсөн зургадугаар сарын 18-ны өдөр нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Үүнээс хойш УИХ нийт таван сар гаруй хугацаад гурван удаагийн хэлэлцүүлгүүдийг хийж байж Үндсэн хуулийг шинэчлэн баталлаа. 

-Шинэчилсэн Үндсэн хууль ирэх оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Дотроо Ерөнхийлөгчтэй холбоотой заалт гэх мэт хэрэгжих хугацааг нь тусгайлан зааж өгсөн заалт бий. Харин давхар дээлтэй холбоотой заалтад тодорхой хугацаа заагаагүй юм билээ. Тэгэхээр 2020 оны тавдугаар сарын 25-наас буюу хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэнгүүт сайдууд давхар дээлээ тайлна гэж ойлгож болох уу?

-Үндсэн хууль бол батлагдсан цагаасаа л хэрэгжиж эхлэх ёстой. Үндсэн хууль батлагдсантай холбоотойгоор дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Сонгуулийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль  гэх мэт нийт 30 гаруй органик хуулийг өөрчилнө. Органик хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Үндсэн хуульдаа нийцүүлэх ажил ирэх хагас жил гаруй хугацаанд үргэлжлэх байх. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг энэ удаагийн УИХ нэг мөр, хариуцлагатайгаар бүрэн хийж дуусгах нь маш чухал. Ирэх оны тавдугаар сарын 25-наас эхлээд Үндсэн хуулийг хэрэгжүүлэх ажил засаг төр, нийгмийн бүх түвшинд тавигдана. Хамгийн гол нь хуулийг цаг хугацаа алдалгүйгээр хэрэгжүүлэх ёстой. Тавдугаар сарын 25-наас Засгийн газрын сайд нар хуулийн дагуу давхар дээлээ тайлж, чөлөөлөгдөөд явах уу, сонгуульдаа явах уу гэдэг нь хуулийнхаа хүрээнд л шийдэгдэнэ. 

-Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр насны босгыг нэмлээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн насыг 55 болголоо. Энэ ер нь хэр өөрчлөлт, дэвшил авчирсан заалт болсон бэ? 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гурван эрх бүхий албан тушаалтанд насны босго тавьсан. Төрийн байгууллагын үүрэг хариуцлага, ёсзүйг дээшлүүлэх үүднээс асуудлыг настай уялдуулж өгч байгаа гэсэн үг. Өнөөдөр ямар ч гоё тогтолцоо, ямар ч сайн хууль байгаад хүн нь муу, ёс зүй, төлөвшилгүй бол үр дүнгүй. Энэ үүднээс Цэцийн гишүүдийн насны доод хязгаар 40, шүүгчдийнх 30, Ерөнхийлөгч 55 байх ёстой гэсэн хязгаарыг тавьж өглөө. Энэ нь зарчмын хувьд тухайн хүний ажил мэргэжлийн дадлага, туршлагыг төлөвшүүлэх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн өөрчлөлт гэж харж байгаа. Нэг удаа сонгогддог байх асуудал бол зайлшгүй байх ёстой шаардлага мөн.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн хувьд бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил гэж үзвэл үүний 2-3 жил нь сонгуулийн жил байдаг. Нэг жил нь УИХ, дараагийнх нь орон нутгийнх, Ерөнхийлөгчийнх гээд бүрэн эрхийн хугацааны гурван жил нь сонгуулийн жил болчихдог. Ерөнхийлөгч намаас бүрэн чөлөөлөгдөж, улс төрөөс ангид байх амлалт өгөөд орж ирдэг хэдий ч дахин сонгогдохтой холбоотой намын нөлөөлөл байж л байдаг. Сүүлийн 28 жилийн хугацаанд бид долоон удаа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахдаа таван Ерөнхийлөгчийг сонгосон байна. Ерөнхийлөгч болгоны ард улс төржсөн, талцаж хагарсан асуудлууд байнга яригддаг.

