ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Сарангэрэл: Коронавирус 19 оронд тархаж, Монгол Улс эрсдэл өндөртэй оронд багтаж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-01-26

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин болон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар танилууллаа.

Ө.Энхтүвшин: Вирусийн тархалт маш хурдтай байна. Одоогоор 1956 хүн өвчилж, 56 хүн нас барсан гэх мэдээлэл байна. Уг өвчин нь эмч, эрдэмтдийн хэлж буйгаар агаар дуслын болон ахуйн замаар халдварладаг шинэ төрлийн вирус учир эмчилгээ алга байна. Монгол улсын хувьд хилийн цаана байгаа газруудад аль хэдийнэ тархсан. Бээжинд 34, Өвөр Монголд 2, Манжуурт байна гээд эргэн тойронд оржээ. Монгол Улс өндөр эрсдэлтэй улсын тоонд ороод байна. Өнөөдөр Монгол Улсад тохиолдол илрээгүй байгаа ч эрсдэл өндөр тул санаа амарч болохгүй. Мөн уг хурлаар шинэ төрлийн коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа машинд шаардагдах 9.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц санаас гаргахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа. Мөн дээрх шаардагдах эм, тоног төхөөрөмж, бараа материалыг яаралтай шууд гэрээгээр худалдан авах, тараах ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэлд даалгалаа. Мөн Хятадтай хиллэдэг боомтуудаар тээврийн хэрэгслээр болон явган зорчиход хязгаарлалт хийж, дэглэмийг өндөржүүлэх ажлыг 2020 оны нэгдүгээр сарын 30-ны дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгав. Энэ нь зөвхөн явганаар болон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа бөгөөд галт тэрэг, нисэх онгоцонд хамаарахгүй.

Д.Сарангэрэл: Вирусын халдвар маш хурдан тархаж байна. Хэдхэн минутын өмнө халдвар авсан хүмүүсийн тоо 1956 байсан бол дөнгөж сая авсан мэдээгээр 2000 давсан байна. Нас барагчдын тоо 56-д хүрсэн байна. Одоогийн байдлаар тус вирус 19 оронд тархаад байгааг ДЭМБ-аас мэдээллээ. Япон улс шинэ коронавирусийн оношлуурыг бүтээсэн. Түүнийг ирэх долоо хоногийн Мягмар гарагт манай улсад нийлүүлнэ. ХӨСҮТ-д 50 ор бэлдсэн бөгөөд халдвар илэрсэн тохиолдолд нэмж гаргах 150 орыг нөөцлөөд байна. Манай улсын тэргүүлэх зэргийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж байгаа.