ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

20 нас хүрээгүй бүсгүйчүүд өрх толгойлох нь ихэсч байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-21

УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооноос “Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар  авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт  өрх толгойлсон эмэгтэйчүүдээс гадна тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол,  НХХЯ-ны Төрийн нарийн  бичгийн дарга Г.Өнөрбаяр, Үндэсний статистикийн ерөнхий газрын дарга А.Ариунзаяа тэргүүтэй албаныхан оролцож шаардлагатай мэдээ мэдээлэл, цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өгсөн  юм. 

Манай улсын 3.2 сая иргэн 895 мянган өрхөд хуваагддаг аж. Эдгээр өрхийг  тэргүүлэгчээр нь авч үзвэл тэндээс 72 мянга орчим нь эмэгтэйчүүд, 20 мянга нь өрх толгойлсон эрэгтэйчүүд байгаа гэсэн статистик судалгаа гарчээ. Үүнийг дахин задалж 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон 36 мянган эмэгтэй,  7400 орчим эрэгтэй бий гэсэн судалгаа гаргасан гэв.  Нөгөө талаас өнгөрөгч онд 21 мянга  хос гэрлэсэн бол  гэр бүл цуцлалт 4000 гаруй байжээ. Гэхдээ сүүлийн арван жилийн хугацаанд авч үзэхэд,  2016 оноос хойш буурсан үзүүлэлттэй байна гэлээ. Буурч буй шалтгааныг  нийтээрээ гэр бүлийн  тогтвортой байдал,  үнэ цэнийг  анхаарч байгаа  гэж судлаачид үзжээ. Харамсалтай нь  гэр бүл салалт залуужиж, охид хүүхдээ тэжээх үүрэг хариуцлага хүлээж байгааг албаныхан онцолж байлаа. 

 

Эрэгтэйчүүдийн  хөгжилд түлхүү анхаарах ёстой

Үндэсний статистикийн ерөнхий газрын дарга А.Ариунзаяа ярихдаа, “Гэр бүл цуцлуулж байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь наймаас дээш жил хамт амьдарсан,  хуучин  хосууд байгаа юм. Сүүлийн үед жендэрт суурилсан хүчирхийллийн  талаар ярих болсон. Энэ судалгааг  өнгөрсөн онд НҮБ-ын Хүн амын сантай хамтран гаргасан байдаг. Судалгааны дүнгээр манай улсын гурван эмэгтэй тутмын нэг нь хамтран амьдарч байх хугацаандаа хамтрагчийнхаа үйлдсэн хүчирхийллийн хохирогч болсон. Харин арван эмэгтэй тутмын  нэг нь жилийн хугацаанд гэр бүлийн  хүчирхийлэлд өртсөн гэсэн судалгааны дүн гарсан. Гэтэл цагдаад мэдэгдэж, хуулиар  хамгаалалтад орж байгаа эмэгтэйчүүд нэг хувьд ч хүрэхгүй. Эргээд гэр бүлийн хүчирхийллийн эх үүсвэр нь юу болох, юунд анхаарах ёстой юм гэсэн асуудлыг  хөндөх ёстой. Сүүлийн 10-20 жилийн хугацаанд    эмэгтэйчүүдийн  хөгжлийг түлхүү ярилаа. Гэтэл  түүний цаана эрчүүдийн хөгжил орхигдож байгаа. ЭЕШ-ын өндөр оноог хөвгүүдээс охид нь илүү авч байна, боловсрол эзэмшиж буй байдлыг нь харахад эмэгтэйчүүд  өндөр боловсролтой байдаг. Хөдөлмөр эрхлэлтээрээ  эмэгтэйчүүд  нь илүү. Гагцхүү цалин хөлсний хувьд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс бага цалин авдаг нь удирдах түвшин эсвэл  өндөр цалинтай бие хүчний хөдөлмөр эрхэлдэгтэй холбоотой. Тэгэхээр эрэгтэйчүүдийн хөгжил, хөвгүүдийнхээ хүмүүжилд анхаарах шаардлагатай байгаа нь харагддаг. Хөвгүүдэд эрүүл, өндөр боловсролтой, соёлтой, гэр бүлийн үнэ цэнэ гэдгийг мэдрүүлснээр эргээд эмэгтэйчүүд, үр  хүүхдүүддээ ч илүү нөлөөтэй байх юм гэдгийг ярих гээд байгаа юм” хэмээлээ.  

