ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Covid-19: БНСУ-ын өвчтөний тоо 156-д хүрч, нэг шөнийн дотор 52-оор нэмэгдлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-02-21

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотноос анхлан дэгдэж, зөвхөн тухайн муж дотроо халдвар нь эрчимтэй нэмэгдэж байсан covid-2019 вирус хятадын бусад муж, хотуудаас гадна дэлхий нийтэд эрчимтэй тархах эрсдэл бий болжээ.

Тодруулбал, нас барагсад зөвхөн Ухань мужид бүртгэгдэж байсан бол өчигдрийн байдлаар Япон, Солонгос, Иран, Тайланд зэрэг зургаан улсад бүртгэгдэв. Мөн өвчний дараагийн том голомтод бүс нь БНСУ болон Япон улс болох эрсдэлтэй нөхцөл байдал иржээ. Тодруулбал, монголчуудын хамгийн ихээр амьдардаг БНСУ-д Covid-19 (коронавирусийн) халдвар авсан хүний тоо 156 болжээ.  

Нэг шөнийн дотор л 52 тохиолдол шинээр бүртгэгдсэн аж. Өмнөд Солонгост коронавирусийн халдвар цаашид ч эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд Тэгү хотын Чондо хотын эмнэлэгт сүүлийн 20 гаруй жил хэвтэрт байсан 63 настай эрэгтэй өвчтөн энэ сарын 19-нд уушгины хатгалгаа өвчнөөр нас баржээ. Түүнд хийсэн задлан шинжилгээгээр коронавирус туссан байсан нь тодорхой болсон аж.

Өөрөөр хэлбэл, өрөөнөөсөө ч гарч чадахгүй өвчтөн туссан нь Тэгү хотод халдварт эрчимтэй тархсаныг илтгэж байгаа юм. Анхны халдвар тараагч нь 60 гаруй настай эмэгтэй байсан бөгөөд анх сүмийн уулзалтад очиж, 10 гаруй хүнд халдвар тараасан нь тодорхой болсон.

Мөн халдвартай гэдгээ мэдэхгүй томоохон худалдааны төвүүдээр ч хүртэл явсан нь тогтоогдсон билээ. Тэгү хот одоогоор гуравдугаар зэргийн онц байдал зарлаж, хүүхдийн цэцэрлэг, номын сан, сургуулийн дамжаа зэргийн үйл ажиллагааг зогсоожээ. Мөн Тэгү хотод амьдардаг залуухан цэрэг гэртээ хариад ирсний дараа энэ өвчнөөр өвдсөн байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн учраас Жэжү арлын усан цэргийн флотод мөн хөл хорио тогтоож, цэргийг Жэжү хотын эмнэлэгт тусгаарлан, шинжилгээ авч байгаа аж.