ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дэлхийд MERS-ээр 400, SARS-аар 774, коронавирусээр 1365 хүн нас баржээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-14

Дэлхий нийтийг цочироосон аюулт цар тахал буюу шинэ коронавирус /covid-19/-ийн тархалт улам нэмэгдсээр байгаа билээ. Одоогоор дэлхийн 26 оронд нийтдээ 60178 хүн өвчилж, 1365 хүн амь насаа алдаж, 5697 хүн эдгэрсэн гэдэг мэдээллийг өчигдөр ДЭМБ-аас өглөө. Шинэ коронавирус  урьд өмнө нь гарч байсан SARS, MERS-тэй харьцуулашгүй бөгөөд хүнээс ялгарч буй бүх л шингэнээр дамжиж, халдварлах чадамж  өндөртэй тахал  гэдэг нь лабортарийн шинжилгээгээр тогтоогдсон билээ.

Тухайлбал, 2003 онд шинэ төрлийн титэм вирус дэлхий даяар тархаж 8000 гаруй хүнийг амьсгалын цочмог хам шинж буюу SARS-аар  өвчлүүлж, 774 хүний амь насыг авчээ. Тухайн үед  SARS нь  нийтийн анхааралд өртсөн ч халдвар тун удалгүй намжиж 2004 оноос хойш дахин бүртгэгдээгүй аж. Түүнээс хойш 2012 онд АЦХаХ-тай төстэй халдвар дахин бүртгэгдсэн байдаг бол  2015 онд тэмээний ханиад гэгддэг Ойрх Дорнодын амьсгалын цочмог хам шинж MERS-ээр 1000 гаруй хүн өвчилж, 400 хүний амь насыг авч оджээ. Харин манай улсад SARS, MERS-ийн есөн тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд нас барсан тохиолдол үгүй аж. Тиймээс ДЭМБ-аас шинэ коронавирус нь SARS, MERS-тэй адилгүй учраас  олон улсад онцгой  байдал зарлаж, аюулт гамшгаас сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй  өгч байна. Үүнтэй холбогдуулан  дэлхийн улс орнууд хилээ бүрэн болон хэсэгчлэн хааж байгаа бол манай улсад ч мөн ялгаагүй өчигдрөөс эхлэн гамшгаас хамгаалах  өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах шийдвэрийг төр засгаас гаргаад байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих гэдгийг Гамшгийн тухай хуульд “Тодорхой нутаг дэвсгэр, обьектод гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараахь арга хэмжээг авна” хэмээн тусгажээ. 

Энэ үеэр дараах арга хэмжээг авч ажиллана 

1. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах хуулийн хэсэгт зааснаар гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж шуурхай штаб байгуулж ажиллана.
2. Гамшгаас хамгаалах улс болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах.
3. Шинэ коронавирус бүртгэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмийг тогтоох.
4. Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг томилгоожуулан бэлтгэл бэлэн байдлыг хангах.
5. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх.
6. Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулах.
7. Цагаан сарын сурталчилсан зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар явуулахыг өнөөдрөөс хориглох.
8. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих, тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйжүүлэлт хийх.
9. Гамшгийн нөөцийг нэмэгдүүлэх ажиллагааг зохион байгуулах.
10. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нутгийн байгууллага  хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах.
11. Цагаан сарын баяртай холбогдуулан хүнс барааны үзэсгэлэн худалдааг зохион байгуулахыг хориглох.
12. Баар, ресторан, нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээ, ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийх.
13. Олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, соёлт хүндэтгэл урлаг спортын арга хэмжээг зогсоох.
14. Шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд олон нийтийг оролцуулахгүй байх арга хэмжээг авах.
15. Аж ахуй нэгж байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах.
16. Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэхгүй байх.
17. Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэдтэй эмнэлэгт эсвэл гэрээр асарсан эцэг, эх, асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөөг олгох юм.

