ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Нэргүй: Сар шинээр нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана

Д.ЖАМЪЯНДАГВА (сэтгүүлч)
2020-02-18

Цагаан сарыг нийтээр тэмдэглэхийг хориглосонтой холбогдуулан сар шинийн өдрүүдэд явган эргүүл ажиллах болсныг НОБГ-аас мэдэгдсэн. Энэ талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүйгээс тодрууллаа.

-Сар шинийн өдрүүдэд явган эргүүлүүд   ажиллахаар болсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Нийслэлийн Онцгой байдлын газраас нийтээр цагаан сар тэмдэглэхгүй болсонтой холбоотойгоор коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хүмүүст мэдээлэл өгөх,  гудамж талбайд ил задгай бие засах, нус цэрээ хаях зэрэгт хяналт тавьж ажиллах албан хаагчдыг эргүүлийн үүрэг гүйцэтгүүлэх шийдвэр гаргасан. Эдгээр эргүүлүүд нь хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбай гэр хорооллын гудамжуудаар  явж, хяналт тавьж ажиллах юм.

-Эргүүлүүд хэзээнээс гарч эхлэх вэ?
-Одоогоор хуваарь гарч дуусаагүй байна. Өнөөдрөөс эхлэн эргүүлүүд хаана байрлах хуваарийг гаргана. Энэ долоо хоногтоо багтаад  хувиар нь гарах юм. Хуваарь гарсны дараа тодорхой мэдээллийг иргэддээ өгөх болно. Мөн нус цэр, тамхины ишээ хаясан иргэнийг торгох ажлыг хийж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт Зөрчлийн тухай хуульд заасны дагуу нус, цэр, тамхины иш хаясан болон амны хаалт зүүгээгүй иргэдийг 10.000 төгрөгөөр торгож эхэлсэн бөгөөд 200 гаруй иргэнд дээрх торгуулийг оноосон. 

-Эргүүлийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд яах вэ?
-Энэ бол тухайн хүний өөрийн ухамсраас шалтгаалах асуудал. Эргүүлд гарч байгаа алба хаагчдын хувьд  ямар нэгэн торгох шийтгэл оногдуулах эрхгүй. Харин Зөрчлийн тухай хуулийн 5.1-д заасны дагуу цагдаагийн албан хаагч болон мэргэжлийн хяналтын байцаагч  нар тухайн иргэний газар дээр нь 10000 хүртэл нэгжээр торгох эрхтэй юм.

-Сар шинийн өдрүүдэд замын хөдөлгөөнийг хязгаарлах уу?
-Одоогоор хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа. Шаардлагатай бол орон нутгийн замын хөдөлгөөнийг хааж магадгүй. Гэхдээ шийдвэр гараагүй байгаа. Ялангуяа малчин иргэд цагаан сараа тэмдэглэхээр бэлтгэж байна. Тийм учраас аймаг, орон нутгийн онцгой комисс сумдад хөл хорио хязгаарлалт хийх хэрэгтэй юм. Малчин иргэд цагаан сараа тэмдэглэнэ гэх яриа байгаа. Үүнтэй холбогдуулан сум нь дээрх шийдвэрийг гаргаад явах байх.

-Орон нутаг руу чиглэсэн замыг хаана гэсэн үг  үү?
-Одоо бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Шаардлагатай бол хаана. Ер нь баярын өдрүүдээр хаахаас өөр аргагүй байдалд хүрэх байх. Гэхдээ шийдвэр гараагүй байгаа. Аймгийн түвшинд шийдвэрүүд гарсан. Одоо сумдын түвшинд сул байгаад байна.

-Хэдэн хүн эргүүлд гарах вэ. Онцгой байдлын алба хаагчид үндсэн үүргийнхээ хажуугаар эргүүлд гарах боломж байгаа юм уу?
-Чөлөөндөө гарсан ах­мадуудыг сайн дурын үндсэнд тусгайлан гаргасан хуваарийн дагуу эргүүлийн ажиллагаанд дайчлах шийдвэр гарсан. Хэдэн хүн хаагуур эргүүлд гарах зэргийг нарийн хуваарь гарсны дараа мэдэгдэнэ.

-Хөл хорионы үеэр шашны байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох уу?
-Шашны байгууллагын үйл ажиллагааг зогсооно. Яг хэднээс хаах тухай асуудлыг ярилцаж байна. Ямар ч гэсэн цагаан сараас өмнө хаана.

-Томоохон зах, худалдааны төвүүдээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо их байна. Энэ талаар хяналт шалгалт явуулж байгаа юу?
-Үйлчилгээний байгуул­ла­гуу­дын үйл ажиллагааг зогсоохгүй. Харин аюулгүй байдлаа маш сайн хангах шаардлагатай. Амны хаалтгүй хүнийг оруулахгүй байх шийдвэр гарсан. Тухайн зах, дэлгүүрийн удирдлагууд үүнд хяналт тавьж ажиллаж байгаа.  Тийм учраас одоохондоо хязгаарлалт тавихгүй. Иргэд өөрсдийн аюулгүй байдлаа хариуцаад   бүгд цагаан сараа хойшлуулах хэрэгтэй байна. Хэрвээ золголт шинэлэлтээ зогсоохгүй бол тухайн хүнд хариуцлага ярина.