Өрх толгойлсон эмэгтэйчүүд бий болдог үнд­сэн шалтгаан нь гэр бүл салалтаас үүдэж байгааг сэтгэлзүйчид онцлов. Мөн эрчүүдийн нас баралт  30 наснаас  хойш их байгаа нь  дэлхий нийтийн анхаарлыг ч татах болжээ. Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүн эрт нас бардаг тоогоор манай улс дэлхийд  тэргүүлдэг гэж хэлж болно. Дараа нь ОХУ ордог бөгөөд үүнд олон хүчин зүйлийг  нэрлэж болох ч сэтгэлзүйн онцлогтой холбон тайлбарлав. Сэтгэл зүйч, доктор Б.Энхбаяр хэлэхдээ,  “Гэр бүл салахад  эхнэр нь  хүүхдээ авдаг жишиг манай улсад нийтлэг.  Энэ асуудалд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл нь сэтгэл зүйн талаас  гэр бүлийн  харилцаагаа амжилттай үргэлжлүүлээд явах хүмүүжил, төлөвшил дутагддаг. Санхүүгийн хувьд доголдолтой байгаагаас гэр бүл цааш явах боломжгүй гэдэг шалтгаанаар салж байгаа юм биш. Үзэл бодол нь нийлэхгүй байгаагаас салах биш, ерөөсөө л харилцаагаа үргэлжлүүлж авч явах чадамж, төлөвшилгүй байгаатай холбоотой. Гэр бүл салалт багатай орнуудад ч бидний хооронд үүсдэг асуудал үүсч л байгаа. Тэд  асуудлаа эерэгээр шийдээд  явчихдаг. Гэтэл манайд ийм тохиолдол бага.  Эцэг, эхчүүд хүүхдээ “онц сурахгүй л бол чи ирээдүйд  ядуу дорой амьдарна” гэдэг зүйлийг хэлдэг болохоос бусадтай харьцах,  тэднийг ойлгох, эрэгтэй, эмэгтэй хүнийг  хүндлэх,  харилцааны чадвартай,  эерэг хандлагатай байх, мэдлэгээрээ биш  мэдрэмжээр ойлголцож чаддаг, сэтгэлийн хөдөлгөөнийг  зохицуулж чаддаг байх талаар  ярьдаггүй. Ийм боловсрол шаардлагатай боловч байхгүй учраас салах шийдвэр гаргаж буй эхнэр, нөхрийн  буруу биш мэт. АНУ, Европын орнуудад сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан буюу EQ  гэдэг зүйлийг их ярих болсон. Энэ нь амьдралаа авч явах чадвар олгодог гэдгийг  ойлгоод  амьдралдаа хэрэгжүүлээд  явдаг. Манайх IQ  руу хэт их анхаарлаа хандуулдаг нь буруу” гэв.

 

