ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ, Хятадын хоёр жил үргэлжилсэн худалдааны дайнд төгсгөл ирэв үү

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-16

АНУ, БНХАУ-ын хооронд 2017 оноос эхэлж, улмаар хоёр жил гаруйн хугацаанд өрнөсөн худалдааны дайныг төгсгөх, нааштай үр дүн гаргах нэгэн чухал үйл явдал өчигдөр АНУ-ын Вашингтон хотноо болов. Тодруулбал, өчигдөр Цагаан ордны зүүн талын ёслолын танхимд БНХАУ болон АНУ хоорондын худалдааны хэлэлцээрийн эхний үе шатны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Гэрээнд АНУ-ын талаас АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Хятадын талаас тус улсын Шадар сайд Ли Хэ нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд нийтдээ 200 орчим зочид оролцсон юм.

Хэлэлцээрийн ёслолын үеэр Д.Трамп Ерөнхийлөгч үг хэлэхдээ хоёр дахь шатны хэлэлцээрийг тун удахгүй эхлүүлнэ гэж мэдэгджээ. Мөн энэхүү гэрээг ойрын үед хийж байгаагүй түүхэн гэрээ хэмээн тодотгож, ойрын үед БНХАУ-д айлчилж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах бодолтой гэдгээ мөн хэлсэн байна.

Харилцан ойлголцол, нааштай үр дүн гаргасан энэхүү хэлэлцээрийн дараа олон улсын хөрөнгийн зах зээл болон түүхий эдийн үнэд өсөлт ажиглагдаж эхэлсэн хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Энэхүү гэрээний үр дүнд Хятад улс ойрын хоёр жилд АНУ-аас 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломж бүрдсэн гэж “South China Morning Post” мэдээллээ. Үүнээс гадна өчигдөр Төлөөлөгчдийн танхимын зүгээс Ерөнхийлөгч Д.Трампыг огцруулах асуудлаар гаргасан шийдвэрийг тус танхимын дарга Ненси Пелоси танилцуулсан бөгөөд ирэх долоо хоногт Ерөнхийлөгч Д.Трампад импичмент тогтоох тухай асуудлыг Сенатын танхимын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Б.Тогтох