ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдөр ДОХ-той тэмцэх өдөр

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-01

Дэлхий нийтээрээ жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Манай улсад ХДХВ/ДОХ-ын тохиолдол 26 жилийн өмнө бүртгэгдсэн бөгөөд уг халдварын улмаас 42 хүн амь нас баржээ.Энэ 2019 онд ХДХВ, ДОХ-ын асуудалд иргэн, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор "Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор зохион байгуулж байна.

Монгол улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2019 оны 10 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 281 тохиолдол мэдээлэгдсэн (энэ нь өмнөх онтой харьцуулахад 3 тохиолдлоор бага байгаа) үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна. 

Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна. ХДХВ-ийн халдвартай 17 эхээс 25 хүүхэд төрсөн (8 эх давтан төрсөн), хүүхдүүд эрүүл бойжиж байна.

ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа (15-39 нас) оношлогдсон байна.

ХДХВ-ийн халдвар:

- Бэлгийн замаар буюу ХДХВ/ДОХ-той хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох

- Цусаар буюу халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх

- ХДХВ-ийн халдвартай эхээс урагт, хөхний сүүгээр  халдварладаг байна

ДОХ нь одоогоор бүрэн эмчлэгдэх аргагүй, үхэлд хүргэдэг өвчин. Гэхдээ ДОХ-оос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.