Caption

Тэгэхээр энэ нь хүнээсээ биш тогтолцооноосоо болоод байна. Тогтолцоо нь буруу учраас хүнийг нь эвдээд байгаа гэсэн үг. Эхний сонгогдсон хугацаагаа дараагийн сонгуулийн үйл ажиллагаанд зориулж, тухайн намаасаа дахин нэр дэвших эрхээ авахын төлөө тухайн намдаа ажилладаг байдал ажиглагддаг. Хоёр дахь удаагаа сонгогдохдоо илүү эх орныхоо төлөө, төр нийгмийнхээ төлөө ажиллах хүсэл, эрмэлзэл, хандлага төлөвшөөд байгаа нь ажиглагддаг. Тухайн хүн хүссэн ч, хүсээгүй ч улс төрийн намаас нэр дэвшиж байгаа, намаасаа дэмжлэг авах ёстой.

Тэгэхийн тулд намынхаа төлөө ажиллах ёстой гэсэн логик шаардлага хүссэн, хүсээгүй гарч байгаа. Хэрвээ анзаарч байгаа бол хэн  Ерөнхийлөгч болно, тухайн хүний нэр дэвшсэн намын  нөлөө бүхий улстөрчид Ерөнхийлөгчийн тамгын газарт дүүрч, өндөр албан тушаалуудад очдог. Энэ бол Монголын төрд нүүрлэсэн хэт их улстөржилт, хэт намчирхал, талцлын төрийн албаны аль ч шатанд байгаагийн илрэл юм. Уг нь бол Ерөнхийлөгч нь ирээд буцдаг, Тамгын газар, аппаратад нь байгаа хүмүүст хэзээ ч өөрчлөлт, ямар нэг хөдөлгөөн хийгддэггүй, мэргэшсэн баг бүрэлдэхүүн байнгын байдлаар ажиллаж байвал зүгээр.

Харин нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр ганцхан удаа сонгогдох өөрчлөлт хийгдсэн учраас дахин сонгогдохын тулд намын төлөө ажиллах шаардлагагүй болно гэсэн үг. Та зургаан жилийн бүрэн эрхийнхээ хугацаанд өөрийн нэрээ Монголын төрд ямар байдлаар, хэрхэн дархалж үлдээх вэ, түүнийхээ төлөө ажилла гэдэг ганцхан шаардлага л бий болж байгаа юм. Тэгэхээр энэ заалт бол төрийн тэргүүн төрийнхөө төлөө хоёргүй сэтгэлээр, улс орны эв нэгдлийг хамгаалах эрх бүхий албан тушаалтны үүргээр ажиллахад ташуур болсон  чухал заалт боллоо гэж бодож байна. 

-Сонгууль бүрийн тоогоор сонгуулийн тогтолцоогоо өөрчилж байна гэж шүүмжилдэг. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ асуудлыг нэг тийш нь болгох ёстой байсан юм биш үү. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг Үндсэн хуульд оруулахаар хоёр тал зөвшилцөлд хүрлээ гэж байсан хэдий ч унагаачихсан? 

-Долоон сонгуулийн ард дүгнээд үзэхэд сонгууль болгоны өмнө сонгуулийн тогтолцоогоо өөрчилж ирсэн. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь Монголын төрд хэрэгтэй юу, үгүй. Монголын ард түмэнд хэрэгтэй юу, бас л үгүй. Тоглоомын дүрэм эхнээсээ ойлгомжтой бөгөөд тодорхой л байх ёстой гэдэг зарчмыг ямар ч асуудалд тавьдаг. Тэгвэл сонгуулийн тогтолцоогоор байн байн оролдоод байх шаардлага огт байхгүй. Уг нь сонгуулийн тогтолцоог нэг мөр, цаашдын 20, 30 жил хугацаанд мөрдөх, Монголын нийгмийн төлөвшилд хэрэгтэй сонгуулийн тогтолцоо энэ байх ёстой юм байна гэдгийг Үндсэн хуульдаа оруулаад, баталгаажуулаад явсан бол илүү хэрэгтэй байсан.

