ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ханиад биш халдварт тахал хаяанд ирчихээд байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-13

Хүнээс ялгарч буй бүх л шингэнээр дамжиж, хүнээс хүнд халдаж буй онц аюултай шинэ коронавирус /covid-19 /-ээр дэлхийн 26 улс оронд нийтдээ 44886 хүн өвчилж, 1112 хүн амиа алджээ. Нөгөөтээгүүр, бүрэн эдгэсэн хүмүүсийн тоо 4638-д хүрсэн гэдгийг ДЭМБ-аас мэдээллээ. Тус байгууллагын Ерөнхийлөгч Тедрос Адхоном “Шинэ коронавирус урьд хожид байгаагүй маш өндөр халдварлах чадамж бүхий тахал гэдэг нь бидэнд тодорхой болоод байна. Хүн төрөлхтөний хувьд маш аюултай гамшиг тул улс орон бүр бүх хүчээ дайчлан тэмцэх шаардлагатай. Дахин хэлье шинэ коронавирусийн халдвар бол ханиад, томуу биш энэ бол тахал” хэмээн мэдэгджээ. Дэлхийн улс орнууд хилээ бүрэн болон хэсэгчлэн хааж, улс орондоо хөл хорио тогтоож, БНХАУ-аас ирсэн хэнбугайг ч улсынхаа хилээр оруулахгүй гэж мэдэгдэв. Энэ бол ялгаварлан гадуурхалт гэхээс илүү болзошгүй эрсдлээс сэргийлсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ билээ. Гэтэл “сүх далайтал үхэр амгалан” гэгчээр Монгол Улсын хилийг бүрэн тойрч гарчихаад байгаа коронавирус хэдхэн өдөр л монголчуудыг “айлгав”. Өвчилсөн болон нас барсан хүний тоо 100-д ч хүрээгүй байхад маскны хомсдол үүсгэх хүртлээ нөөцөлж, дэлгүүрийн лангууг хоосолж байсан монголчууд амиа алдсан иргэдийн тоо 1000 давчихаад байхад нөөцөлсөн максаа ч хэрэглэхээ мартаж, цагаан сарын үзэсгэлэн худалдаа хэсэж, үр хүүхдээ дагуулан бэлэг цуглуулж явах аж. Нийтээр цуглаж болохгүй, нэг нэгнийдээ битгий цугла гэж сануулаад байхад ч халуурч, ханиаж байсан атлаа хамаатныдаа очиж бууз хийх хэнэггүй зан монголчуудаас л гарч байна. 

Гадаа гудамжинд нус цэрээ битгий хая, гэр орондоо ариутгал халдваргүйжүүлэлт хий гэж төр засаг нь уриалаад байхад л гудамжинд нусаа хаялаа хэмээн шаардлага тавьсан нэгнийг барьж зодох нь холгүй харааж зүхэж, “Нарантуул” зэрэг томоохон захуудаар найрын бэлтгэлээ базаан хэдэн зуугаараа хэсэж байх ажээ. Гэтэл олон улсын хэмжээнд энэ өвчин маш хурдацтай тархаж байгаа учраас онц байдал зарлачихлаа. Хүнсний зах дээр өвчтэй иргэнтэй зөвхөн 15 секунд л харьцсан хүн халдвар авсан нь тогтоогдов. Шээс, нулимс, гар, шүлс гээд олон зүйлээр дамжих эрсдэл нь тогтоогдчихлоо. Зургаахан хүн анх халдвар авсан нь мэдэгдэж байсан аялалын хөлөг онгоцонд өдгөө 175 хүн өвчилчихлөө. Ердөө тавхан хоногийн дотор энэ вирус ийм хэмжээний хүнд тархсан гэсэн үг. БНХАУ-ын муж хотуудад өвчилсөн хүмүүсийн тоо гэрлийн хурдаар нэмэгдэж байгаа. Анхны шинжилгээгээр илрүүлчихнэ ээ хэмээн андуурч байснаа улс орнууд хүлээн зөвшөөрч эхлэв. Угтаа, эхний гурван удаагийн шинжилгээнд сөрөг гарсан Тяньцзин хотын 55 настай төмөр замчин дөрөвдэх удаа шинжилгээ өгөхдөө коронавирусээр өвчилсөн нь тодорхой болжээ. Эндээс үүдэж, өвчний нууц үе нь 14 хоног бус түүнээс дээш буюу нэг сар хүртэл хугацаанд байж магадгүй гэдгийг олон улсын анагаахын эрдэмтэн, судлаачид таамаглаж байх юм. Хүчирхэг эдийн засагтай бидний өмнөд хөрш вирусийн тахлыг цагаан сар тэмдэглэснээс болж, хяналтаас алдсан гэдгээ хүлээн зөвшөөрчихөөд байхад хилээ л хаачихвал дотооддоо наргиж цэнгэсэн ч яадаг юм гэсэн амиа бодсон, арчаагүй зан биднээс гарч байх ажээ. Хилээ хаа гэж хамгийн их орилох атлаа баяр тэмдэглэе гэж уриалж байгаа монголчуудын амиа бодсон арчаагүй занг яалтай.

