ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Урт цагаан”-ыг ужигруулсаар ниргэсэн хойно нь хашгирах вий

O.Admin
2020-02-19

 -Тэнд үйл ажиллагаа явуулдаг иргэдийн олонхи нь засвар үйлчилгээ хийгдээгүй, нураах нь зөв гэлээ- 

 

Гар урчууд, уран дархчуулын хөрөнгөөр, хятад барилгачдын гараар боссон “Урт цагаан” 1962 онд ашиглалтад орсноос хойш 60-аад жилийн нүүрийг үзжээ. Өнөөдөр энд 200 гаруй түрээслэгч худалдаа, ахуйн үйлчилгээний төрлөөр үйл ажиллагаа явуулж байна. Хана, тааз нь хөгцөрч, шал нь цөмөрсөн, цахилгаан сантехникийн доголдолтой, өнгө үзэмж тааруу ийм нэгэн хоёр давхар барилга хотын төвд “намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэсэн шиг бараантана. Монголын нарийн нандин хийцтэй гар урлалын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, сайд дарга нарт үйлчлэх тусгай үйлчилгээний тасаг, гутал засвар, оёдолчид голдуу ажиллаж байсан “Урт цагаан” өнөөдөр хэний өмчид, хэний харьяалалд, хэний мэдэлд байдаг нь мэдэгдэхгүй, 30 гаруй хүний хувааж түрээсийн орлогоор нь хэтэвчээ дүүргэдэг газар боллоо. Хоршоологчдын төв зөвлөл гэгчийг 1991 онд татан буулгаснаар  уг барилга хариуцах эзэнгүй болж, төр өөрийн өмчид бүртгэн авсан ч өнөөдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэдэлд байдаг гэх юм билээ.  1992 онд Өмч хувьчлалын комиссын тогтоолоор “Урт цагаан” ахуйн үйлчилгээний төвийг хувьчлах шийдвэр гарч, тухайн үед 7165.1 мянган төгрөгөөр үнэлэгдэж байсан төвийн хөрөнгийг 7161 ширхэг ягаан тасалбараар ажиллагсдад нь худалдаж, харилцах дансанд нь байсан 955.1 мянган төгрөгийг улсын төсөвт авсан байдаг. Мөн 6687.6 мянган төгрөгийн өртөг бүхий үйлдвэрлэлийн барилга, склад, хашааг нь төрийн өмчид үлдээжээ. Ингээд 1998 он хүртэл “Урт цагаан” хэний ч мэдэлд байхаа больж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, хэсэг хүмүүс нэгдэн өөрсдөө хөрөнгө оруулж тэрбум гаруй төгрөгөөр их засвар хийсэн гэдэг юм билээ.

Урт цагааны ашиглалтын талбай нь 7600 ам.метр гэдэг бөгөөд түрээслэгчдэд ам.метрийг нь 9000 төгрөгөөр тооцож түрээсэлдэг. Гэсэн ч цааш нь дам түрээслэгч хэдхэн хүн 10 дахин нугалсан үнээр үйлчилгээ эрхлэгчдэд түрээслүүлж ашиг олдог байна.  НИТХ-ын 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай 40 дүгээр тогтоолын дагуу ам.метрийн үнэ 4500 байсныг 9000 төгрөг болгосон. Дам түрээслэгч гэх 30 хүн л нийслэлд түрээс төлдөг бөгөөд уг барилга нь насжилт өндөр гэдэг шалтгаар түрээсийн үнийг нэмүүлдэггүй аж. Тэр хэдхэн хүн цаашаа 200 орчим хүнд ам.метрийг нь 90 мянган төгрөгөөр тооцож түрээс авдаг гэсэн үг. Тиймээс тэр 30-хан хүний амаар нийслэл өмчөө мэддэг болж таарах нь.

Нийслэлийн удирдах ажилтнуудын хурлаар “Урт цагаан”-ы хувь заяаг шийдвэрлэхээр яригдах бүрт түрээслэгчид эсэргүүцэж эхэлдэг.  Хөрөнгө оруулалт хийсэн гэдэг нэрээр Нийслэлийн өмчийн газраас ихээхэн хэмжээний мөнгө нэхээд суучихдаг. Хүн  бүр таван саяас 400 сая хүртэл төгрөг нэхдэг гэж байгаа. Мэдээж одоо түрээсээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүс биш. Харин тэдэнд 90 мянгаар түрээслээд нийслэлд есөн мянгаар түрээс төлдөг хэсэг бүлэг хүн бий.

