ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Менежер”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-14

Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын үүрэгт ажлаа сонгуулиас шалтгаалан хүлээлгэн өгсөн З.Энхболд даргын ажлыг Ө.Шижир хүлээж авахаар болж байна. Энэ тухай яриа шинэ он гарснаас хойш яригдсан бөгөөд албаны эх сурвалжууд ч үгүйсгээгүй юм. Ө.Шижир гэгч хэн болох, ЕТГ-ын дарга гэх чухал албан тушаалд очих хүн мөн үү гэдгийг олон нийт ч сонирхож буй.

Тиймдээ ч энэ удаагийн “Өдрийн хүн”-ээр түүнийг нэрлэж байна. Ө.Шижир нь 2015 онд анх Хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогджээ. Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбат эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хүлээлгэн өгсний дараа тэрбээр түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байлаа.

Энэ цагаас хойш хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, мөн олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайн тоог нэмэгдүүлэх чиглэлээр чамгүй олон ажил хийсэн. Төрөөс нэг ч төгрөгийн дэмжлэггүй энэ спортыг Монголд хөгжүүлэхийн тулд гадны олон улс оронтой хамтын ажиллагааг эхлүүлж, мөн багаараа төсөл хөтөлбөр бичиж мөнгө босгох зэргээр хичээн ажилласны үр дүнд олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай, бэлтгэлийн талбай зэргийг барьж чадсан юм.

Мөн эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийг бэлтгэх талаар ч энэ залуугийн хийсэн ажил их билээ. Монголын хөлбөмбөгийн спорт амжилттай хөгжиж, тив, дэлхийн олон ч тэмцээнд амжилт гарган, түүхэн амжилт бүтээсээр байгаа юм. Ө.Шижир нь өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус ахлах зөвлөхөөр ажиллаж байсан чадварлаг менежер. Менежментийн чиглэлээр мэргэшсэн гэдэг бөгөөд Ерөнхийлөгчийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхаас л багт нь ажиллаж, чамгүй туршлага хуримтлуулж чаджээ. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүнээр ажилладаг, хувь, хувьсгалын салбарт амжилттай ахиж дэвжиж яваа чадварлаг залуусын нэг билээ. Мөн эдгээр ажлынхаа хажуугаар Азийн хөлбөмбөгийн холбооны Хөгжлийн хорооны гишүүнээр мөн давхар ажилладаг. “Ерөнхийлөгчийн хувьд залуу хүн ч гэсэн энэхүү албан тушаалд ажиллах явцдаа илүү их туршлага хуримтлуулж чадна хэмээн итгэсэн байх” хэмээн ажлаа хүлээлгэн өгч буй ЕТГ-ын дарга З.Энхболд түүнийг үнэлж байсан удаатай.