Хүүхдийн  тэтгэмжээ 10-20 орчим хувь нь өгдөг

Гэр бүл  бүрэн бүтэн байх ёстой байтал  сүүлийн  жилүүдэд алдагдаж байгаа жишээ та бидний амьдралд,  найз нөхөд, ах дүү нарт тохиолдох нь элбэг болсон. Салсан ч үр хүүхдээ анхаардаг, тэтгэмж олгодог, үүрэг хариуцлагаа ухамсарладаг тогтолцоо байдаггүй нь судалгаагаар, мөн өрх толгойлсон  эмэгтэйчүүдийн ярианаас харагдаж байлаа. Тиймээс энэ асуудлыг чангалах ёстой гэдгийг  УИХ-ын гишүүн, НББСШУ-ы байнгын хорооны дарга Д.Оюунхорол хэлж байсан  юм.  Тэрбээр, “Монголын  нийгэмд 87  мянга гаруй өрх  толгойлсон ээж амьдарч байна. Ганц эмэгтэй үр хүүхдээ өсгөж,  хүмүүжүүлж,  ар гэрээ авч явна гэдэг  маш хүнд  асуудал. Энэ асуудалд  монголын төр анхаарал хандуулж тодорхой өөрчлөлтүүдийг хуульд оруулах, өрх толгойлсон  ээжүүдийг  ажлын байраар хангах, орлоготой болгох, амьдралдаа итгэлтэй байх боломжуудыг олгох шаардлагатай гэдэг үүднээс хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Гэр бүлийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Гэр бүлийн  тухай хуульд  хүүхдийн  өмчлөх эрхийг  хамгаалах асуудлыг хуульчлах шаардлагатай гэж үзсэн. Дундын өмчлөлд бий болсон  өмч хөрөнгөд  хүүхдэд ногдох хувь байдаггүй,  зөвхөн  хүүхдийн  тэтгэмжийн мөнгийг шүүх тогтоосноор хязгаар­ладаг. Энэ бол  шударга бус шүү дээ. Гэр бүлийн  хүн бүр гишүүдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг байх ёстой. Гэр бүлийн дундын  өмчлөл бий болж, хөрөнгийг хүүхэд нэг бүрт эн тэнцүү хуваадаг байх шийдвэрийг хуульд  тусгаж өглөө. Жишээлбэл,  таван ам бүлтэй айлын эхнэр, нөхөр гэр бүлээ цуцлуулсан гэж бодъё. Тухайн өрх 100 сая төгрөгийн үнэ бүхий дундын  өмчлөлтэй байлаа гэхэд гэр бүлийн  таван гишүүнд хуваах ёстой. Тэгэхээр гурван хүүхэд ээж дээрээ үлдэж байгаа  тохиолдолд өмчийнхөө 80 хувийг авах юм. Аав өөрийнхөө хийсэн сонголтын төлөө,  гэр бүлийн гишүүдийнхээ өмнө хүлээгээгүй хариуцлагынхаа төлөө 20 хувийн өмчийг аваад явах ёстой гэж үзсэн” гэв.

Өмнө нь  шүүхээр тогтоолгох асуудлыг тухайн хүний ажил, албан тушаал,  ёс суртахуун,  үзэл суртал,  нөгөө талаас Эрүүгийн хуульд  хүүхдээ тэжээх үүргээс татгалзсан гэж хариуцлага тооцдог байжээ. Энэ тогтолцоо баларсан учир, хүүхдийн тэтгэмжээ 10-20 орчим хувь нь  л өгдөг гэсэн судалгаа гарчээ.Тиймээс хүүхдээ тэжээхээс татгалзсан эцэг, эхэд тооцдог  хариуцлагыг чангаруулах ёстой гэж өрх толгойлсон ээжүүд үзжээ. Амьдралын хүнд  ачааг хэн үүрч байгааг бодолцох цаг хэдийнэ болж. Тиймээс ажлын  байр бий болгох нь  нэн түрүүний асуудал юм. Ингэхдээ бэлэн мөнгө тараагаад угжих боломжгүй учир УИХ-д Итгэлийн зээлийн тухай хуулийн  төслийг  өргөн бариад байгаа талаараа Д.Оюунхорол гишүүн онцолж байлаа. Харин өрх толгойлсон эхчүүд дараах байр суурийг илэрхийлэв. 

