ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Эм Си Эс” групп 2020 оны эхээр интернэт банк байгуулахаар болжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-11

-Монголбанк гурван шатны шүүхэд ялагдаж, “Эм Си Эс”-ийн өргөдлийг шийдэж өгөх шаардлагатай болов-

 

Өмнөд Солонгосын анхны “зөвхөн интернэт” банк болох K-Bank нь “KT” групптэй хамтран өөрийн технологийг Монголын зах зээлд нэвтрүүлэхээр болсныг тус компани өнгөрөгч оны наймдугаар сарын 19-ны өдөр мэдэгдэж байсан билээ. KT (Korea Telecom) групп нь “K-Bank”-ийн 18.01 хувийг эзэмшдэг хамгийн том хувь эзэмшигч нь юм. Эдгээр компаниуд Монголын зах зээлд интернэт банкны технологи, үйлчилгээгээ “Эм Си Эс” групптэй хамтран нэвтрүүлэх гэрээ байгуулсан байдаг. Таван жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээ нь 5.5 тэрбум воны ($4.92 сая) дүнтэй бөгөөд үүний 2.3 тэрбум вон нь зөвлөх үйлчилгээний хөлс байх талаар “Korea times” сайт мэдээлж байлаа. “K-Bank”-ийн гүйцэтгэх захирал Шим Сён Хүн “Бид гадаад зах зээлд бизнесээ хүргэх анхны алхмаа хийх болсондоо баяртай байна” гэсэн бол “KT” группын гадаад бизнесийн газрын захирал Юн Кюн Лим “K-Bank-ийн гол хувь эзэмшигчийн хувьд KT групп нь өөрийн CSS-ийг хөгжүүлж, өнгөрсөн хугацаанд ихээхэн туршлага хуримтлуулсан.

Тиймээс финтек салбарт хуримтлуулсан туршлага, дэвшилтэт технологио гадаад зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид “Эм Си Эс” групптэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо” хэмээн ярьсныг мөн тус сайт дамжуулж байлаа. Улмаар, “Эм Си Эс” групп нь Монголын зах зээлд анх удаа бодит салбаргүй, зөвхөн интернэт орчинд үйлчилгээгээ хүргэдэг банк нээхээр болж, бэлтгэл ажлаа бүтэн жилийн хугацаанд хангажээ. Уг үйлчилгээний нэрийг одоохондоо “M Bank” гэж нэрлээд байгаа. Тэгвэл тус компанийн зүгээс жил хагасын өмнө Монголбанкинд банк байгуулах хүсэлтээ хүргүүлсэн ч хүсэлтэд Төв банкны Ерөн­хий­лөгч хариу өгөөгүй аж. Тиймээс компанийн зүгээс “Бидний банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй удлаа. Энэ нь хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” хэмээн Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч зургадугаар сарын 18-ны өдөр хуралдаж, нэхэмжлэгчийн талд буюу “Эм Си Эс” компанийн талд шийдвэр гаргасан. Мөн есдүгээр сарын 12-ны өдөр давж заалдах шатны шүүх хурлаар ч компанийн нэхэмжлэл үндэслэлтэй хэмээн дүгнэлт гаргажээ. Гэсэн ч Төв банк анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учраас Улсын дээд шүүхэд хандсан байгаа юм. Энэ сарын 09-ны өдөр буюу өнгөрөгч даваа гарагт Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ. Ингээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “Эм Си Эс” компанийн банк байгуулах хүсэлтэд хариу өгөх, нэхэмжлэгчийн өргөдлийг шийдэх шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, Төв банк гурван шатны шүүхэд ялагдсан учраас интернет банк байгуулах хүсэлтэд албан ёсоор хариу өгөх ёстой болов. Эх сурвалжийн хэлж буйгаар ирэх оны эхээр тус компани албан ёсоор интернет банкны салбараа нээхээр тов тогтоогоод байгаа бололтой. Тус групп нь 2011 онд Худалдаа хөгжлийн банкийг авахаар хэлэлцээрт орж байсан удаатай. Гэсэн ч үнэ тохирч чадаагүй гэдэг. Харин энэ удаагийнх нь хоёр дахь үйлдэл болж байгаа бөгөөд уул уурхай, хүнс, эрчим хүч, барилга гээд бүх салбарт хүч үзэж буй тус групп банкны салбарт орж ирэхээр шийдэв бололтой.