Харин холимог тогтолцооны хувьд Монголын нийгэм үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны сонгуулиар явж байхад иргэдийн зүгээс холимог тогтолцоо буюу намын жагсаалтыг болиулж өгөөрэй гэдэг шаардлагыг л тавьж байсан. Иргэдийн ярьж байгаа гол асуудал нь жагсаалтын ард буюу намын ард нуугдаж орж ирдэг, тойроггүй, буцах хаяг, буух эзэнгүй гишүүдийг битгий оруулж ирээч гэж байгаа юм. Холимог тогтолцооны хамгийн эрсдэлтэй тал нь энэ. Тийм учраас нийгэм энэ тогтолцоог хүлээж авахгүй байна.

Холимог тогтолцоогоор бид хоёр, гурван ч удаа сонгууль зохион байгуулсан. Тийм ч учраас ард түмэн үүнийг хэрэгтэй юу үгүй юу гэдгийг ойлгочихсон. Үүнээс гадна холимог тогтолцоо манай орны нөхцөлд яагаад ч боломжгүй юм. Яагаад гэвэл, нэр дэвшигчдийн гуравны нэг буюу 25 нэр дэвшигчийг нэг намаас сонгох хэрэгтэй болж байгаа. Ингэхээр 30 нам байлаа гэхэд нийт 750 хүнээс та өөрийнхөө дэмждэг 25 хүнийг сонгох болно. Энэ нь цаг хугацааны хувьд ч, техник технологийн хувьд ч боломжгүй асуудал.

750 хүний жагсаалт гэдэг 30 орчим хуудас болно. Үүнийг уншуулахад хэчнээн өдөр шаардагдах вэ. Техникийн шийдэл нь байна уу. Хоёрдугаарт, улс төрийн намуудын төлөвшилтэй холбоотой шударга зарчим нэр дэвшигчдэд хангагдах эсэх асуудал үүснэ. Өнөөдөр эмэгтэйчүүд болон залуучуудын оролцооны асуудлыг ярьж байна. Холимог тогтолцоогоор явснаар бид шударга зарчмыг хадгалж чадах уу гэдэг асуудалтай. Холимог тогтолцоогоор явбал, жагсаалтын эхэнд хэзээ ч эмэгтэйчүүд болон залуучууд жагсахгүй нь ойлгомжтой. Жагсаалтын эхэнд хэн байх вэ гэдэг нь тухайн нам болон намын дарга нараас бүрэн хамааралтай болно. Улс төрийн намын даргатай хамгийн ойр байдаг хүн эсвэл тухайн намын эрх мэдэлтнүүд эхэнд жагсана.

Тэгэхээр эхний 5-10-т хэн орно тэр хүн  сонгогдох боломж илүү болно. 2016 оны сонгуулийн үеэр  иргэдийн дэмжлэг ихтэй, суудал баталгаатай болсон жижиг намуудын жагсаалтад орохын тулд бизнесменүүд, эрх мэдэл бүхий хүмүүс хөрөнгө мөнгө амлаж байгаа сураг дуулдаж л байсан.  Холимог тогтолцоо хүссэн ч, хүсээгүй ч ийм л байдал руу оруулна. Тэгэхээр энэ тогтолцоо нь шударга зарчмыг хангахгүй юм байна. Эмэгтэйчүүд болоод залуучуудад үйлчлэхгүй тухайн нам болон намын дарга нарт эрх мэдлийг төвлөрүүлж байгаа асуудал болно. Шударга биш юм байна гэдэг асуудал тавьж байгаа юм. Өөрөөр хэлбэл улс төрд хэдхэн хүнийг дархлах асуудал үүснэ гэсэн үг.

