ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Nbcnews.com”: Хятадын 33 сая хүн хөл хорио тогтоосон 10 хотод байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-24

Бидэнтэй хөрш зэргэлдээ оршдог БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотноо гарсан титэмт вирусын шинэ төрлийн талаар сэрэмжлүүлэг болгох үүднээс шинэ мэдээлэл бүхнийг бид уншигчиддаа орчуулан хүргэж байгаа билээ. Тэгвэл, хамгийн сүүлийн үеийн мэдээлэл “nbcnews.com” сайтад гарсныг орчуулан хүргэж байна.  Энэхүү шинэ төрлийн вирусаар өнөөдрийн байдлаар 26 хүн амиа алдаж, Хятадын цагаан сарын баярын үеэр нийтдээ 10 хотод хөл хорио тогтоогоод байгаа аж. Тодруулбал, вирус анхлан дэгдсэн Ухань хотоос гадна Хубэй мужийн нийт 10 хотод хөл хорио тогтоож, нийтийн тээврийн хэрэгслийг хаажээ. Эдгээр хотуудад нийтдээ 33 сая хүн хөл хорионд орсон гэсэн үг юм. 

Ухань хотын Засгийн газар өнөөдөр “SARS”-ийн тархалтын үеэр Бээжингийн барьсан байгууламжийн хэв маягаар 1000 ортой зориулалттай эмнэлэг барьж байна гэж мэдэгдлээ. Эмнэлгийг 25.000 квадрат метр талбайд босгох бөгөөд хоёрдугаар сарын 3-нд дуусгахаар төлөвлөж байна гэж хотын удирдлагууд мэдэгдсэн байна.

Өвчлөл эхэлсэнтэй холбогдуулан хөл хорио тогтоосноос хойш Ухань хотын гудамж, худалдааны төвүүд, олон нийтийн газруудад ямар нэг байдлаар үймээн самуун гараагүй бөгөөд иргэд дор бүрнээ тайван хандаж, маск их хэмжээгээр худалдан авч байгаа аж. Гэхдээ соошл орчинд тус хотын иргэд хоосорсон лангуу зэргийг харуулж байжээ. Хот дотроо хөдөлгөөн хязгаарласан ч гаднаас ирж буй тээврийн хэрэгслийг цагдаа нар шалгаж, замуудыг бүрэн хаагаагүй гэсэн мэдээлэл байна. Харин Бээжин хотын тухайд цагаан сарын баярыг угтсан томоохон арга хэмжээнүүдийг цуцалсан бөгөөд уламжлалт сүм хийдүүдийн худалдаа, аялал жуулчлалын хоёр гол цэг болох Бээжингийн хориотой хот, Шанхайн Диснейланд маргаашнаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаахаа мэдэгдэв. Бээжин хотод халдвар авсан хүний тоо 29-д хүрчээ. 

Шинэ коронавирусын батлагдсан тохиолдлын тоо 830 болж нэмэгдсэн гэж Үндэсний эрүүл мэндийн комиссоос мэдээлсэн байна. 26 хүн нас барсны дотор Хубэй мужаас гадна хоёр хүн нас барсан аж.  Вирусын анхны шинж тэмдгүүд нь ханиах, халуурах, цээж чангарах, амьсгал давчдах зэрэг хүйтэн, томуугийн шинж тэмдгээр эхэлдэг боловч уушгины хатгалгаа хүртэл улам дорддог аж.

Эх сурвалж: https://www.nbcnews.com/