ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дархлаа сайтай бол “айх хэрэггүй”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-01-27

Даваа гарагийн өглөөний байдлаар “2019-nCoV”-ийн улмаас нийт өвчилсөн хүний тоо 2510, нас барсан хүний тоо 80-д хүрсан билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны тоо баримтаас дэлгэрүүлж үзвэл өвчилсөн хүний тоо БНХАУ-д 2454, Хонгконг 8, Макао 5, Тайван 4, Азийн бусад орнуудад 26,  Европ 3, АНУ, Канад зургаа, Австралид дөрвөн тохиолдол тус, тус бүртгэгджээ. Тэгвэл АНУ-д тус вирусын тав дахь тохиолдлыг илрүүлсэн гэдгийг тус улсын Халдварт өвчнөөс сэргийлэх албанаас мэдэгдсэн. Өнгөрөгч ням гарагт буюу өчигдөр Калифорния мужид хоёр тохиолдол, Аризона мужид нэг шинэ тохиолдол илэрчээ.

Мөн Вашингтон муж, Чикаго хотод тус, тус нэг тохиолдол илэрсэн юм. Өнөөдрийн байдлаар АНУ-ын муж, хотуудаас 100 гаруй шинжилгээний дээж ирснээс таван дээж эерэг, 25 дээж сөрөг, үлдсэнийх нь хариу гарч дуусаагүй байгаа юм. Нэг дээжийн шинжилгээний хариу гарахад 5-6 цаг зарцуулж байгаа аж.

АНУ-ын эрдэмтэн судлаачид шинэ төрлийн вирусийн тархалт хүн төрөлхтөнд ямар хор хөнөөл учруулж болох талаар судалсан бөгөөд БНХАУ-аас 2002 онд анх дэгдэж байсан коронавирусийн төрөл болох “Сарс” нь 10 хувь, 2012 онд дэгдсэн “Мерс” нь 10 хувь байсан бол шинэ төрлийн вирус дөрвөн хувьтай гэж дүгнэлт гаргасан аж. Мөн шинэ төрлийн вирусийн талаар олон улсын эрдэмтэн судлаачдын дүгнэлт гарсаар байгаа бөгөөд дархлаа сайтай бол “айх хэрэггүй” хэмээн БНХАУ-ын эрдэмтэн өгүүлжээ. Учир нь энэ өвчнөөр өвчилсөн нийт 51 хүн бүрэн эдгэж эмнэлгээс гарсан бөгөөд архаг хууч өвчтэй ахмад настнуудад илүү хүнд тусч байгааг ч мөн дурдсан байна.

БНХАУ-ын тухайд халдварт өвчний эсрэг тэмцэх, халдварын тархалтаас сэргийлэхийн тулд Цагаан сарын албан ёсны амралтыг ирэх сарын 02-ны өдрийг хүртэл сунгажээ.