ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Сорилтын эзэн”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-25

Монголбанкыг Б.Лхагвасүрэн удирдахаар боллоо. Түүнийг өнгөрөгч баасан гарагийн УИХ-ын чуулганаар хэлэлцээд, олонхийн саналаар дэмжив. Б.Лхагвасүрэнгийн хувьд  Монголын эдийн засаг хаашаа ч эргэж магадгүй цаг үед Төв банкийг удирдан чиглүүлэх үүрэг хүлээв. Тухайлбал, ирэх онд УИХ-ын сонгууль болно. Үүнтэй зэрэгцээд хоёр улсын худалдааны маргаанаас үүдэлтэй эдийн засгийн хямрал тулгарч болзошгүй гэсэн болгоомжлол байгаа. Тиймээс гадаад, дотоодын нөхцөл байдлаас хамааралтай эдийн засагт гарах шалгуурыг хэрхэн давах эсэх нь түүний мэдэлд шилжлээ. Түүний хувьд ирэх олон,  олон өдрүүд зөвхөн сорилт байх болно. Тэрбээр, МУИС, АНУ, Колумбын их сургуулийг  эдийн засагч мэргэжлээр төгссөн  бөгөөд салбартаа танигдсан нэгэн.

Б.Лхагвасүрэн нь Монголбанктай 1997 оноос эхлэн хувь заяагаа холбосон бөгөөд  Мөнгөний бодлогын газар, ахлах эдийн засагчаар ажиллаж байжээ. Түүнээс хойш газрын захирлаас эхлээд Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллах хүртэл тушаал дэвшин ажиллажээ. Тиймээс Монголбанкны бодлого  үйл ажиллагааг гажаахгүйгээс гадна өмнөх Ерөнхийлөгчийнхөө хийсэн, бүтээсэн ажлыг тасалдуулахгүй аваад яваасай гэсэн үгийг олон нийтийн зүгээс дайж байгаа юм. Мөн томилгоотой холбоотой ФАТФ-аас өгсөн үүрэг чиглэлийг хангалттай биелүүлж, чадаагүй гэсэн шалтгаанаар өмнөх Ерөнхийлөгчид нь хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. УИХ-ын даргын зүгээс ийм үндэслэлээр чөлөөлөх саналыг гаргасан хэрнээ өмнөх Ерөнхийлөгчийн удирдлага дор ажиллаж байсан хүнийг Төв банкыг толгойлуулахаар болсон нь хариуцлага тооцох хэлбэр гэхээс илүүтэй үзэмжээр асуудалд хандсан гэсэн шүүмжлэл олны дунд өрнөв. Өөрөөр хэлбэл, Доржийг Даваагаар солихыг хариуцлага хэмээн үздэг бол цаашид ямар ч зүйлд үзэмжээр шийтгэл оноодог шинэ жишиг улс төрд тогтов бололтой.