Өдөрт л энэ өвчнөөс үүдэн дэлхий дахин хэдэн зуун тэрбум ам.долларын алдагдал хүлээж байна. Хүчирхэг эдийн засагтай улс орон атлаа Хятад улс ч маш их хохирол амсах нь тодорхой болов. Гэтэл нэгхэн улсаас эдийн засаг нь 93 хувийн хамааралтай Монгол Улсад энэ өвчин дэгдчихвэл хэрхэх вэ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэр хэмжээнд хөгжсөн билээ. Долоо хоногт 1000 ортой эмнэлэг барих хүчин чадал бидэнд байгаа билүү. Дотоодын хүнсний нөөцөөрөө хэдэн сар амьдрах вэ гэдгээ ч бодоод үзэцгээе. Адууны махаа идчихвэл, аргал хомоолоор утчихвал, эсвэл монгол цустай надад халдахгүй гэсэн элий балай бодлоо тархинаасаа авч хаяад, дор бүрнээ хичээцгээе. Бид хамрын ханиадны тухай ярьсангүй. Хаяанд ирчихээд байгаа халдварт тахлын тухай ярьж байна. Дэлхий нийтээрээ айн сандарч байгаа энэ өвчнөөс сэргийлэхийн тулд дэргэдэх бүх хүндээ анхаарал тавьцгаая. Маскаа тогтмол зүүе. Гараа угааж, гэрээ цэвэрлэ. Үр хүүхдээ орон гэрт нь цэвэр орчинд байлгаж, өөрсдөө ч шаардлагатай биш бол гадагшаа битгий гар. Хил дамжиж хэсэж, тэнэхээ түр больчих. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан зарлиг, Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрийг дагаж, ирэх өдрүүдэд гэрээсээ хамраа битгий цухуйлгаарай гэж хичээнгүйлэн хүсье. Ахмад настнууд ч үр хүүхдийнхээ төлөө, үр ач нарынхаа төлөө энэ жилийн цагаан сараар нэг ч хүн хүлээж авахгүй гэдгээ хэлчихээсэй хэмээн уриалж байна. Ёс заншлыг хуулиар хориглож болдоггүй. Цэргийн хүчээр л биш бол золголтыг ч хязгаарлах боломжгүй гэдгийг ч Засгийн газраас мэдэгдэв. Угтаа цэвэр иргэдийн ухамсрын асуудал гэдгийг хэллээ. Гэвч хориглоно гэсэн шийд гарчихаад байхад л худалдааны төвүүдээр хөлхсөөр байгаа иргэдийг харахад хязгаарлуулах хүсэлгүй нь харагдаж байна. Хаалттай нийгмийн үед ч хулгайгаар тэмдэглэж болдог байсан юм хэмээн эгдүүцэх хүн бишгүй олон байна билээ. Гэвч энэ бол нийгмийн шахалт гэхээс илүү нийтийн эрүүл мэндтэй холбоотой тахал өвчний тухай ярьж буйг ойлгоосой. Нэгнээ хайрлаж, нийтийн төлөө нэг удаа цагаан сар хийхгүй байх төрийн шийдвэрээ дагацгаая, монголчууд аа.