ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Өвгөн цэц”

А.ОДСҮРЭН
2020-01-14

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит УИХ-ын шагналыг өчигдөр Гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд нь энэхүү шагналыг олгосон байна. Тэрбээр “Нэр хүндтэй энэхүү шагналыг хүртээсэнд гүнээ талархаж байна. Бараг 50 дахь жилдээ Б.Чимид багшийнхаа ивээл, хайрыг хүртэж байгаадаа маш их баяртай байна” хэмээн даруухнаар хэлж байсан. Прокурор болох гээд аавынхаа шахалтаар мэргэжлээ сольчихсон  өвгөн хуульч Монголын хууль, шүүх, Үндсэн хуулийн цэцэд ажиллаж, хуулийн сургуульд насаараа багшилсан.

Шүүх яамны хэлтсийн дарга, Хууль зүй, арбитрын яамны газрын дарга, 1990-1992, 1996-1998 онуудад Хуульзүйн сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, даргаар 20 гаруй жил ажилласан өвгөн хуульч Монгол Улсын хуулийн салбарын амьд түүх гэхэд болно. “Засгийн газар, парламентаас хүний эрхийг хамгаалахын тулд Үндсэн хуулийн шүүх ажилладаг. Хүмүүс Үндсэн хуулийн цэцийг Засгийн газар, УИХ-тай шөргөөцөлдөж байна гэж ярьдаг. Шөргөөцөлдөж байгаа юм биш. Шүүхийн хувьд маргааныг нэг тийш болгож шийдэхийн тулд л ажиллаж байгаа нь тэр. Маргаан шийдэхэд маргалдах, шөргөөцөлдөх асуудал гарна” хэмээн нэгэнтээ ярьсан нь бий. Асуудлыг товч тодорхой ойлгомжтой байдлаар ингэж тайлбарласан ч муйхарлагчид түүнийг, түүний цэцийг одоо ч шүүмжилсээр буй.

Тэрбээр Хуульзүйн үндэсний төвийн үйл ажиллагааг сэргээж, тогтворжуулсан, хуульчдыг тасралтгүй сурч боловсрох боломжоор хангасан, нотариатчдыг “ажилтай” болгосон, Өмгөөлөгчийн холбоог шинэчилсэн, прокурор, шүүх, цагдаа гол дүрд тоглож, өмгөөлөгч ард нь зогсдог байдлыг халсан гэхчлэн хийсэн ажил, хэрэгжүүлсэн зүйл нь энэхэн насанд нь ахадмаар их. Гавьяат хуульч, багш Ж.Амарсанаа сүүлийн 40-өөд жилийн хугацаанд 400 гаруй хуулийн төсөл, олон улсын 30-аад гэрээний төсөл бэлтгэж, гэрээнд нэгдэн ороход оролцсон байдаг. Түүнийг үнэтэй машин авлигад авсан хэмээн Үндсэн хуулийн цэцийн даргаас огцруулах тухай яриа гарахад “Засгийн газрын баазаас ажилдаа уна гэж өгсөн машиныг авлига гэж байгаа бол би авлига авмаар л байна” гэсэн нь тухайн үедээ “эсэргүү” сонсогдож, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй тэрсэлдэж “бүдүүн зүрх”-тэй гэдгээ харуулж байв. 

Ардчилсан Шинэ Үндсэн хуулиа баталсан өдөр өчигдөр тохиож, өвгөн хуульч, багшийнхаа нэрэмжит шагналыг бахархалтайгаар гардлаа.