ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Коронавирусаар амиа алдсан хүний тоо 26-д хүрчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-24

Хятадын Ухань хотноо дэгдсэн короновирусаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тусгай хороо хоёр өдөр шуурхай хуралдлаа. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эрүүл мэндийн мэргэжилтнүүд Женев хотноо хуралдаж, олон улсын хэмжээнд Эрүүл мэндийн аюулгүй байдал зарлах эсэхээ 10 хоногийн дараа дахин хэлэлцэхээр болсон аж. 

Учир нь энэхүү өвчний асуудлаар мэргэжилтнүүд олон янзын байр суурь илэрхийлсэн учраас эхний удаад хяналт шалгалтаа эрчимжүүлж, өвчлөл гарсан бүсэд хөл хорио тогтоох байдлаар ажиллах ёстой гэж үзжээ. Мөн БНХАУ-ын зүгээс энэ талаар шуурхай ажиллаж байгаа гэж үзсэн байна. ДЭМБ-ынхан ирэх сарын 3-4-ны өдрүүдэд дараа дахин хуралдахаар товложээ. 

ДЭМБ-аас коронавирусын гаралтай халдварт өвчний өвчлөлөөс сэргийлэх, тархалтыг хязгаарлах талаар улс орнуудад (БНХАУ-д тусгайлан өгсөн зөвлөмжүүд бий) дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

- Улс орнууд халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;
- Идэвхитэй тандан судалгаа, эрт илрүүлэлт, халдвар илэрсэн нөхцөлд тусгаарлах арга хэмжээ авах;
- Халдвар авсан байж болзошгүй өвчилсөн хүнтэй ойр байсан хүмүүсийг мөшгөн тогтоох, хяналтад авах;
- Халдварт өвчний болон нөхцөл байдлын талаар тухайн орны мэдээ, мэдээллийг ДЭМБ-д шуурхай мэдээлж байх
- Вирус, вирусын гаралтай халдварт өвчлөл, өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх ард иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх;
-Аялал жуулчлалын бүс нутгийнхан тусгайлсан арга хэмжээ авах 
- Энэ талаар ард иргэддээ шуурхай мэдээ, мэдээлэл түгээж байх гэсэн зөвлөмжийг өгчээ. 

Мөн энэхүү өвчний улмаас нас барсан хүний тоо 26-нд хүрсэн талаар Сингапурын төв телевиз мэдээлжээ.