ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төрийн мэдлийн төмөр замаа угсарч эхэллээ

А.ОДСҮРЭН
2019-11-21

-Төмөр замчид эхний долоон км замыг энэ онд багтаан угсрахаар төлөвлөснөөс 1.9 км-ыг нь тавьжээ-

 

Монгол Улс анх 1949 онд хойд хөрш рүүгээ гарах төмөр замтай болсноос хойш өнөөдрийг хүртэл 70 он улирчээ. Монгол Улс Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгээ УИХ-аар баталснаас хойш даруй есөн жил өнгөрсөн. Төр бодлого гаргаж, хүнд үзүүлэх баримт бичигтэй болсон ч өнөөг хүртэл ганц ч км төмөр зам шинээр тавиагүй. Харийнхны эрх ашгийн төлөө зарим төрийн түшээд төрийн бодлогынхоо эсрэг ажилласны уршгаар нэг ч км төмөр зам тавьж чадалгүй арав дахь онтойгоо золгосон юм. Харин 2019 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр ҮАБЗ-ийн зөвлөмж гарсны дагуу мөн оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Засгийн газар Тавантолгойгоос Зүүнбаян чиг­лэлд 414.6 км төмөр зам барих шийдвэрийг гаргаж чадсан юм. Бүтээн байгуулалтын ажил ч цагтаа эхэлсэн. Эхний долоон км замыг “УБТЗ” ХНН-ийн инженер техникийн ажилтнууд энэ онд багтаан угсрахаар төлөвлөсөн бөгөөд эхний 1.9 км замыг хоёр хоногийн өмнө угсарсан байна. Энэ замын захиалагч нь “МТЗ” төрийн өмчит компани бөгөөд төмөр замын доод бүтцийг ЗХЖШ, аж ахуйн нэгжүүд, харин дээд бүтцийг “УБТЗ” ХНН-ийнхэн гүйцэтгэж бай­гаа юм.

Харин суурь далан­гийн ажлыг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 21 аж ахуйн нэгж 180 километр, Дорноговь айм­гийн Мандах суманд Зэв­сэгт хүчний 340 дүгээр анги, найман аж ахуйн нэгж нийлээд 50 кило­метр, Зүүнбаянд Зэвсэгт хүчний төмөр замын хээрийн 7781, 7782 дугаар ангиуд, 13 аж ахуйн нэгж нийлээд 80 километр, гүүр барих ажлыг гурван аж ахуйн нэгж, хоолой барих ажлыг Зэвсэгт хүчний 017, 338, төмөр замын хээрийн 7781, 7782 дугаар ангиуд болон хяналтын ком­паниуд хамтран гүй­цэтгэж байгаа юм. Төмөр за­мын бүтээн бай­гуу­лал­тын ажилд 2019 оны арван­нэг­дүгээр сарын 19-ний байдлаар нийтдээ 58 аж ахуйн нэгж, 2218 техник, 3478 хүн хүч ажиллаж байгааг албаны эх сурвалж хэлж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор трассын дагуух 30 километрийн радиуст орших ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар эдийн засгийн эргэлтэд орно гэсэн үг. Ингэснээр уул уурхайн олборлолтоос төсвийнхөө дийлэнх хувийг бүрдүүлдэг Монгол Улсын эдийн засагт маш их үр нөлөө үзүүлэх юм.  Тухайлбал, Тавантолгойн нүүрсний ордоос гадна Цагаан суваргын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд энэ төмөр замын трассын дагуу оршдог билээ. 

Монголчууд бүтээн байгуулалт хийж чадна, зэвсэгт хүчний дайчид, инженер техникийн ажилтнууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, төмөр замчид юу чаддагаа харуулж байна. Энэ төмөр замыг барьж чадна гэдэг итгэлийг Дорноговь аймгийн Сайншандаас Алтанширээ сум руу буюу  Монголын газрын тосны үйлдвэр рүү барьсан 27 км төмөр замыг монголчууд өөрсдөө барьж, хугацаанаас нь өмнө ашиглалтад өгсөн явдал харуулсан юм. Тэд өдөрт гурван километр, долоо хоногт зургаан км төмөр замыг өөрсдийн хүчин чадлаар барьсаар жил гаруйн хугацаанд 27 км төмөр замыг барьж дуусгасан юм. 

Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлд тавигдаж буй 414.6 км төмөр замыг барих шийдвэр бол Монгол Улс тусгаар тогтносон түүхийн хуудаснаа анх удаа харийн ямар нэг гүрний оролцоо, ашиг сонирхлоос ангид Монголын төр бие даан шийдвэр гаргаж чадсан том бүтээн байгуулалтын эхлэл. Энэ төмөр зам нь ЕвроАзийн олон улсын нэгдсэн сүлжээнд холбогдсон, 100 хувь төрийн мэдлийн өмчит төмөр зам байхаараа онцлог. Хэдийгээр Хиагтаас Замын-Үүд хүртэлх босоо тэнхлэгийн төмөр зам ЕвроАзийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэдий ч энэ төмөр замын 50 хувь нь ОХУ-ын мэдлийнх гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Тавантолгой-Зүүнбаян чиг­лэ­лийн төмөр замыг анх удаа дотоо­дынхоо санхүүжилтээр, монгол ин­женерүүдийнхээ зааварчилгаагаар, зэвсэгт хүчний дайчдаараа, Монголын төмөр замчдаараа тавиулж байгаа анхны төмөр зам гэдгээрээ түүхэн үйл явдал болно. Хэдийгээр Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 267 км төмөр замыг 2013 онд “МТЗ” компани Монголын 13 туслан гүйцэтгэгч компани авч суурь бүтцийн ажлыг эхлүүлсэн ч Монголын язгуур эрх ашгаас урвасан нэр бүхий улстөрчдийн гайгаар ердөө хоёрхон зун ажиллаад зогссон гашуун түүхтэй. Харин одоо цагийн аяс өөрчлөгдөж төрийн удирдлагууд бүтээн байгуулалтын төлөө, Монгол Улсынхаа язгуур эрх ашгийн төлөө нэгдэж чадлаа. Энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжид, Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн төмөр замыг 2019 онд эхлүүлж Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыг 2020 он гэхэд тус, тус дуусгаж ашиглалтад өгөх, хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн татварын дараах ашгаас бонд худалдаж авах замаар гаргах чиглэл өгсөн билээ. Төмөр замын санхүүжилтыг “МТЗ” ТӨХК 750 тэрбум төгрөгийн хаалттай бонд гаргаж “Эрдэнэс Тавантолгой” компани 20 жилийн хугацаатай, хүүгүйгээр худалдан авахаар болсон юм. 

Анх энэ төмөр замыг монголчууд өөрсдөө, зэвсэгт хүчний анги нэгтгэл, цэргүүд тавина гэхэд олон хүн компьютерийн араас цэцэрхэж, цэргүүд юу ч хийж чадахгүй, төмөр замыг цэргүүдээр бариулна гэдэг үлгэр, зэвсэгт хүчнээс тэрбумтан төрөх нь, цэргүүд бослого гаргавал яах вэ, эмэгтэй цэргүүд нь яаж хуаранд байрлах юм гэсэн цэцэр­хэл, басамжлал доромжлолоор булж байлаа. Цагийн манаанд минут ч зогсож үзээгүй Монгол Улсын баатар цолтой хүн бүр ч ихээр эсэргүүцэж байлаа. Гэтэл тэдний энэ басамжлал доромжлолын хариуг тангараг өргөсөн эр цэргүүд, төмөр замчид маань ажлаараа харуулж байна. “Цэрэг арми нь бүтээн байгуулалтад оролцдог олон улс орон бий. Америк, Хятад, Оросын арми, инженерийн ротууд улсынхаа томоохон бүтээн байгуулалтад оролцдог, Монголд анхны инженерийн байгууламжийн маш том анги нэгтгэл бий болох эхлэл суурь тавигдаж байна. Цэргүүд цалинтай ажиллана. Хоёр жил ажиллаад хадгаламжиндаа 50 сая төгрөгтэй болоод харина” гэж энэ төмөр замын бүтээн байгуулалтыг удирдан явуулж буй зохион байгуулагчид хэлж байсан.

Тийм ээ, монголчууд бүтээн бай­гуу­лалтаа өөрсдөө хийж байна. Чадаж байна. Ирэх онд Тавантолгой-Сайншандын чиглэлийн төмөр зам баригдаж дуусахад тээвэрлэлтээс болж ашиглаж чадахгүй байгаа хэд хэдэн ордууд эдийн засгийн эргэлтэд орж, монголчууд ашгаа хүртэж эхэлнэ. Энэ бол яалт ч үгүй баярт мэдээ.