ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нямхүү: ДОХ-той нэг хүний эмчилгээний зардалд жилд 2-5 сая төгрөг зарцуулдаг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-02

ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр өчигдөр буюу арван­хоёр­дугаар сарын 1-ний өдөр тохиолоо. Монгол Улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиол­дол 1992 онд бүрт­гэгд­сэнээс хойш 2019 оны арав­дугаар сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 281 тохиолдол олон нийтэд ил болсон гэдгийг албаныхан хэлж байв.  Энэ нь өмнөх онтой харьцуулахад гурван тохиолдлоор бага байгааг эмч мэргэжилтнүүд онцоллоо. Үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас баржээ.

Энэ талаар Халдвар өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ, “Монгол Улсад 615 хүн ХДХВ-ийн халдвартай байх боломжтой гэж тооцоолсон бөгөөд үүний 38 хувь буюу 281 тохиолдолыг илрүүлээд байгаа. ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 87 хувь нь ретровирүсийн эсрэг эмчилгээнд хамрагдаж, тэдний 79 хувьд ХДХВ-ийн ачаалал дарангуйлагдсан. Манай төв 2010 оноос өмнө “Глобаль” сангийн дэмжлэгээр оношилгоо эмчилгээний эм бэлдмэлийг авч байсан бол 2013 оноос хойш эм, оношлуур, эмчилгээний зардлыг Засг­ийн газар бүрэн дааж, жил бүр 300-500 сая төгрөгийг улсын төсвөөс гаргах боллоо. Ингэснээр ХДХВ/ДОХ-той нэг хүний жилд хэрэглэх эмчилгээний зардалд дунджаар 2-5 сая төгрөг зарцуулдаг. Тухайл­бал, ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх зорилгоор нэг эх, хүүхдэд хэрэглэгдэх эмийн зардалд жилд 2.5-3 сая төгрөг зарцуулдаг” хэмээлээ.

Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарал хандуулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүү­лэх талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Амаржаргал “Манай улсад төр, иргэний нийгмийн байгууллага хамтран үр дүнтэй үйл ажиллагааг хэрэгжүүлж, нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын бага тархалтыг тогтоон барьж байгаа. Гэсэн хэдий ч 2019 онд хийсэн “ХДХВ-ийн тархалтын үндэсний судалгаа”-ны урьдчилсан дүнгээр бэлгийн цөөнх эрчүүдийн дунд уг халдвар төвлөрсөн тархалттай хэв­ээр байгаа нь анхаарлаа сулруулж болохгүйг харуулж байна. Тиймээс “ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд би юу хийж чадах вэ” хэмээн хүн бүр бодож, чадах бүхнээрээ дэмжин туслах нь хүн бүрийн үүрэг хариуцлагын нэг болохыг онцлон, иргэний нийгмийн байгууллагын санал санаачилга, манлайлал, иргэн бүрийн хүчин чармайлт, төрийн шууд дэмжлэгийг нэгэн зүгт чиглүүлэн, дэлхий дахинд ХДХВ/ДОХ-ын тахалт тархалтыг таслан зогсоох уриан дор эвлэлдэн нэгдэхийг уриалж байна” гэлээ. 

ДЭМБ-аас өндөр идэвхт ретровирусийн эсрэг эмийг ХДХВ-ийн халдварын эмчил­гээ, өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлт, мөн эхээс хүүхдэд халд­вар дамжихаас сэргийлэх арга хэмжээнд хэрэглэдэг тухай зөвлөсөн  байна.  Ретровирусийн эсрэг эмчил­гээг 2003 оноос тусламж үйлчилгээнд нэвтрүүлэн, 2003-2013 онд “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслөөс 94.919 ам.долларын санхүүжилтээр худалдан авч, хэрэглэж байжээ. Харин 2013 оноос эм, оношлуурын зардалд жил бүр 300-500 сая төгрөгийг улсын төсвөөс гарган, эмчилгээ, оношилгоо, тусламж үйлчилгээнд хэрэглэж байгаа аж. 

Энэ талаар ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгч ноён Сергей Диордица хэлэхдээ, “2018 онд дэлхий даяар ДОХ-ын халдвартай 37.9 сая хүн байснаас 79 хувийг шинжилгээнд, 62 хувийг эмчилгээнд хамруулж, 53 хувийн вирусийг нь дарангуйлсан буюу бусдад халдвар тараах эрсдэлгүй болгосон. Хэдийгээр ХДХВ/ДОХ-ын шинжилгээ, эмчилгээний хүртээмж нэмэгдсэн ч дэлхийн зорилтыг хангахад хангалттай бус байна. Иймд халдварын шинжилгээнээс гадна эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн ач холбогдлыг онцолж, олон нийтэд суурил­сан шинжилгээ, сэргийлэлт, тусламжийг зөвлөж байна” гэлээ.

Манай улсад бүртгэгдээд буй халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлг­ийн тусламж үйлчил­гээ­гээр болон эхээс урагт халдвар дамжаагүй эмч мэргэжилтнүүд онцолж байлаа. Мөн эмэгтэйчүүд, өсвөр үе, залуучууд, бэлгийн цөөнх эрчүүд, трансжендер, эмэгтэй биеэ үнэлэгч, хар тамхи мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэгчдийн эв нэгдэл, хамтын ажиллагаа нь ДОХ-ын тархвар зүйн дүр зургийг өөрчилж, олон боломжийг бий болгосноор уг өвчний  тахалт тархалтыг таслан зогсооход хүчтэй хувь нэмэр оруулна гэв.