Тэгвэл манай сурвалжилах хэсэг “Урт цагаан”-ы өнөөгийн нөхцөл байдлын талаар холбогдох хүмүүстэй уулзаж, сурвалжилга бэлтгэлээ. Хамгийн түрүүнд “Урт цагаан хөгжлийн холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Цэндбаатартай уулзаж ярилцсан юм. Тэрбээр, “Хоёрдугаар сарын 11-ний мягмар гарагт  Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат хүрч ирээд үйлчилгээнд ямар ч хамаагүй бохир заваан хэсгийн зургийг авч олон нийтэд тарааж, хэвийн явуулж байгаа үйл ажиллагаанд саад хийлээ.Тэр үедээ Ш.Үнэнбат дарга “төр нь өмчөө мэддэг юм” гэж хэлсэн.  Төрийн өмч гэдэг бол Ш.Үнэнбатын өмч биш. “Урт цагаан”-ы барилгын гадна дотно талд засвар хийлгэлгүй өнгө үзэмжийг нь доройтуулж газрыг нь үнэд хүргэх олигархиудын санаа байдаг юм. Энд нийтдээ 450 гаруй түрээслэгчид байдаг. Нураах юм бол энэ олон хүн ажлын байргүй яах вэ. Түрээслэгчдийн эрх ашиг энд маш ихээр хохирох болно. Нийслэлд үүнээс муу барилга ч байдаг. “Урт цагаан”-ы барилгын хувьд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэх зүйл байхгүй. Суурь нь бетон биш чулуун учраас маш сайн байдаг. Дээврээс нь бага зэрэг дусаал гоождог хэсгүүд бий. Тэр хэсгийг нь төсөв мөнгө гаргаад засахад л болох зүйл. Олон жил болсон барилгад ийм зүйл гарна шүү дээ” гэлээ. 

Харин бол үүсээд буй нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ,  “Өөрчлөлт хийх асуудал яригдаад олон жил болж байгаа. Өөрчлөгдөхгүй байгаа гол шалтгаан нь 90-ээд оны эхээр хэд хэдэн байгууллагууд нийслэлтэй гэрээ хийгээд хөрөнгө оруулалтаа хийчихсэн байдаг. Тиймээс аж ахуйн нэгж, иргэдийг хохироох тухай асуудал гарч ирэх тул шүүхээр шийдвэрлэх шаардлагатай болоод байна. Түрээсэлдэг олон байгууллагатай, эзэн нь хэн гэдэг нь тодорхойгүй болохоор өнөөдрийг хүртэл даамжраад байгаа юм. Одоогоор шүүх, хуулийн байгууллагаар хэлцэж байгаа. Түрээс, менежменттэй холбоотой асуудлууд эцэслэн шийдэгдээгүй учраас нийслэлээс шийдвэр гарах боломжгүй. Нийслэлийн өмчит гэж явдаг ч  зарим хэсгийг нь олон жилийн өмнө гэрээ байгуулаад  түрээсээр өгчихсөн юм билээ. Тухайн үед гэрээний нөхцлөө нийслэл тодорхой хийгээгүй. Гэрээний нөхцөлдөө нийслэл өмчөө хадгалж үлдэх хууль эрх зүйн зүйл заалтаа тусгаагүй учраас өнөөдөр энэ өмч эзэнтэй эсэх нь мэдэгдэхгүй, нийслэл эсвэл хувь хүнийх ч юм шиг ойлгомжгүй байдалд орчихсон. Одоогоор шүүхийн шатанд маргаантай асуудлуудыг шийдвэрлэж байна” хэмээлээ. 

Бид Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт очиж “Урт цагаан” үйлчилгээний төвийн ахлах менежер П.Батжаргалаас энэ талаар тодрууллаа. Тэрбээр “Уг барилгад баригдсан цагаас нь  хойш  50 гаруй жил олон төрлийн үйл ажиллагаа явуулж ирсэн ч нэг ч удаа засвар  үйлчилгээ хийгдэж байгаагүй. Нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлагууд энэ сарын 11-нд “Урт цагаан”-ы нөхцөл байдалтай танилцаж үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан. Харин “Урт цагаан”-ыг буулгах шийдвэр огт гаргаагүй. Уг барилга нь галын эрсдэл өндөртэй,  газар хөдлөлтийн чичирхийллийг  даах чадваргүй гэх зэрэг дүгнэлтүүдийг мэргэжлийн байгууллагаас удаа дараа гаргаж албан  шаардлага, акт гарч байсан учраас үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан. Одоогоор “Урт цагаан”-ыг нураагаад өөр хувийн хэвшил шинэ барилга барина гэсэн асуудал огт яригдаагүй. Хэрвээ үйл ажиллагааг нь зогсоосны дараа мэргэжлийн хүмүүс нь дүгнэлтээ гаргаад ашиглаж болдог бол тийм дүгнэлтээ гаргах байх. Бид хүний амь наснаас илүү чухал зүйл байхгүй гэдэг үүднээс л ийм ажиллагаа зохион байгуулсан. “Урт цагаан шинэ эхлэл” ТББ-аас зарласан хэвлэлийн хурлын үед  шууд дамжуулалтыг үзэж байсан 300 гаруй хүн бүгд л нураах шийдвэрийг дэмжсэн сэтгэгдэл бичсэн харагдсан. Энэ нь ард иргэд уг барилгын үйл ажиллагааг зогсоох, бохир заваан байдлаасаа салах, болж өгвөл шинээр барилга барих хүсэлтэй байна гэсэн үг гэж ойлгосон. Бид хүн дарагдаад үхсэн хойно л эргэж хашгирах албагүй шүү дээ” гэв.

