ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дархан хилийн манаач

Ц.ЭНХТҮВШИН
2019-12-05

Тэртээх 1974 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч-бага эмчийн мэргэжлээр төгсөөд Ховд аймгийн Алтай  суманд эх баригч бага эмчээр ажиллаж байсан  Б.Цэцэгпалам хэмээх энэ бүсгүй өөрийгөө хилчин заяатай гэж хэлэх дуртай. Тэрбээр 1975 оноос ханиа даган хилийн цэргийн тавдугаар отрядад ажилласнаас эхлээд хилчин ээж, хилчин бүсгүйн замналаа эхлүүлжээ.  

Б.Цэцэгпалам Ховд аймгийн  Булган сумын Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх төрөх тасагт эх баригчаар ажиллаж байжээ. Хилийн цэргийн офицерын гэргий болсон тэрбээр ханиа дагаад хаана хуваарилагдана, тийшээ дагаад л явдаг “бичигдээгүй хуулийн дагуу”  олон ч аймаг,  сумын хилд очжээ. Говь-Алтайн Алтай сум, Ховдын Алтай, Үенч сум, Сүхбаатарын Онгон гэх мэт  эх орныхоо хил дээр 20 гаруй жил ажиллаж, амьдарч яваа нь амьдралынх нь түүхийн нэгээхэн хэсэг нь аж.  Ханиа дагаад хилээр багагүй явсан ч хүүхдүүдээ өсөхийн цагт тэднийхээ ирээдүйн төлөө, тэднийг мэргэжил эзэмшүүлэх, амьдрал ахуйд нь чиглүүлэхийн тулд нийслэлд төвхнөжээ. Амьдрал ахуй, үр хүүхдийнхээ төлөө хот газар бараадсан ч сэтгэл санаа нь Монгол Улсын дархан хил дээр байсан гэдэгт эргэлзэх хэрэггүй.  Хөдөө орон нутагт ажиллаж байхад юу эс тохиолдох билээ. Ганцхан жишээ гэхэд л Ховд аймгийн Алтай суманд ажиллаж байхдаа дуудлаганд явж байснаа дурслаа. Дуудлага ч гэж тоймгүй их юмсанж.  Хүрэх айлдаа хараахан хүрч амжаагүй байтал сууж явсан унаа нь эвдрээд хээр суучихаж. Жолоочтойгоо шөнөжин алхаад үүрээр хэсэг тэмээ тааралдахад нэгийг нь арай гэж барьж аваад, бүсээрээ оосорлож, бэдэрсээр  арай гэж нөгөө айлдаа хүрсэн тухай дурсан ярилаа. “Хөлдөж үхэх аюул энүүхэнд байсан даа” хэмээн хуучлах тэрбээр хотод ирээд Эх нялхасын клиникийн төвийн жирэмсний эмнэлгийн эхчүүдийн онцгой хяналтад ажиллаж байгаад 2008 онд гавьяаны­хаа амралтад гарчээ. Тэтгэвэрт гарсан ч огт зүгээр суусангүй. Шаргалжуут, Аварга тосонгийн рашаан сувилалд бариачаар өнөөг хүртэл ажилласаар байна. 

Тэрбээр гурван хүүтэй,  дархан бэр. Хөвгүүдийн нэг нь Дөрөвдүгээр цахилгаан станцид ажилладаг бол хоёр хүү нь аавынхаа үргэлжлэл болж хилийн цэргийн албан хаагч, офицерууд  болжээ. 

Том хүүгээ 1973 онд Увс аймагт дадлага хийж байх хугацаандаа  төрүүлсэн гэдэг. Энэ тухайгаа “Ёстой гайхалтай сайхан мэдрэмж байсан” хэмээн ярив. Тэрбээр 3870 гаруй хүүхдийн хүйн ээж юм.  Хүүхдүүдээ хүйн ээжид нь золгуулах, уулзуулах ээж, аавууд олон бий хэмээн даруухан өгүүлнэ. “Эзэмшсэн мэргэжлийн минь ид шид эндээс эхэлсэн юм болов уу гэж одоо ч боддог юм.  2016 онд Ховд аймгийн Алтай сумаас эх барьж авсан охиныг минь аав ээж хоёр нь дагуулаад цагаан сараар манайд ирж надтай золгуулж байсан. Намайг бүр ч их баярлуулж бий. Хилийн цэргийн офицерын гэр бүл болсондоо өөрөөрөө бахархаж, ханиараа бахдаж явдаг даа” гэж Б.Цэцэгпалам бүсгүй тэртээх он жилүүдээ дурслаа. Цааш нь ярихдаа,  “Өнөөдөр миний хүүхдүүд бас л цэргийн, тэр тусмаа хилийн цэргийн офицер болжээ. Бэрүүд минь ч хилийн цэргийн офицерууд боллоо.  Ингэснээр манайх гэдэг айл гурван үеэрээ хилчин хүмүүс болж байгаа юм. Миний аав бас хилийн цэргийн дарга байлаа. Ач нараас минь хилийн цэргийн дарга нар төрж гарна гэж дотроо нууцхан мөрөөддөг юм шүү дээ. Аав минь Булган аймгийн Тэшиг сумын уугуул, ээж минь Ховд аймгийн Булган сумын гаралтай хүн. Аав минь Оспаны дээрэмчидтэй байлдаж, тэмцэж, эх орныхоо хилийн бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж зүтгэж явсан “баатар эр” байсан даа” гэж ааваараа үргэлж бахархадаг.  