10, 20 жил улс төрд суусан хүмүүс болж байна , үгүй юу. Болохгүй бол цэг тавьдаг байх шударга, ардчилсан сонгуулийн тогтолцоо нь бидэнд илүү хэрэгтэй байна гэдэг үүднээс энэ тогтолцоог хэрэггүй гэж үзсэн учраас олонхи гишүүд эсрэг санал өгсөн болов уу. Сонгуулийн өмнө тогтолцоог өөрчлөх нь төрд ч, ард түмэнд ч хэрэггүй. Зөвхөн улс төрийн нам, улстөрчид, эрх мэдэлтнүүдэд ашигтай. Ард түмний хүсээгүй зүйлийг бид хүчилж болохгүй гэдэг зарчмаар л явсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа тохиолдолд намын эрх ашгаас илүү улс эх орны эрх ашгийг илүүд үзэх нь суурь зарчим байх ёстой.

-Давхар дээл тайлахтай холбоотой заалтад хугацаа заагаагүй учраас сайд нарыг давхар дээлээ одооноос тайлахыг шаардаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Ийм асуудал яригдаж байгаа юм уу? 

-Уг нь нэгэнт шинэ Үндсэн хууль батлагдчихсан учраас улс төрийн мэдрэмжтэй нам, лидерүүд  энэ шийдвэрийг дор нь гаргах ёстой байх. Бид баталсан Үндсэн хуульдаа нийцүүлж ажиллах ёстой гээд Үндсэн хууль хэрэгжиж эхлэх хугацааг хүлээлгүйгээр шийдвэрүүдээ гаргаад явах нь зөв.

Энэ бол улс төрийн зөв төлөвшил, ёс зүйн асуудал учраас зөв зүйлийн төлөө заавал хугацаа хүлээлгүйгээр улс төрийн шийдвэрүүдээ гаргаад явах нь зөв. Одоогоор ийм асуудал яригдаагүй байгаа ч ер нь бол байх ёстой зарчим нь энэ  гэж харж байгаа. Өнөөгийн парламентын гишүүдийн 30 гаруй нь гурван жилийн хугацаанд давхар дээлтэй байгаад үзчихсэн хүмүүс. Нэг талаасаа УИХ гэдэг сайдын дамжаа шиг болчихоод байгаа юм. Нэг ёсондоо гүйцэтгэх засаглал болоод хууль тогтоох дээд байгууллага хоёрын хооронд хэм хэмжээ, зааг, ялгаа байхгүй болчихоод байна. Үүнийг нь зааглаж, тус тусад нь байлгах нөхцөл боломжийг хууль, эрхзүйн хүрээнд бий болгох ёстой. Үүний эхний алхмыг нь энэ удаагийн өөрчлөлтөөр хийлээ гэж харж байгаа.

Парламентын засаглалтай орон гэж Засгийн газраа УИХ нь томилохыг хэлдэг болохоос биш парламент нь Засгийн газрынхаа өмнөөс засаглахыг хэлэхгүй. Монгол Улс шиг Засгийн газрынхаа эрх, үүрэг рүү хэт ордог байдал төлөвшсөн парламенттай орнуудад байдаггүй. “Төрийн эрх барих дээд байгууллага нь парламент байна” гэсэн заалтыг ашиглан хэт эрх мэдлийг бид өөрсдөдөө олголоо. Өнөөдрийн хувьд УИХ Засгийн газарт хариуцлага ярья гэхээр өөрөө өөртөө хариуцлага ярьж байгаагаас өөрцгүй болчихсон. Аливаа юманд хэмжээ, хязгаар гэж байх ёстой байх. Өнөөдөр бид төлөвшсөн буюу сонгодог парламент жишиг рүү явах зайлшгүй шаардлагатай. 

Парламентын үндсэн үүрэг бол хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих. Засаглалын тэнцвэртэй байдал алдагддаг өнөөгийн гажуудлыг засах боломж нь давхар дээлийг тайлах. Уг нь энэ гажуудлаас бүр мөсөн гаръя гэвэл Ерөнхий сайд нь ч УИХ-ын гишүүн байх ёсгүй. Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байж болдог жишгээр, логик талаасаа Дээд шүүхийн Ерөнхий шүүгч УИХ-ын гишүүн байж болох нь.

