ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тэнгэрлэг дарга нарын орон

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-06-25

Монгол бол “тэнгэрлэг дарга нартай” биш ээ “тэнгэрлэг дарга нарын орон” билээ. Манай дарга нараас л дэлхий дээр бүү хэл нарны аймагт байхгүй, тийм сайхан тэнгэрлэг шийдвэр, санаа гардаг юм. Тухайлбал, Налайхын 30 гаруй км замыг 30 гаруй жил засч чадаагүй байж хурдан морь дагах 30 гаруй км замыг барих шийдвэр гаргана.

Манай дарга нарт л ашиглалтаас гарсан вагоныг өндөр үнээр худалдан аваад ахин засварлан үйлчилгээнд гаргах мэргэн санаа төрнө, хэрэгжүүлнэ. Манай дарга нарт л тэнгэрийн хурыг “би оруулсан” хэмээн сурталчлах, тэнгэр, үүл, нар, сартай гэрээ байгуулах тэнгэрлэг бодол орж ирнэ. Манай дарга нараас л зүгээр байсан зүйлийг устгаад буцаад мөнгө заран шинэчлэх санаа ургана. Манай дарга нарт л хүүхдийн эрхийг хамгаалахын тулд хийд орж, “Хүүхдийн банзрагч” уншуулах хийморьлог ухаан гарна. Манай дарга нар л уулын модыг ухаж авч ирээд Улаанбаатарт үхүүлэх ногоон шийдэл олно.

Манай дарга нарт л ард иргэдээ дэлхийн хамгийн их утаатай, тоосжилттой, замын түгжрэлтэй, өмхий үнэртэй, уур бухимдалтай хотод амьдруулж буй хэр нь “аз жаргалтай” хотод амьдруулж байна гэж хэлэх зориг төрнө. Манай дарга нарт л утаатай тэмцэхийн тулд утаа гаргадаг зуух хийж тараах ариухан бодол ургана. Манай дарга нар л албан тушаалыг лангуун дээр тавьж байгаад зарах, түүнийгээ хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө төлөвлөнө. Манай дарга нар л дээл давхарлаж өмсөөд байвал халууцахгүй сайхан байх тухай бодол төрнө. Манай дарга нар л төрийн өргөөнд сууж байж бөхийн өргөөнд давхар суух хүсэлтээ илэрхийлнэ. Ер нь бид чинь тэнгэрлэг даргатай, тэнгэр заяат ард түмэн шүү дээ. Тэгээд одоо яалтай билээ дээ.