ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Завтай, хөгжилтэй бадрангуй

А.ОДСҮРЭН
2020-01-20

Саяхан Б.Болдсайхан эмч твиттер хуудастаа “Өвөл хаврын хахир зургаан сард нь ажиллаад, амьдраад, тасралтгүй баяр тэмдэглээд, түгжрээд...нэмээд өдөр шөнөгүй соошлд бүх сэдвээр хэрэлдээд, гаслалдаад...тэгээд баасандаад... үржээд төлжөөд. Юу гээч дуусашгүй эрч хүч, чадавхитай хүмүүс вэ, монголчууд” хэмээн жиргэсэн.

Уншаад мушийх биш жинхэнээсээ инээд нь хүрсэн. Тэгээд дээрх сэтгэгдлийн дунд байгаа гурван цэгийг гүйцээмээр санагдлаа. Юу гээч.  Өвөл хаврын зургаан сард биш эргэн дөрвөн улирал, жилийн 365 хоногт ихэнх нь яг ийм амьдралын хэв маягтай болчихсон. Ажил хийе гэхээр цалин бага, гудамж метрлэе гэхээр автобусны мөнгө байхгүй хүмүүс үнэгүй дата, үнэгүй wifi ашиглаад байгаа юмаараа бахархаж гаслаад, гийнаад хэрэлдээд хэлэлцээд суухаас өөр юу ч хийх юм билээ.

Хамгийн сайн хийж чаддаг юм маань шүүмжлэх, муулах, доромжлох. Дөрвөн жилийн цикльтэй сонгуулийн жил бол жинхэнээсээ гаслалдана. Өөр ямар ч арга байхгүй. Хурал цуглаанд очиж санал бодлоо илэрхийлж, хэн нэгэнд ад үзэгдэхгүйн тулд нэр нүүргүй хаяг нээчихээд цахимаар попорч суух нь илүү зугаатай. Ажилтай нь ажлаа хийдэг л юм байгаа биз.

Ажилгүйчүүд нь өөр юу ч хийх билээ. Бүх сэдвээр хэрэлдэнэ. Маш ховор чадвар. Хаа холын Америк, Ираны “дайн”, Венесуэлийн эдийн засаг, Олон улсын валютын сан, Дональд Трамп, Путин, Хойд Солонгосын эрх баригчид гээд дэлхийн хэмжээнд мэтгэлцэхээс гадна телевизийн хөтлөгчийн мөөм, зохиолын дуучны тоглолтын реклам, зам дээрх бөөлжис, замын түгжрэл гээд тогоон доторхи асуудлаараа ч гасална. Жинхэнэ бадрангуй ард түмэн л дээ. 

Өнөөдөр хэрэлдлээ, зодолдлоо, уйлалдлаа. Маргааш нь нийлчихсэн баяраа тэмдэглээд инээгээд зогсч байх их ухаан гагцхүү тэнгэрлиг монголчуудаас л төрнө. Үзэл бодолдоо үнэнч байх, хүсэл зорилгынхоо эзэн байх нь хэнд хамаатай юм. Тэнгэрлиг гэдэг угтаа тэнгэр гэдэг үгнээс гаралтай, зах хязгааргүй уудам, тэнгэр шигээ ухаантай гэсэн үг мөн биз.

Дэлхий дээрх 200 гаруй улсыг хөгжлийн хурд, ард иргэдийнх нь ахуй соёл, боловсролоор нь гол чухал, шилжилтийн, харгис хэрцгий, бүтэлгүй дампуу гэж ангилдаг гэдэг. Бүр цаанаасаа тэнгэрлиг байх тавилангүй улс орныг бүтэлгүй дампуу хэсэгт нь оруулдаг юм гэсэн. Тэгвэл тэнгэрлиг, бадрангуй монголчууд ямар ч байсан бүтэлгүй, дампууд нь тооцогдохгүй юм байна.

Маш том газар нутагтай хэрнээ цөөхүүлхнээ, газар дор эрдэнээр баян, айл бүр өдөр бүр нэг хонь идээд байсан ч хоосрохооргүй их малтай орны иргэд ажил хийхгүй байсан ч өлсөж үхэхгүй, холоо хэвтэнэ. Аа бас тийм, тэнгэрлиг дээрээ бурханлиг гээд нэмчихье. Бурхандаа мөргөчихөөд, хийморийн сан тавиулчихаад, уул овоондоо өргөл барьцаа өгчихөөд яваад байхад хэсэгтээ л жаргана. Улс орноо боддог хэд нь хөгжүүлдэг л юм байгаа биз.

Бусад нь зав гарвал баасандаад, завсар хооронд нь үржиж төлжөөд явж л байя.  Улс даяараа амрах бүх нийтийн баяр ёслолын өдрүүдийг парламентчид маань хуульчлаад өгчихсөн. Сардаа ганцхан удаа дэлгүүр, баарууд архи зарахгүй, бусад өдөр “вэлком”.  Хамгийн зугаатай, хөгжилтэй бас завтай ард түмэнд өөр юу хэрэгтэй юм.