ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тэр бол тоймч

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-02-18

МУСГЗ, олон улсын тоймч DZ man буюу Б.Дашзэвэг гуай “Нэрээ цэвэрлээд үхэх юмсан” хэмээн ярьжээ. Ингэж хэлэх нь аргагүй биз. Түүнийг Монголд мэдэхгүй хүн цөөхөн. Тэрбээр анх МҮОНРТ-ээс ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд олон улсад өрнөсөн улс төрийн үйл явдлын чухал хэсгийг  тоймлож, жирийн иргэдийн мэдэх эрхийг хангаж байлаа. Түүний тоймоор дамжуулан бусад орнуудад өрнөсөн үйл явдлын мэдээллийг авахаас гадна томоохон гүрнүүдийн баримталж байгаа гол бодлого, улс төрийн шийдвэр зэргийг унших, судлах боломжийг мэргэжлийн хүмүүст олгож байсан  юм. Гэтэл одоогоос гурван жилийн өмнө тоймч Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан гэх хэрэгт буруутгагдаж, шүүхээс гурван жилийн ял сонссон билээ.

Тэрбээр шүүхээс өгсөн ялыг биеэр эдэлсэн төдийгүй нэг жил арван сарын хугацааг  хорих ангид хэрхэн өнгөрүүлсэн тухайгаа ярьсан байх юм. Гэхдээ тэр өөрийгөө өмөөрч, бусдыг илтэд буруутгасангүй аж. Харин  тухайн үед өрнөсөн нөхцөл байдлын  талаар илэн далангүй ярьсан бөгөөд  туйлын ганц мөрөөдөл нь “Нэрээ цэвэрлэх” гэлээ. Миний мэдэхийн тэр анх удаа өнгөрсөн нөхцөл байдлын талаар ам нээсэн нь энэ байх. Мөн хоригдсон хугацаандаа нэг удаа захидал бичсэнээс өөрөөр өөрийгөө өмгөөлсөн, хамгаалсан нэг ч үгийг амнаасаа унагаагүй юм. Түүнд өөрийгөө хамгаалах, өмгөөлөх 1000 шалтгаан байсан байх. Гэхдээ тэр нөхцөл байдлыг үнэн мөнөөр шийдэх өдөр ирнэ гэж итгэжээ. Түүний гомдол хэрхэн тайлагдах эсэхийг зөвхөн цаг хугацаа л харуулах байх. Хорвоог таньж эхэлсэн өөдөсхөн жаахан охинд ч  гэсэн үнэн, мөнийг хэлэх өдрүүд өчнөөн бий. Хэн нэгнийг гэмтэн болгож, эсвэл гэмгүй мэтээр хамгаалах нь өрөөсгөл ч тэр хэрхэвч ийм зүйл хийх хүн биш. Тэр бол тоймч. Харин хоригдол гэх нэр зохихгүй.