Ц.Ганзориг: Шуурхай штаб байгуулна

/ОБЕГ-ын дэд дарга, хурандаа/

-Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Засгийн газрын 62 дугаар тогтоолд “Шинэ коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны энэ сарын 13-ны өдрөөс гуравдугаар сарын 20-ныг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсүгэй” гэсэн  тогтоол гарлаа. Тиймээс гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, шуурхай штаб байгуулах гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг бэлэн байдлыг хангах, Цагаан сарын баяртай холбоотой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг 13-ны 16.00 цагаас эхлэн зогсоох, хот хоорондын нийтийн тээврээр зорчигчдын тээврийн хэрэгслийг ариутгах хэрэгслээр хангаж, ариутгах, олон нийтийг хамарсан  шашны байгууллагуудын зан үйл, цуглаан иргэд олон нийтийг оролцуулахгүй байх зэрэг заалт тусгасан.

Ж.Амгалан: Худал мэдээлэл тараасан 30 гаруй хүнийг шалгаж байгаа

/ ЦЕГ-ын албаны дарга/

-Цагдаагийн байгууллагаас худал мэдээлэл, цуурхал гаргаж нийт ард түмнийг айдаст автуулахгүй байхыг анхааруулмаар байна. Чингэлтэй дүүрэгт амьдардаг иргэн худал мэдээлэл тараасныг олж тогтоогоод шалгаж байна. Өвчин гарлаа гэхэд төрийн байгууллага нууж хаана гэж байхгүй. Ямар нэг хаягаар явж байгаа мэдээллийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлж байгаа. Худал мэдээлэл тараасан 30 гаруй хүнд холбогдох 10 гаруй хэрэг зөрчлийг шалган, эхнээс нь шийдвэрлэж байна.

Б.Баатарсүх:  Цэргийн төв эмнэлэгт 570, ХӨСҮТ-д 50 ор бэлдсэн

/НЭМГ-ын Халдварын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн/

-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд халдвараас хэрхэн хамгаалах ёстой вэ?

-Шинэ коронавирусийн халдвар, томуу болон томуу төст өвчнөөс  урьдчилан сэргийлэх  анхааруулга, зөвлөмжүүдийг эрүүл мэндийн яамнаас хүргэж байгаа. Иргэд энэ талаарх мэдээллийг баттай эх үүсвэр болох Эрүүл мэндийн яамны веб хуудас  болон фэйсбүүк цахим хуудаснаас авч байх шаардлагатай.  Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс хэд  хэдэн  зөвлөмжийг иргэдэд өгч байгаа. Тухайлбал,  шинэ коронавирусийн өвчлөл гарсан улсууд руу зорчихгүй байх, олон хүн цугласан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос татгалзахыг зөвлөсөн. Мөн салхивчаа нээж агаар салхи оруулж байх, өдөр бүр гэр орондоо агаарын солилцоо оруулж байх нь өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай.  Хувийн ариун цэврийг сайн сахих савангаар гараа хөөсрүүлж 20 секундээс багагүй хугацаанд  угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйжүүлэх,  ханиаж найтаах үедээ цэвэр салфетикаар ам хамраа таглах юмуу тохойгоороо халхалж нус шүлсээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам хамраа таглахгүй байх хэрэгтэй юм.Түүнээс гадна байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах, амны хаалтыг зүүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэд дэлгээд  ам, хамар эрүүгээ  бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайн наалдуулж өгөх ёстой. Амны хаалтыг зүүхээс өмнө гарыг сайтар угааж, амны хаалтны дотор хэсгийг бохирдуулахаас хамгаалах, нэг удаагийн амны хаалтыг хоёроос гурван цаг тутам сольж хэрэглэн, гадны талын бохир хэсэгт гар хүрэлгүй, чихний уяанаас барьж устгах, өдөр тутмын хоолны бүтцийг чухалчлах,  мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тохируулж витаминыг хоолоор нөхөж ус зохих хэмжээгээр уух, Идээ ундаагаар шинэ хэлбэрийн корона вирусын халдварлалтаас сэргийлэх зорилгоор зарим төрлийн идээ, ундаа, архи согтууруулах ундааны тухай элдэв цуу яриаг туршиж хугацаа алдалгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Эмнэлгийн зориулалттай  хөх спиртийг нян бактерийг устгах, гар ариутгах зорилгоор хэрэглэдэг гэдгийг сануулмаар байна. Өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээг хоёроос  доошгүй удаа хийж гар их хүрч болох, амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, гар утас, компьютер зэргийг хоёр цаг тутам болон бохирдсон тохиолдол бүрт хийх, бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх, амьтантай шууд гараар хүрэлцэхгүй байх, хооллохдоо ямар ч тохиолдолд  зөвхөн өөрийн аяга таваг, халбага, сэрээ савхаар идэх хамгийн гол нь хүүхдүүддээ хүний уусан аяганаас уухгүй байхыг сануулж ойлгуулах.  Нийтийн эзэмшлийн газар гудамж талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх, хогийн савыг дүүргэлгүй суллаж халдваргүйжүүлэх гэсэн зөвлөгөөнүүдийг ард иргэддээ хүргүүлж байна.

