ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бидний үрс хайрлуулах гэж ирдэг юм

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-17

Өөдөсхөн бяцхан охин минь амралтын өдөр өглөө эртлэн нүдээ нухалсаар өндийж “Ээж, аав хоёр байна уу. Та ажилдаа явах уу, ээжээ” хэмээн асуув. “Ээж нь өнөөдөр амарна аа, охинтойгоо тоглоно оо” хэмээн хариулахад санаа нь амарсан бололтой, уртаар санаа алдчихаад эргээд унтчихаж билээ. Тэрхэн үедээ бяцхан үрээ өхөөрдөөд өнгөрсөн ч дараа нь нялх үрийн минь санаа алдсан тэр агшин олон зүйлийг бодогдуулж билээ.

Өнөөгийн нийгэмд завгүй хөдөлмөрлөж яваа миний адил олон залуус бор хоногтоо л гэрийн бараа хардаг нь худлаа биш. Өглөө унтаж байхад нь гэрт эсвэл цэцэрлэгт нь оруулчихаад явна. Орой ажлын цаг дуусахтай уралдан цэцэрлэгээс нь очиж авчихаад оройн хоолтойгоо зууралдсаар байгаад унтаж амрах цаг болчихно. Амралтын хоёр өдрөө ч ажилтай завгүй байдаг олон эцэг, эх бий. Би ч тэдний нэг. Долоо хоногийн ердөө нэг л өдөрт гэртээ амарч, тэр өдрөө өдөржин цэвэрлэгээ, угаалга гэсээр үр хүүхэддээ цаг зарцуулж чаддаггүй муу ээж байжээ.

Төрүүлсэн бол, эрүүл саруул, энх тунх өсгөж байгаа л бол тэр нь бидний үүрэг, хариуцлага хэмээн бодож, нялх үрсийнхээ юу бодож явааг ч мэдэхгүй, яаж биднийг хүлээдэг гэдгийг ч мэдэхгүй өнгөрдөг эцэг эх болсон гэдгээ ухаарч, тийнхүү санаа алдахад нь ямар их гэмшсэн гэж бодно оо. Тиймдээ ч тэр өдрөөс хойш охиндоо, хүүдээ долоо хоногийн нэг өдрийг заавал бүтэн зарцуулдаг болсон. Агаарт гаргаж, олон нийтийн газраар дагуулан явж, орчлон ертөнц, олон хүнтэй бага багаар танилцуулсаар байгаа. Долоо хоногийн нэг өдөр нь ямар ч ажилтай байлаа гэсэн шууд хойш нь тавьж, гэр бүлийн өдөр болгосноор бүх зүйл өөрчлөгдсөн. Өсвөр насны хүүтэйгээ илүү ойлголцож эхэллээ.

Гэр бүлээрээ чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлж, дэлгүүрээр хэсч дуртай зүйлсээ дараа худалдан авахаар төлөвлөж сурлаа, бид. Хэнд ч завгүй, ажилтай өдөр олон байдаг. Өдөржин ажиллаад ядраад очих үе ч олон бий. Хүүхэдтэйгээ тоглох байтугай хоолоо ч идмээргүй ядрах үе гарна. Долоо хоногт найзуудтайгаа уулзах өдөр гаргах, эсвэл ажлын хамт олонтойгоо аялах, амрах зүйл ч гарна. Гэхдээ л энэ бүхнээ нарийн зохион байгуулж, хамгийн үнэт зүйл болох гэр бүлдээ цаг зарцуулж сураарай гэж та нарыгаа уриалах гэсэн юм.

Долоо хоног бүхэн хүүхдүүдээ дагуулаад хоолонд орж, хувцас авч өгч, кино үзэх мөнгө байхгүй ч гэсэн эртхэн тараад, эсвэл амралтын өдрөөр ч гэртээ хөөцөлдөн тоглож болдог юм. Амралтын өдрөөр ажилтай байлаа ч эртхэн зохицуулаад гэр бүлээ зорьдог ээж, аав болох гэж бид хичээж, хэлсэндээ ч хүрч явна. Яг одоо бяцхан охин, сайхан залуу минь ээж, аавыгаа харуулдан суугаа. Хэзээ ирэх бол хэмээн хаалга харуулдан байгаа нялх үрсдээ ээж нь тун удахгүй очлоо. Та хоёрынхоо хүүхэд насыг хамгийн жаргалтай байлгахын тулд ижий, аав хоёр нь үргэлж хичээх болно оо, үрс минь. Энэ орчлонд бидний үрс инээж, жаргаж, хайрлуулах л гэж ирдэг юм шүү, хүмүүс минь. Хүүхэддээ цаг гаргаж, хүүхдээ сонсож, хүүхдээ хайрлаж амьдрахсан.