ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Иргэд гэрээсээ гаралгүй баярлахыг дэмжиж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-18

Шинэ төрлийн коронавирусийн тархалт  буурахгүй, өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан  манай улс хилээ хааж, хагас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Тиймээс удахгүй болох сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх шийдвэрийг төрөөс гаргаж,  хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг  хориглоход шийдвэрлээд буй.  Иймд сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх  болон төрийнхөө  шийдвэрийг  хэрхэн биелүүлэх талаар иргэдийн байр суурийг  сонирхлоо.   

 

 

Д.Энхтуяа: Зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд баяраа тэмдэглэнэ

/Чингэлтэй дүүргийн оршин суугч/

-Сар шинийн баяраа энэ жил өргөн дэлгэр тэмдэглэхгүй. Зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэнэ. Миний хувьд шаардлагатай зүйлсээ бэлдсэн. Хүүгээс минь мах болон цагаан идээ ирсэн.  Ёс болгож битүүнд тавгийн идээгээ засна. Шинийн 1-нд зөвхөн гэртээ золголтоо хийнэ. Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх төрийн шийдвэр гарсан. Тиймээс төрийнхөө шийдвэрийг зөрчихгүй. Хөдөө, орон нутаг болон хот дотор золголт хийхгүй.

 

Д.Нямсүрэн: Аюулт өвчний тархалт буурсан цагт уулзаж болох байх

/Чингэлтэй дүүргийн оршин суугч/

-Миний хувьд бэлтгэлээ хангасан. Сар шинийн баяраа тэмдэглэдгээрээ тэмдэглэнэ. Гэхдээ айл хэсэж, ах, дүү нартаа хүндрэл учруулахгүй. Энэ аюулт өвчний тархалт буурсан цагт уулзаж, учирч болох байх. Ерөнхийлөгч мөн зарлиг гаргасан байна билээ. Ийм байхад заавал өргөн дэлгэр тэмдэглэх гэж зөрж, зүтгэхгүй. Нэгэнт бэлтгэлээ базаасан учир зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд цомхон хийнэ.

 

Б.Болормаа: Төрийн шийдвэрийг зөрчих эрх бидэнд байхгүй

/Хан-Уул дүүргийн оршин суугч/

-Цагаан сараар гэрээсээ гарахгүй. Зөвхөн гэртээ идээгээ засаад, гэр дотор ам бүлээрээ золгоно. Түүнээс биш ээж, аав, ах, эгч нартаа очиж золгохгүй. Утсаар холбогдоод мэнд хүргэнэ. Төрөөс цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан. Үүнийг иргэн хүнийхээ хувьд дэмжиж байна. Хуультай, төртэй, удирдлагатай улс ийм л байх ёстой. Шийдвэрийг зөрчих эрх бидэнд байхгүй.

 

Ж.Цогт: Айл хэсэхгүй, зочид хүлээж авахгүй

/Баянгол дүүргийн оршин суугч/

-Нийгмийг цочроосон корона­вирусийн тархалт буурахгүй байна. Бид Эрүүл мэндийн яам болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга мэдээлэл авч байгаа. Тиймээс өөрийн хайртай хүмүүс болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хүндэтгэн үзэж Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэх шаардлагагүй. Үр, хүүхэд, ах, дүү нараа ирж амар мэнд мэдсэнгүй гэж гомдох ч хэрэггүй. Энэ бол жирийн иргэдийн төрийнхөө өмнө хүлээсэн үүрэг хариуцлага. Манайх гэр бүлдээ цомхон золгоно. Өөрсдөө айл хэсэхгүй. Зочид хүлээж авахгүй. Бусдад хүндрэл учруулахгүй.

 

Б.Норовдорж: Үр хүүхдүүдээ ирж,  золгох хэрэггүй гэж хэлсэн

/Сүхбаатар дүүргийн оршин суугч/

-Сар шинийн бэлтгэлээ сайн хангаагүй. Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй гэсэн төрийн шийдвэр гарсан учир бэлтгэлээ цомхон хангасан. Зөвхөн идээгээ засаад, шүүсээ тавина. Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргана. Өөрөөр ямар нэгэн алхам хийхгүй. Айл хэсэхгүй. Ах, эгчдээ очихгүй. Тэр бүү хэл үр хүүхдүүдээ ирж золгох хэрэггүй, амар мэнд мэдэх шаардлагагүй гэж хэлсэн. Шаардлагатай бол утсаар холбогдоно. Эрүүл саруул байвал ганц жил баяр тэмдэглэхгүй байх нь юу ч биш.

