ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Одсэр: Төр малчдыг дээрэлхэж, дорд үзэж байна

O.Admin
2019-11-21

“Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ болон малчдын төлөөлөл өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Цас орж, өвөлжилт хүндэрснээр маш олон аймгуудын мал идэх ногоогүй, малчид яахаа мэдэхгүй нүүж эхэлжээ. Эндээс болж малчид хоорондоо маргалдаж, муудалцах, бэлчээрийн асуудлаас болж асуудал үүсч байгаа учраас энэ чиглэлд төр анхаарлаа хандуулахыг хүсч хэвлэлийн хурал хийхээр болсон байна.

Энэ талаар тус ТББ-ын тэргүүн Л.Одсэр энэ талаар ярихдаа “Өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй боллоо. Гэтэл Засгийн газар гараа хумхиад зүгээр суугаад байгаа. Малчид бэлчээрийн маргаанаас болж нэгнийхээ аминд хүрсэн хэрэг хүртэл гарч байгаа.  Өнгөрсөн наймдугаар сард Засгийн газар мах экспортлохыг хориглох шийдвэр гаргасан. Ч.Улаан сайд экспортод квот тогтоож, хориг арга хэмжээ авсан. Хэдийгээр энэ нь ард түмэнд хямдхан мах идүүлэх зорилготой гэсэн ч үүгээр халхавчилж булхайтай бизнесээ хийсээр ирлээ. Өнөөдөр малчдын махыг худалдаж авах хүн байхгүй боллоо. Авч байсан хүмүүсийг нь Мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн харьяатын байгууллага нийлээд хөөгөөд гаргачихсан. Эндээс болж, мал махны бизнес зогслоо. Квот нэрээр өөрийн хамаарал бүхий компаниудаа дэмжиж байгааг малчид ярилцаж байна. .

Эндээс болж худалдаачид хүртэл хохирлоо шүү дээ. Энд тэндгүй 2-3 мянган мал туусан хаана борлуулахаа мэдэхгүй малчид дүүрэн. Квот авсан компаниуд нь сайдын болон хөдөө аж ахуйн яамны дарга нарын хамааралтай, ах дүү амраг садных компани гэдгийг ярьж байгаа. Малчдын бүтээж байгаа баялаг болох махны үнийг Засгийн газар мэдэж шийдэх эрхгүй. Нөгөө талаас монгол малын махыг гадныхан худалдан авахыг хүсч байхад квот, тусгай зөвшөөрөл нэрээр хаалт хориг тавьж малчны хөдөлмөрийг үнэгүйдүүлэх эрх Засгийн газар, Хөдөө аж ахуйн яаманд байхгүй. Малчдынхаа хөдөлмөрийг шулж, нөөцийн мах бэлтгэдэг нэртэй хэдхэн халаасны компанидаа давуу эрх олгодог Хөдөө аж ахуйн яам малчдад лав хэрэггүй.

Өвөлжилт хүндэрч байгаа үед гадаад зах зээлээ нээхгүй, махны үнээ чөлөөлөхгүй бол энэ өвөл цасанд дарагдаж, хавар идэх бэлчээргүйгээс болж хорогдох мал бүрийн тоогоор Засгийн газраас хохиролоо нөхөн төлүүлнэ гэдгийг малчид бид мэдэгдэж байна. Малчдад тусалж дэмжээд сүйд болдоггүй юм гэхэд гай саад битгий болооч гэж, уг нь малчдаа хамгаалах үүрэгтэй ХХААХҮЯ болон Засгийн газраас гуйж байна. Халуун, хүйтэнд, бороо цасанд зүтгэн байж өсгөсөн хэдэн малаа зарж борлуулах гэхээр элдэв журам гаргаж хориг саад тавьж, хотын хэд маань үнэтэй мах идэх нь гээд үнийг нь чөдөрлөж байгааг Эрхэм гишүүд бүгд мэднэ. Гэвч тэд малчдыг дээрэлхэж, дорд үзэж болно гэж санадаг уу, өнөөдрийг хүртэл дуугуй л сууж байна.

Талхны, ундааны, пиавны, архины үнийг буулга, хотынхонд үнэтэй байна гэж хэн ч хэлдэггүй. Харин малчдын бүтээсэн баялгийн үнийг бууруул гэж улстөрчид торох ч үгүй хэлж чаддаг. Тиймээс л биднийг бусдаас дорд үзэж байгааг бид ийнхүү эсэргүүцэн мэдэгдэж байна. Өөрсдөө энэ малыг өсгөж бойжуулсан юм шиг цагаан сар болохоор баахан өргөмжлөл жааз бариад ирдэг улс төрчдийг малчид ирэх жилээс хөөж явуулах болно.  Малчин хотон дахь малаа хэнд зарахыг, ямар үнээр борлуулахыг Засгийн газар мэддэг юм бол үхсэн малын тоо болгоноор нөхөн төлбөр өгөхөө тэд мэдэж байгаа байлгүй гэлээ.

Тиймээс Засгийн газар энэ шийдвэрээ эргэж харах, малчдыг бодлогоор дэмжих, махыг нь экспортод гаргах бодлогоо эргэж сэргээхээс гадна бэлчээрийн даацад тохирсон сайн чанарын эх малтайгаа үлдэх бодлогыг дэмжих ёстойг хэлж байлаа. Олон жил малчид хэдхэн ченж нарын хэлсэн үнээр махаа борлуулдаг байжээ. Улмаар төрийн хэмжээнд бодлого гарч хоёр хөршөөсөө гадна олон улс орон руу махаа экспортод гаргах боломж бүрдсэн ч түүнийг нь хавчин боож, хувийн бизнесээ цэцэглүүлэхийн тулд ашиг хонжоо хайж буй ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд ч малчдын зүгээс шаардлага тавихаар болжээ.

Мөн энэ үеэр Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин н.Гомбо-Очир "Миний үгийг мянга, мянган малчид сонсоосой. Бид төрөөс хэзээ ч юм гуйдаггүй. Гаргасан шийдвэр бүрийг нь дагаж биелүүлдэг. Түүхэндээ нэг ч удаа сөрж зогсож байгаагүй юм. Гэтэл төр засаг биднийг хавчин гадуурхаж байгаа. Соц нийгмийн үеэс хойш малын тоо толгой гурав дахин өслөө. Бэлчээр харин нэг см ч нэмэгдээгүй.

Ингээд зохистой бланс барьж, малаа зарахыг хүссэн ч авахгүй юм. Жаахан өсөөд ирэхээр сайд нь квот тогтоож, олон аймгийн олон сая малтай иргэд хаачихаа мэдэхгүй боллоо. Зүүн зүгт л ногоо сайн ургасан юм билээ гээд хар хүйтнээр нялх хүүхдээ задгай машинд суулгаад нүүдэллэж байгаа. Жамаараа зарагдаж байсан бол асуудал алга. Тал нь ч гэсэн зарагдаж валют болж, бэлчээрийн хомсдол эрс багасах байлаа. Ирэх хавар зуд болвол яах вэ. Өнөөдөр мөнгө болох байсан мал хавар сэг л болж хувирах биз" гэсэн юм.