ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мөнхийн хөршдөө туслах хандивын аяныг эхлүүллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-18

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилсон билээ. Энэ хүрээнд БОАЖЯ, Гадаад харилцааны яам, Сангийн яамнаас хамтран хандивын данс нээлгэж, БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүлжээ.

Энэ талаар өнөөдөр Гадаад харилцааны яаманд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон Дэд сайд Б.Батцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нарын албан тушаалтнууд хамтран мэдээлэл хийлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат аяныг зохион байгуулахаар болсон шалтгааны талаар ярихдаа “Манай улсаас жилдээ 1.1-1.5 сая иргэн БНХАУ-д жуулчилдаг бол Монгол Улсад ирж буй жуулчдын 40 орчим хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байгаа. БНХАУ, Монгол Улс сайн хөршийн харилцаатай. Тиймээс хүнд нөхцөл байдалд орсон хөршдөө сэтгэлийн дэмжлэг үзүүлэх иргэн, ААН-ийн хүсэлтийг хялбар шийдэх үүднээс Монгол Улсын Засгийн газраас шуурхай үйл ажиллагаа зохион байгуулах ажиллаж байна” гэлээ.

Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Зохион байгуулалтгүй баахан олон данс, хувь иргэд хүртэл хандив зохион байгуулж эхэлсэн учраас нэгдсэн зохион байгуулалтад оруулах нь зөв гэж үзсэн" хэмээн онцлов. Одоогийн байдлаар урд хөршдөө туслах хандивын аянд Ардчилсан нам, НЗДТГ, МҮХАҮТ, Хятадад төгсөгчдийн холбоо тус тус хандив өргөжээ. Ухань хотод байгаа мэргэжилт нэгтнүүддээ туслах хандивын аян нь эрүүл мэндийн салбарт өрнөж эхэлжээ.

Мөн хамгийн том хандивыг Монгол Улсын Засгийн газраас өгөөд байгаа гэлээ. БНХАУ нь манай худалдааны хамгийн том түнш орон. Тиймдээ ч 2010 оноос эхлэн тус улстай 1.5 тэрбум ам.долларын зээлийн гэрээ хийж, томоохон бүтээн байгуулалтын ажил хийж буйг Сангийн дэд сайд Х.Булгантуяа мэдэгдлээ. Сүүлийн жилүүдэд нэг тэрбум орчим юанийн буцалтгүй тусламжийг манай улсад өгсөн мөнхийн хөрш улсдаа хүнд хэцүү цаг үе ирээд байхад нь туслахыг мөн уриалсан юм. Энэ үеэр албан ёсны хандивын дансыг мөн зарлалаа.

Хандивын данс: Төрийн банк 341303432597
Хүлээн авагчийн нэр: khumuunlegiin ayan