Ерөнхийлөгч ч мөн УИХ-ын гишүүн байж болох юм. Энэ мэт логик алдаанууд Үндсэн хуульд байна. Тэгэхээр өнөөгийн энэ жишиг буруу байна гэдгийн бодит жишээ энэ. Уг нь төрийн байгуулал, засаглал хоорондын ялгааг 100 хувь зааглаж гаргах хэрэгтэй байна. Ийм өөрчлөлт, зохицуулалт хийснээр буруудана гэсэн ямар нэг магадлалын онол байхгүй. Гэхдээ чамлахаар чанга атга гэдэгчлэн давхар дээлний асуудлыг эхний ээлжинд тодорхой хэмжээнд хязгаарлаж чадлаа. 

-Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээр хэнийг томилж, хэнийг халах нь эрхийнх нь асуудал боллоо. Ерөнхий сайдын зүгээс оруулж ирж байгаа хүмүүст УИХ-аас ямар нэг цензур, шалгуур тавих эрхтэй юу. Ерөнхий сайд санал болгосон л бол тухайн хүн шууд томилогдох уу?

-Үүнийг заавал Үндсэн хуульд оруулалгүйгээр органик хуулиар зохицуулж болно. Засгийн газрын тухай хууль юм уу, Төрийн албаны тухай хуульд ч юмуу энэ асуудлыг зааглаж, цензур, шалгуур, шаардлага, хязгаар тавьж өгч болно. Ер нь бол УИХ-ын гишүүдэд тавьдаг шаардлага гэж байхгүй байна. Ажил мэргэжлийн болоод мэдлэг боловсролын шалгуур бараг алга. Засгийн газрын сайд нарт ч гэсэн шалгуур байхгүй.

Мэдлэг боловсрол, ажил мэргэжил, мэргэшил шаардлага заавал сайд нарт тавигдах ёстой. Сайд гэдэг тухайн яам, салбарыг удирдаж, толгойлж байгаа хүн. Тэгэхээр сайд болох хүн салбарынхаа асуудлыг сайн мэддэг, мэдэрдэг хүн байх ёстой. Мэргэжлийн байх шалгуур бол нэгдүгээр асуудал. Мэргэжлийн хүн гэж төрийн албанд анхан шатнаас нь эхлээд сайд болох хүртлээ, ядаж л салбартаа яамны хэлтэс, газрын дарга хийж үзсэн байх ёстой гэдэг шаардлагыг тавьж өгөх нь зөв.

Магадгүй тухайн сайд 10-аас доошгүй жил тухайн салбарт тууштай ажилласан, тухайн салбарынхаа асуудлаа мэддэг, дуу хоолой нь болох бололцоотой байх хэрэгтэй. Ингэж байж мэргэжлийн байх гэдэг шалгуур хангагдана. Болзол шаардлагыг өндөрсгөж байгаа бол бид өөрчлөлтийг өөрсдөөсөө, төр засгаасаа эхлэх хэрэгтэй. Гэтэл амьдрал дээр тэс өөр салбарын хүн сайд болсон тохиолдол олон байна. Тэгэхээр органик хуульдаа энэ асуудлуудыг тусгаж, зааг ялгааг заавал гаргаж өгөх хэрэгтэй юм. 

-Шүүх засаглалтай холбоотой өөрчлөлтүүд хэр сайн өөрчлөлт болсон бэ. Нийгмийн зүгээс хүсээд байгаа хүлээлтийг хангаж чадах болов уу?

