ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хайр даасангүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-21

Монгол Улсын төрийн сүлдний өмнө “...Шүүгч би ёсзүйг чандлан сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч, хуульд заасан хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөсөн хүмүүс гэр бүл үр хүүхдээрээ нэгдэж нийлчихээд өргөсөн тангаргаа нулимж, авлига авч, албан тушаалаа урвуулан ашиглаж, тэр ч байтугай үр хүүхэд, хань ижилтэйгээ хамт төрийн өндөр сэнтийг буртаглаж байгааг нь харах хэчнээн харамсалтай юм бэ. Төрийн тэр их хайр, хүндэтгэлийг дааж чадаагүй дээ юу, эсвэл тэгтлээ их үнэ цэнгүй юм уу энэ тангараг нь хэмээн халагламаар, харамсмаар санагдлаа. “Хэзээ ч тийм зүйл хийх хүн биш дээ” хэмээн хүндэлж, хайрлаж, биширч явсан нэгэн мундаг шүүгч бүсгүй авлигын хэргээр өчигдөрхөн ажлаа өгөхийг харлаа. Тэр бол Монгол Улсын гавьяат хуульч Б.Сарантуяа юм.

1976 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн цагаасаа хойш Төв аймгийн шүүхэд арбитрын байцаагч, Сүхбаатарын районы Ардын шүүхэд нарийн бичгийн дарга, Сонгинохайрхан дүүрэг, Нийслэлийн шүүхийн шүүгчээр ажиллаж, дараа нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд энэ мундаг эмэгтэйг авлига авсан гэхэд хэн ч итгэхгүй. Итгэхийг ч хүсэхгүй биз. Монгол Улсын төрийн сүлдэнд өргөсөн тангарагтаа 43 жил үнэнчээр явсан атлаа хүүтэйгээ, нөхөртэйгөө хамт шалгуулж, ажлаа өгөхөд нь хүн бүхэн гайхаж цочирдож хүлээн авсан даа. Гэтэл, Тагнуулын байгууллагаас бүтэн жил гүйцэтгэх ажиллагаа явуулсан Салхитын мөнгөний ордтой холбоотой 17 шүүгчийн нэг нь тэр байжээ. Бүр хүүтэйгээ хамт шалгуулсан гэдгийг сонсоод олон хүн урам хугарав. Б.Сарантуяа шүүгчийн нөхөр нь гавьяат дасгалжуулагч Д.Гоошоохүү бөгөөд тэрбум төгрөгөөр хаус худалдан авсныг нь АТГ-аас анх сэжиглэн шалгаж эхэлсэн гэдэг. Мөн 1.2 тэрбумаар худалдсан газрын наймааны асуудал ч байдаг гэх. Ингээд хүү Г.Даваадорж /Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч/ болон эхнэр Б.Сарантуяа нарыг нь шалгаж, гэр бүлээрээ авлига авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж магадгүй хэмээн шалгаж эхэлсэн байгаа юм.

Гавьяат хуульч ажлаа өгснөөр энгийн нэгэн болж, хуулийн өмнө “нүцгэн” очих гэж байна. Төрийн хайрыг дааж чадалгүй авлига авсан бол хэргээ хүлээж, ялаа эдлэхээс өөр гарцгүй билээ, та. ШЕЗ-ийн даргаар Н.Лүндэндоржийг байхад хүүгээ хамгаалуулдаг байсан гэх мэтээр сайн, муугаар дуудуулж явсан энэ бүх хугацаанд өргөсөн тангаргаасаа няцаагүй бол хууль үнэнийг нь гаргаад ирэх байлгүй. Харин эдгээр бүх сэжим, тэр бүх авлига албан тушаалын хэрэг үнэн байвал ичих байтугай, энэ насандаа ч гавьяат хуульч хэмээн дуудуулах нүүргүй үлдэнэ гэдгээ эрхбиш надаар хэлүүлэхгүй байлгүй дээ. Хайран ч нэр хүнд, хайран ч хуульчийн мэргэжлийн үнэ цэн. Тэр хүртэл хамгаалж явсан олон олон монгол хүн бүхний хүлээлтэд хүрсэнгүй дээ, гавьяат хуульч аа. Урам хугарлаа. Сайн сайхнаар дурсагдаж, гавьяандаа гарах сонголт танд байсан ч тэгж чадсангүй нь харамсалтай. Мөнгө гэдэг тийм шидтэй зүйл юм уу. Эсвэл таны өргөсөн тангараг тийм үнэ цэнгүй зүйл юм уу.