Мөн үргэжлүүлэн, “Ээж минь онцгой сүрхий мэргэжил байхгүй ч үр хүүхдээ өсгөлцөж,  хилийн цэргийн офицерын ар талыг баттай сайн маналцаж явсан эгэл нэгэн бүсгүй байсан юм. Тэд миний бахархал шүү дээ. Хилийн цэрэг гэдэг бол амаргүй боловч юутай ч зүйрлэшгүй нандин алба юм. Хил дээр ажиллаж, амьдарч байгаа бүсгүйчүүд цэрэгт алба хааж буй цэрэг хүүхдүүдийн ээж, эгчийг орлож байдаг юм даа. “Хуруундаа зүүний сорвитой, энгэртээ сүүний үнэртэй” гэдэг нэг дууны үг байдаг биз. Хил дагасан бүсгүйчүүд яг л тэр бүсгүйчүүд шүү дээ. Би ч тэр л ээжүүдийн нэг гэж өөрийгөө боддог” гэсээр инээмсэглэж сууна. Б.Цэцэгпалам бүсгүй “Нээрээ би танд нэг сонин түүх хүүрнэе” гэсээр дараах хуучийг ярив.  “Миний ээжийг өлгийтэй нялх байхад аав нь хилийн цаана үлджээ. Тэр үед хил, хязгаар тийм нарийн ч байсангүй үе байж. Хүмүүс дүрвэдэг ч юм уу, залуу зандан байсан болохоор гарч, орж “тэнэж” ч явсан юм уу, нарийн сайн түүхийг мэдэхгүй л дээ. Тэгээд л нэг удаа өнөө аав нь яваад эргэж ирээгүй гэнэ. Олон жил өнгөрч, ээж минь юмны наад цаадахыг ухаарахтайгаа болсон үед эмээ минь ээжид ийн хэлжээ. “Миний охины аав чинь морь бугуйлдаж байхдаа нэг гарынхаа дунд хурууг гэмтээсэн, махир, мойтгор хуруутай хүн байсан юм шүү. Миний охин хил дагуу амьдардаг хүн. Аав нь буцаад орж ирж магад. Анзаарч яваарай” хэмээн захисан байдаг. Тэр үед миний өөрийн аав Баян-Өлгий аймгийн нэг заставт орлогчоор ажиллаж байсан.  Ээж минь аавд энэ тухай хэлээд , “анзаарч байгаарай” гэж захисан юмсанж. Үүнээс хойш олон жил өнгөрчээ. Нэг удаа хилээр буцаж орж ирэгсдийн дунд яг тийм хуруутай хүн байгаа тухай аав маань ээжид хэлжээ. Тэгээд ээж тэр хүнтэй уулзаад ярилцаж үзтэл үнэхээр өөрийнх нь аав мөн байсан гэдэг.

Ээж минь өнөөх хүнтэй илэн далангүй сайн ярилцаж, магадалж гэр бүлийг нь асуутал “30 жилийн өмнө таван настай нэг охин, өлгийтэй нэг охин, ханиа үлдээгээд гараад явчихсан юм аа. Эргэж ирнэ гэдэг амаргүй байлаа. Их ч зүйлийг туулсаар өнөөдөр эх орныхоо алтан босгоор алхлаа ” хэмээн уйлан хайлан ярьсан гэдэг.  Ингэж ээж минь 30 жилийн дараа аавтайгаа уулзжээ. Өвөө маань цэргийн адуу маллаж байгаад өндөр настай болсон юм билээ. Ээж минь ганц эгчдээ хэл дуулгаж, эгч нь очиж уулзаж байсан сайхан учрал байдаг юм. Эцсийн эцэст энэ түүх бага юм шиг, хувь хүний хэрэг боловч эцэг эх, үр хүүхэд, эх орон гэдэг яасан нандин холбоотой юм гэдгийг харуулж байгаа мэт санагддаг. Нэг удаа аав, ээжийн минь гэрт хэсэг хүмүүс очсон юм билээ. Тэр дунд  БНМАУ-ын Ардын зураач н.Амгалан гуай явж байжээ. Хоол цай болох зуур тэд юу эсийг хуучилсан гэх вэ. Тэр үед н.Амгалан гуайд  ээж энэ түүхийг хуучилсан юм билээ. Тэр хуучийг н.Амгалан гуай босоо монгол бичгээр хурдан тэмдэглэж аваад, төвийн сонинд нийтэлж байсан гэдэг. Би чинь ийм л сайхан аав, ээжтэй хилчний удам шүү дээ. Өглөө бүр цай, сүүнийхээ дээжийг өргөхдөө “Хил амгалан байг” гэж ерөөдөг дөө” хэмээн дурсан ярилаа.