-Эмнэлгүүд ямар бэлтгэл ажил хангасан вэ?

-Эмнэлгүүд тусгаарлах өрөө, яаралтай тусламжийн үед явуулах нөхцөл байдлыг сайжруулах бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Шаардлагатай үед ашиглахаар Цэргийн төв эмнэлэгт 570 ор мөн ХӨСҮТ-д 50 ор бэлдэж бэлтгэлийг хангасан. Эмнэлгүүд өөрсдийн бүх бэлэн байдалд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Бүх эрүүл мэндийн байгууллагууд сэжигтэй тохиолдол гарсан үед тухайн бол нь тусгаарлах бэлтгэл ажлууд явагдаж байна.

-Эмнэлэг, эмийн сангууд уртасгасан цагаар ажиллаж байгаа юу?

-Дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа. Иргэдэд чиглэсэн  нээлттэй утсаар зөвлөгөө өгч байна. 

Б.Дөлгөөн: Цагаан сартай холбоотой сурталчилгаа явуулсан байгууллагыг торгоно

/БНҮҮС –ийн хэрэгжилт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн/

-Эхний ээлжинд хэвлэл мэдээллийн байгууллагуудад цагаан сартай холбоотой реклам,  сурталчилгаа цацахыг хориглосон албан бичгийг хүргүүлж байна. Одоогоор 500 гаруй аж ахуйн нэгж байгууллагад албан бичиг хүргүүлээд байгаа юм. Байгууллагуудтай нэг бүрчлэн утсаар ярьж, сануулж байна. Гэхдээ манайд албан ёсны удирдамж нь ирээгүй.  Удирдамжид манай байгууллагын хариуцах чиг үүргийг тусгасан байгаа. Удирдамж ирсний дараа ямар арга хэмжээ авах, ямар зохицуулалт хийх нь тодорхой болох юм. Харин уг захирамжийг зөрчсөн аж ахуйн нэгж байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 5.13-т заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. 

Ц.Ганзориг: Захуудыг хаахгүй, хүнсний хомсдол үүсэхгүй

/Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга/

-Хагас өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа гээд хүнсээ нөөцлөх ямар ч шаардлага байхгүй. Захуудыг хаахгүй. Монгол Улс мах, гурилаа дотоодоосоо хангадаг учир хүнсний хомсдол үүсэхгүй. Засгийн газрын хуралдаа­наар Ерөнхий сайд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулах чиглэл өгсөн. Энэ зөвлөлд Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал багтдаг. Зөвлөлийн хуралдаанаар хүүгийн дарамттай холбоотой гарц шийдлийг хангаж ажиллах чиглэл өгсөн. Дэлхий нийтийг хамарсан энэ халдварын үед топ эдийн засагтай улс орнууд ч их хэмжээний хохирол амсаж байгаа. Монгол Улс ч гэсэн аль болох эдийн засгийн хохирол аль бага амсаж, нөхцөл байдлыг давж гарахаар мэргэжлийн байгууллага тооцоо судалгаа хийн ажиллаж байна. 

Б.Пүрэвжав
Д.Жамьяндагва