С.Даваажаргал: Өрх толгойлсон эмэгтэй­чүүд төсөлд хамрагдаж чаддаггүй учир  өнөөдрийн арга хэмжээ зөв зүйл боллоо. Миний хувьд ганцаараа хоёр хүүхэд өсгөж байна.  Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, амьдралын эрхэнд нийгмийн  даатгал төлж чадаагүй учраас тэтгэвэр авдаггүй.  Нэг хүү маань барилга дээр ажиллаж байгаад  хөлөө гэмтээчихсэн, ажиллах чадвараа бүрэн алдчихсан,  бага хүү тавдугаар ангид сурдаг. Шүүхээр тэтгэмж тогтоолгож авч чадаагүй.  Хэлэлцүүлэгт  яригдаж буй асуудлыг  сонсоход өрх толгойлсон эмэгтэйчүүдэд хэрэг­тэй халамжууд байдаг юм байна.  Бид  тодорхой мэдээлэлгүй байдаг бололтой.

Х.Туул: Би ганцаараа гурван хүүхдээ өсгөдөг. Нөхрөөсөө салаад хоёр жил гаруй болоход  ямар ч тэтгэмж авч үзээгүй. Түүнтэй тэтгэмж,  шүүхийн талаар  ярих гэхээр  өнөөдөр, маргааш  гээд надаас зугтаад байдаг учир сүүлийн үед ярихаа ч больсон. Үр хүүхдийнхээ төлөө хариуцлага хүлээж чадахгүй, бултдаг хүнээс хэдэн төгрөг горьдоод суумааргүй байна. Ажил хөдөлмөр эрхэлж хүүхдүүдээ боловсролтой, мэдлэгтэй, ухаантай хүн болгоно гэсэн хатуу зорилгыг өөртөө тавьсан. Бага охиноо цэцэрлэгт өгчихөөд, боломжийн ажилд ч орж чадсан. Над шиг олон өрх толгойлсон эмэгтэй олон байдаг тухай хэлэлцүүлгээс сонслоо. Гэр бүлээ хаяад  явдаг эрчүүдэд хуулийн  хатуу арга хэмжээ авах  санаачилгыг олон эмэгтэйчүүд дэмжээсэй, эрчүүдэд хариуцлага тооцдог байгаасай л  гэж хүсэж байна. Өрх толгойлж амьдардаг эмэгтэйчүүд хэцүү  шүү дээ. Эхнэр, нөхөр хамт амьдардаг бол  жаргал зовлонгоо хамтдаа хуваалцчихна. Харамсалтай нь өрх толгойлсон эмэгтэйчүүд бүх  зүйлийг  ганцаараа нуруун дээрээ үүрч байгаа. Бидэнд сайхан гэхээс илүү  хэцүү,  бэрхшээлтэй асуудал өдөр тутам л тохиолдох юм. Охин хүүхдээ орой үдэш гэрэлгүй гудамжинд би л тосдог. Охин маань аав байсан бол та гэртээ амраад аав намайг тосох байсан даа гэж дандаа ярьдаг. Энэ мэтчилэн сэтгэлзүйн хүнд асуудал байнга тулгарч байгаа. 

...Ээжүүд ийнхүү ярьж байна. Өрх толгойлсон  эмэгтэйчүүд ямар халамж  авдаг талаарх  мэдээлэл хомс байдаг аж. Энэ тухайгаа хэлэлцүүлгийн үеэр ч хэлж байсан юм. Нийгмийн  халамжийн сангаас 2016-2019  онд өрх толгойлсон эцэг, эхэд дөрвөн төрлийн тэтгэвэр тэтгэмжийг олгодог болжээ. Үүнд:

-18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй,  өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох тэтгэвэр,
-Гурав ба түүнээс дээш насны 14 хүртэлх насны өрх толгойлсон эх, эцэгт олгох мөнгөн тэтгэмж,   /2016-2018/
-Нийгмийн  халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай дөрөв ба түүнээс дээш 18 хүртлэх насны хүүхэдтэй,  гэр оронгүй, өрх толгойлсон эцэг эхэд олгох онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж,

0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон  эх, эцэгт олгох тэтгэмж гэх мэм тэтгэмжүүдийг олгосоор иржээ.