 

Я.Содномцэрэн: Сар шинийн баярыг тэмдэглэхгүй

/Сүхбаатар дүүргийн оршин суугч/

-Гэр бүлийн маань хүн бурхан болсон учир сар шинийн баярыг тэмдэглэхгүй. Шинийн нэгний өглөө бурхандаа мөргөөд, зул, хүжээ бариад л өнгөрүүлнэ. Хүүхэд багачуудаа нэг дор олноороо цугларах, бөөгнөрөх шаардлагагүй гэж хэлсэн бас сануулсан. Тиймээс жирийн нэгэн өдөр шиг угтана даа. Олныг айлгасан аюулт өвчин зүгээр болсон цагт хүүхдүүдтэйгээ олноороо цуглаж болох байх. Түүнээс өмнө ямар нэгэн баяр ёслолыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй. Үр хүүхдүүд минь ч үүнийг ойлгож байгаа.

 

Д.Тэрбиш: Төр, засаг үнэхээр шуурхай, хүртээмжтэй ажиллаж байна

/Баянзүрх дүүргийн оршин суугч/

-Хувийн бэлтгэлээ  эрт базаасан. Гэхдээ ах, дүү нартаа цагаан сарыг өргөн тэмдэглэхгүй гэдгээ хэлсэн, мэдэгдсэн. Бүгд ойлгож байна лээ. Бид цөөхүүлээ. Түүнээс гадна хүн амын олонх нь Улаанбаатар хотод амьдардаг. Тиймээс сонор сэрэмжээ бууруулж болохгүй юм. Төр, засаг үнэхээр шуурхай, хүртээмжтэй ажиллаж байна. Ард иргэдэд шаардлагатай бүх мэдээллийг нь өгч байна. Иргэдээ хамгаалах гэж шийвэрүүдийг түргэн шуурхай гаргаж байна. Ийм байхад хүмүүс заавал төрийн шийдвэрээс зөрж, Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэх гээд  байх хэрэггүй. Миний хувьд ч гэсэн бусаддаа уриалга болгох үүднээс цомхон болон зөвхөн халуун ам бүл дотроо тэмдэглээрэй гэж хэлье.

 

Г.Баттулга: Иргэнийхээ үүргийг биелүүлнэ

/Сонгинохайрхан дүүргийн оршин суугч/

-Миний хувьд зөвхөн хашаандаа баярлана. Түүнээс гадуур гарч золгуут хийхгүй. Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх шийдвэрийг төрөөс гаргасан учир хувийн бэлтгэлээ цомхон хангасан. Коронавирусийн тархалт зогстол иргэнийхээ үүргийг биелүүлж, төрийнхөө шийдвэрийг дагана. Ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалах гэсэндээ ийм шийдвэр гаргасан байх. Түүнээс төр засагт, Цагаан сарын баярыг хориглох, цуцлах ямар нэгэн шалтаг, шалтгаан байхгүй. Төрийн шийдвэрийг хүндэтгэнэ, би.

 

н.Баяраа: Утсаар болон онлайнаар амар мэндээ мэднэ

/Сүхбаатар дүүргийн оршин суугч/

-Дэмжиж байгаа. Төрийнхөө шийдвэрийг дагана. Тиймээс сар шинийн баярыг зөвхөн хань ижил, үр хүүхдүүдтэйгээ гэртээ тэмдэглэнэ. Айл хэсэхгүй, бусдад хүндрэл учруулахгүй. Зөвхөн утсаар болон онлайнаар амар мэндээ мэднэ. Шаардлагатай тохиолдолд бэлгийг нь дансаар шилжүүлнэ. Хөдөө, орон нутгийг зорихгүй. Шинийн хоёрны нар үзэхгүй. Уул хаданд гарахгүй. Зөвхөн гэр дотроо халуун ам бүлээрээ ам цагаан хулгана жилдээ юу хийхээ төлөвлөнө дөө.