ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Гоё хариулт”

А.ОДСҮРЭН
2020-01-24

Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас ч юм уу, аймгийн МАН-ын хорооны ажилтан бололтой нэгэн иргэн аймгийнхаа уугуул, УИХ-ын гишүүн асан Энэбишийн Мөнх-Очирт нэгэн мессеж илгээжээ. Мессежид “Сайн байна уу, та. Булган аймгаас холбогдож байна. “Монгол түмний сар шинийн мэнд” нэвтрүүлгийн бичлэгийн зураг авалт нэгдүгээр сарын 23-нд буюу энэ долоо хоногийн дөрөв дэх өдрийн 21 цагт MNB телевизийн байранд болох юм. Таны зав гарах болов уу гэж асуух гэсэн юм” гэсэн байна. Хариуд нь Э.Мөнх-Очир “Сайн байна уу. Би оролцохгүй ээ. Та нар ч гэсэн ичээд оролцохгүй байвал яасан юм. Ажлын дүнгээ тавиулчихлаа шүү дээ” гэсэн хариу бичжээ.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын тайланг энэ долоо хоногт гаргасан бөгөөд Булган аймаг 37.35 оноогоор хамгийн сүүлд орсон байсныг ийнхүү ёжилсон хэрэг. Ёстой гоё хэлсэн байгаа биз. Аймгуудаас Булган, Төв аймгийг хамгийн хөгжил муутай хэмээдэг. Ийм үнэлгээтэй булганчуудын хувьд телевизийн нэвтрүүлэг хийгээд баярлаад, баярхаад байх зүйлгүй, ичмээр хэрэг л дээ. Э.Мөнх-Очир саяхан Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдлоо. Тэрбээр, Туркийн Стамбул хот дахь Ерөнхий консулаар ажиллаж байхад нь хоёр ажилтан нь хар тамхины наймааны хэрэгт холбогдож, тэдний өмнөөс Монголын ард түмнээс уучлалт гуйж байсан билээ. Удирдлагад нь ажиллаж байсан хүмүүс хэрэгт орооцолдсон учраас уучлалт гуйсан нь хүмүүст таалагдсан. Хэрэг гарах үед Э.Мөнх-Очир Монголд ирчихсэн, консулын ажлаасаа чөлөөлөгдчихсөн байсан юм.

Түүнийг МАН-ын гишүүн мөртлөө АН-аас сонгогдсон Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахаар болсныг зарим хүн эгдүүцэж хүлээж авлаа. Гэвч тэрбээр сэтгүүлчийн амыг  “Энд намын гишүүнчлэл хамаагүй. Ерөнхийлөгч бол Монгол төрийн өндөр албан тушаалтан, төрийн тэргүүн. Ерөнхийлөгч бол төр. Ерөнхийлөгчийн албанд ажиллана гэдэг бол Монгол төрд зүтгэж байгаа хэрэг.  Би төрд ажиллаж байгаа” хэмээн таглав. Аливаа асуудлыг улстөржүүлж, будлиантуулах, хагаралдуулах хэсэг бүлэг хүмүүсийн сонирхолд яг таарсан хариулт өгсөн байгаа биз. Э.Мөнх-Очирын төрөлх араншин нь энэ. Эрс шулуухан, бас яггүй шазруун энэ залуу МАН-ын гишүүн ч гэлээ нам бол төр биш гэдгийг хэд хэдэн удаа харуулж байсан түүхтэй. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намаасаа нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийг биш Ц.Элбэгдоржийг дэмжиж байснаа ч нуудаггүй. Энэ удаа ч намын гишүүн гэж дулдуйдалгүй Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахаар шийдэж. Улстөрч хүнд байх л ёстой чанар. Тэр жинхэнэ улстөрч болж төлөвшжээ.