ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Халдварын сэжигтэй БНХАУ-ын болон ОХУ-ын 15 зорчигчийг буцаажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-20

Шинэ коронавирус COVID-19-ийн тархалт, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын хилийн боомт дээрх алба, хэлтэс өнгөрөгч нэгдүгээр сарын 06-наас өндөржүүлсэн байдалд хяналт тандалт, ариутгал халдваргүйтгэлийг хийн ажиллаж байгаа аж. Энэ сарын 06-наас хоёрдугаар сарын 18 хүртэл хугацаанд Буянт-Ухаа боомтоор орох чиглэлд 187 агаарын хөлөг, 26246 зорчигч, авто болон төмөр замын боомтуудаар орох чиглэлд 28118 тээврийн хэрэгсэл, 96402 зорчигч хил нэвтрэх үед хяналт тандалт хийж, шинэ коронавирусийн сэжигтэй 100 тохиолдлыг илрүүлэн, ХӨСҮТ болон орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагад шилжүүлжээ. Халдварын сэжигтэй 15 зорчигчийг /БНХАУ болон ОХУ-ын иргэд/ буцаасан байна.

Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн МХЕГ-ын даргын тушаалаар 65 заалт бүхий тусгай горимоор ажиллах төлөвлөгөө гарган Мэргэжлийн хяналтын байгууллага системийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд энэ сарын 13-наас тусгай горимоор ажиллаж байгаа аж. Тусгай горимд улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын 26 шуурхай штаб, нэгж байгуулагдан 24 цагаар хариуцлагатай жижүүр томилон ажиллаж, бүх албан хаагчийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цахилгаан, дулаан, усан хангамж, ариутгах татуургын системийн аюулгүй байдлыг хангуулахад анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагуудад анхааруулав. Мөн шашны 229 байгууллагад олон нийтийг хамарсан шашин номын хурал, цуглаан, зан үйл зохион байгуулахгүй байх мэдэгдэл, Цагаан сарын баярт зориулсан реклам, сурталчилгааг даруй зогсоох тухай мэдэгдлийг хэвлэл, мэдээллийн байгууллагад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна гэлээ.