-Шүүх засаглалтай холбоотой өөрчлөлтөд би үнэндээ сэтгэл дундуур байгаа. Өнөөдөр хонгилын түлхүүрийг хэн атгаж байна, тэр хүн хүчтэй байна гэдэг асуудлыг ярьж байна. Түлхүүр атгаж байгаа хүн л шүүхийн хараат бус байдлыг алдагдуулсан юм шиг сүүлийн хоёр, гурван жил ярилаа. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар нэг хүн шүүгчээ ч томилдог, Шүүхийн ерөнхий зөвлөлөө ч томилдог, шүүхийн ёс зүйн хороогоо томилдог гээд бүгдийг нь томилоод байхаар шууд хараат болох нөхцөл байдал үүсэж байна. Нэг хүнээс хамааралтайгаар бүх томилгоог шийддэг, нэг хүнд томилгооны эрх мэдлийг өгдөг асуудлыг болиулъя. Шүүгчид дотроосоо өөрсдийгөө томилдог байя гээд гэдэг асуудыг тавьсан. Гэтэл энэ санал унасан. ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг шүүгчид дотроосоо томилдог байя.

Тавыг нь УИХ, Засгийн газар, УИХ-ын холбогдох байнгын хороо томилдог байхаар орууллаа. Гэтэл энэ нь хуучнаасаа дээрдсэн зүйлгүй, гажууд заалт боллоо гэж хувь гишүүнийхээ хувьд харж байгаа. Аливаа гаж буруу тогтолцоо, эсхүл завсрын эрлийз амьтан хүртэл амьдрах чадвар сул байдаг байгалийн хатуу хуультайг бид санах ёстой. УИХ, ЗГ томилгоонд оролцохоор дээрдэх юм байхгүй. Ер нь  зарчмын хувьд Үндсэн хууль аливаа улс оронд байхын гол үндэс, шалтгаан бол төрийн эрхийг хамгаалах бус, төрөөс иргэдийн эрхээ хамгаалахад оршино гэж ойлгодог. Тийм учраас л Үндсэн хууль гэж байдаг. Үндсэн хуулиараа бид иргэдээ, хүнээ хамгаалах, хараат бус шүүхээ бий болгох асуудал бодох ёстой. Шүүх засаглал улстөрөөс ангид байж сая хүчтэй байна.

Бид хонгил үүсчлээ гэж санаа зовж байснаа, яг нөгөө хонгилтойгоо тэмцэх дээрээ тулахаар ухарч болохгүй. Аль нэг байгууллагад томилгооны эрхийг нэмснээр шүүхийн хараат бус байдал сайжирна гэж байхгүй. Тавигдах шаардлага, ажил мэргэшил, дадлага туршлага, ёс зүйн асуудлыг хөндөж байж хараат бус, бие даасан байдал төлөвшинө. Мэргэжлийн чадвартай, чансаатай хүмүүсээ дотроосоо гаргадаг, томилдог тогтолцоо хамгийн эрүүл гэж хувь хүнийхээ хувьд боддог. Тиймээс бид шалгуурыг нь өндөр тавьж өгөөд, дотроосоо томилдог байх тогтолцоог л оруулах ёстой. Тэгэхгүй бол магадгүй суманд шүүгч хийж байх ёстой хүнийг Ерөнхий шүүгчээр томилчихвол яах вэ.

Хүссэн хүсээгүй төрийг барьж байгаа нь нам учраас намын эрх мэдэлтнээс томилгооны эрх авч байгаа хүмүүс тэнд очоод байна гэсэн үг. Ийм байхад шүүх хараат бус байх баталгаагүй. Томилгоогоор очсон хүн зөв шийдвэр гаргана гэсэн баталгаагүй. Хэн гэдэг шүүгчийг хэн гэдэг дарга томилох вэ гэдэг асуудлыг л зарчмын хувьд яриад байгаа юм. Энэ хандлага нь өөрөө буруу. Харин бид тухайн шүүгчид ямар ёс зүйн, мэдлэг боловсрол, мэргэшлийн шаардлага тавих вэ гэдэгтээ илүү анхаарах ёстой. Аль нэг байгууллагад томилгооны эрх мэдлийг нэмэгдүүлснээр хараат бус байдал төлөвшихгүй. Харин мэргэжлийн ур чадвар, ёсзүйн хэм хэмжүүрийг тавьж байж хараат бус байдал жинхэнэ утгаараа төлөвшинө.