Албаны хүмүүс ийм мэдээллийг өгсөн бол урт цагааны байранд үйл ажиллагаа явуулдаг иргэд болон үйлчлүүлэгчдийн байр суурь ямар байгааг хүргэе.

Оёдолчин Л.Анхтуяа: 

-Нураасан нь дээр гэж бодож байна. Аюултай болчихсон. Нураахыг эсэргүүцэж байгаа хүмүүс бол түрээслэгчид биднээс бэлэн мөнгө авахын тулд эсэргүүцэж байгаа. Харин нураалаа гэхэд  шинэ байр барьж,  дараа нь бидэнд буцаагаад олдох эсэх нь л сонин. Би энд 10 жил болж байгаа. Засвар үйлчилгээ хийгдэж байсан нэг ч тохиолдол байхгүй. Бид өөрсдөө л байгаа өрөөгөө янзлаад суудаг. Ер нь буцаагаад шинэ байр бариад бидэнд олдохгүй байсан ч нураах нь зөв. Би л гэхэд хичнээн сайн хувцас оёсон ч энэ байрнаасаа болоод үнэтэй оёх боломж байдаггүй.

Иргэн Б.Гантулга: 

-Удаж байгаа учраас хөдөөнөөс ирсэн хүмүүс ч гэсэн “Урт цагаан” дээр л их  ирдэг. Барилгын хувьд нураах шаардлагатай болсон бол нураах нь зөв гэж бодож байна.  Орчин нөхцлийн хувьд хэлж мэдэхгүй ч  шинэчлэх нь зөв байх.

Оёдолчин н.Эрдэнэсүрэн: 

-Зогсооно, нураа­на гэвэл буруу байх. Ахуй үйлчилгээний ажилчдаа дэмжинэ гэж яриад байдаг. Байрыг нь нураана гэвэл хэцүү. Би л гэхэд энд 40-өөд жил ажиллаж байгаа. Одоо болтол энэ жижиг өрөөг түрээслээд л сууж байна. Засвар үйлчилгээ хийх ёстой хүмүүс нь компани гэх нэртэй хэсэг бүлэг хүмүүс юм. Сар бүр 400 мянган төгрөг тушаадаг. Бидний нэрийг барьж шүүх сэргийлэхээр явдаг атлаа бидний төлөө юу ч хийдэггүй. Засвар үйлчилгээ хийнэ гээд түрээс нэмж авдаг ч засвар үйлчилгээ 40 жил болоход нэг ч хийгээгүй.

Үйлчлүүлэгч З.Цэрэндолгор: 

-Шинээр сайхан байр бариад энэ хүмүүсийг ажиллуулах юм бол сайхан л байх. Харин энэ хүмүүс ажилгүй болчихвол хэцүү шүү дээ.

Үйлчлүүлэгч Б.Баяраа: 

-Үйлчилгээ сайн гэхдээ энэ барилгыг  нураах нь зөв гэж бодож байна. Аюулгүй байдлаа хамгийн эхэнд бодсон нь дээр шүү дээ

...Иргэдийн ярианаас дүгнэхэд ихэнх нь уг барилгын үйл ажиллагааг  зогсоож аюулгүй байдлаа хангах нь зүйтэй гэдэгтэй санал нэг байсан юм.  Тэдний дунд ажлын байргүй болчих вий гэж санаа зовох, эсэргүүцэх ганц нэг түрээслэгчид ч бас  байлаа. “Тэнэгийн дотор уужуу” гэгчээр үйл ажиллагаа явуулах боломжгүй, нурах өндөр эрсдэлтэй болсон талаар мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа сануулсаар байхад “байшингийн суурь нь чулуу учраас нурахгүй” гэх утгагүй хариулт өгч байна, эзэд нь. Тэдэнд ашиг л олж байвал иргэдийн амь нас эрүүл мэнд хамаагүй болжээ. Хэдхэн түрээслэгч эздээс болж урт цагааны үйл ажиллагааг зогсоох асуудал хойшилсоор байна.

А.Одсүрэн
Д.Жамъяндагва