ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сэрэмжлүүлэг: Хятадад дэгдсэн шинэ төрлийн вирусаар Бээжин хотод хоёр хүн өвчилжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-20

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын сүүлээс эхлэн БНХАУ-ын Ухань хотноо шалтгаан тодорхойгүй уушгины өвчин гарч, өнөөдрийн байдлаар гурван хүн амиа алджээ. Тэгвэл Хятадын нийслэл Бээжин хотноо шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар “BBC” агентлаг мэдээллээ. Нууцлаг вирусаар өвчилсөн хоёр хоногийн хугацаанд 139 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Ухань хотоос гадна гадаадын улс оронд болон БНХАУ-ын зарим хотуудад бүртгэгджээ.

Тодруулбал, Ухань, Бээжин, Шэньжин хотуудаас гадна Тайланд, Японд хоёр тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Бээжин хотын Дачин дүүргийн эрүүл мэндийн ажилтны хэлснээр бол Ухань хотод ажлаар очсон хоёр хүн энэхүү уушгины өвчнөөр өвчилсөн бол Шэньжин хотын 66 настай эрэгтэй Ухань дахь хамаатан садантайгаа уулзаад ирэхдээ энэхүү халдварыг авч иржээ.

Одоогоор уг вирусаар өвчилсөн нь батлагдсан хүмүүсийн тоо 200-гаас хол давчихаад байгаа. Зөвхөн Ухань хотод гэхэд л 170 хүн эмнэлэгт эмчлүүлж, түүний есийнх нь биеийн байдал хүнд байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс эрэл хайгуул хийсний үр дүнд өвчилсөн тохиолдлыг илрүүлж чадаж байна хэмээн мэдээлжээ.

Одоогоор батлагдсан тохиолдлын нийт тоо 200-аас давж, гурав нь амьсгалын замын өвчнөөр нас баржээ. Их Британийн мэргэжилтнүүд ВВС-д хэлэхдээ, халдвар авсан хүмүүсийн тоо албан ёсны тоо баримтаас ч илүү их байж магадгүй хэмээжээ. Энэхүү вирус амьтнаас хүнд, эсвэл хүнээс хүнд дамжиж байгаа бөгөөд амьтадтай хамгаалалтгүй харьцах, мөн мах өндгийг сайтар боловсруулахгүй хэрэглэх, ханиад томуугаар өвчилсөн хүмүүстэй дотно харьцахаас зайлсхийх зэрэг нь коронавирусыг авах эрсдлийг бууруулж чадах юм байна.

Урьдчилсан байдлаар өвчилсөн хүмүүсээс шинжилгээ авч лабораторид шинжлүүлснээр ДЭМБ болон Хятадын Эрүүл мэндийн үндэсний комиссоос коронавирус байна гэж дүгнэжээ. Хятадын эрүүл мэндийн үндэсний комиссоос өмнө нь уг вирусаас урьдчилсан сэргийлж, хяналт тавих боломжтой гэж мэдэгдэж байсан ч мутацийн аргууд нь тодорхойгүй, дамжуулж буй аргыг нь нарийн тогтоож чадахгүй байгаа учраас иргэд дор бүрнээ анхаарал болгоомжтой байхыг сануулав. Мөн тун удахгүй БНХАУ-д Цагаан сарын баяр тэмдэглэх бөгөөд энэ үеэр сая, сая хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ аялж, амралтаар явж, ах дүүгийндээ очих учраас хяналт тавих ажлыг эрчимжүүлэхээ мэдэгджээ.

Коронавирус нь өргөн хүрээний вирусын нэг төрөл бөгөөд зургаа нь хүмүүст халдвар тараадаг. Энэхүү шинэ төрлийг нэмбэл долоо болно. Амьсгалын замын цочмог хамт шинж /сарс/ нь 2002 онд Хятадад дэгдэх үеэр 8098 хүн өвчилж, 774 нь амиа алдаж байсан билээ. Шинэ төрлийн вирусын генетик кодыг задалж үзэхэд энэ нь сарстай илүү төстэй болохыг тогтоосон байна.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-china-51171035