ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.ТҮВШИН: ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛӨӨС ХОЦРОХГҮЙ БОЛ БИД ЮУНААС Ч ХОЦРОХГҮЙ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-04

НИТХ-ын төлөөлөгч, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын ерөнхийлөгч Б.Түвшинг “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа урьж, ярилцлаа.

-Улсын хөгжил гэдгийг та ямар өнцгөөс хардаг вэ. Учир нь бидний ярилцлага тэр “Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх вэ” гэсэн сэдвээр өрнөх учраас ярилцлагынхаа эхэнд энэ асуултыг онцлохыг хүслээ?

-Улс орныг яг л нэг өрх айл гэж хардаг даа. Аав ээж нь тодорхой орлого олно. Тэндээс гэр бүлийн гишүүд хооллож, хувцаслана, заримыг нь суралцахад зарцуулна. Ингэснээр тухайн айлын хүүхэд ирээдүйд боловсролтой, мэдлэгтэй болно. Зарим нь хүүхэд нь өсөж, амьдрал ахуйгаа авч явахын тулд зүтгэх болно. Ахмад настан, нялхастаа олсон мөнгөнөөсөө зарцуулна. Тогтвортой  орлоготой, бас мэдлэгтэй байх нь өрх айлын амьдралын үндэс болно. Ингэснээрээ өрх айлын гал голомт батжиж, бусад айлуудтай адил хэмжээнд тогтвортой харилцах нөхцөл бий болно. Дэлхийд 200 гаруй улс буюу 200 гаруй өрх айл байна. Монгол Улс тэр 200 өрх айлын нэг. Гэхдээ манайх ам бүл цөөтэй учраас олон ам бүлтэй өрх айлтай харьцуулбал өрсөлдөх чадвар султай. Тэр дундаа үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад бидэнд хийж чаддаг юм бага байна. Харин бидэнд нөөц баялаг байна. Тэр нөөц баялгаа ашиглах гэхээр  гэр бүлийн гишүүдэд ноу хау дутдаг гэх зэрэг хүндрэл бий. 

-Тэгвэл орчин үед дэлхийн 200 гаруй өрх айлтай манайх юугаараа өрсөлдөхүйц нөхцөл байдлыг бий болгож чадах вэ?

-Дэлхийг хавтгай болгож байгаа зүйл бол технологийн хөгжил юм. Өнгөрсөн зуунд бол шинжлэх ухааны нээлтүүд, аж үйлдвэрийн хөгжил нь хөгжлийг тодорхойлж байсан бол одоо технологийн хөгжил бүх асуудлыг шийдвэрлэж байна. Манай залуусын зарим нь технологийн хөгжлөөс хоцрохгүй байгаа хэдий ч өнөөдөр бид хурдгүй байгаа санагддаг.  Аж үйлдвэрийн хувьсгалын үед хүн их байх тусмаа аж үйлдвэр хөгжинө гэж үзсэн улс орнууд гадны улс орнуудаас хүнээ татаж байсан юм. Тухайлбал, Францчууд Африкаас хүнээ татсан, Германчууд Туркуудыг, Англичууд Энэтхэг, Пакистанчуудыг татсан. Ингэж явсаар аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал эхлэхэд хүнд биш мэдлэгт суурилж эхэлсэн байдаг. Цаашдаа ч технологийн хөгжил улам бүр тэлнэ. 

-Манайд аж үйлдвэрлэл ч тэгтлээ хөгжөөгүй байхад технологийн хөгжил ярих нь ямар юм бол доо?

-Мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээхийн гол давуу тал нь хүний олон нь гэхээсээ илүү оюун ухаанаар бүтээх боломжууд байдаг учраас манайд харин ч илүү боломжтой. 1990 онд хувьчлал болоход хэдхэн хүн том, том объектуудыг худалдаж авсан. За энэ хүмүүсийг бид хэзээ ч гүйцэхгүй нь ээ гэж бодож байсан үе манайханд бий. Харин одоо эрин үеээ дагаад технологийн хөгжлөөр олон залуус тэргүүлэгч бизнесмэн болж чадлаа. 

-Манайх бол хөдөө аж ахуйн орон учраас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ эдийн засгийн эргэлтэд оруулах л чухал гэж ярьдаг даа?

-Мэдээж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал. Мөн л технологийн хөгжилтэй холбогдож байж илүү их боломжийг бүтээнэ. Үүний зэрэгцээ бас нэг чухал зүйл бол өнөөдрийн байдлаар Монгол Улс свот шинжилгээ хийж ажиллаагүй байгаа харагддаг. Давуу, сул талаа тодорхойлоогүй, аюул, боломж нь юу болохыг тогтоохгүйгээр бид ямар давуу талаа ашиглаж илүү олон боломжийг бий болгох вэ гэдгээ мэдэхгүй. Тухайлбал, миний бодлоор манайх 70 сая мал сүрэгтэй гэдэг ч давуу тал гэж үзэхэд хэцүү байна. Яагаад гэхээр 70 сая мал байхад махны үнэ өндөр. Малын хөлийн татвар төлөхөө больсноос хойш мал сүргийн тооллого бодитой бус болсон. Одоо бол зарим малчин банкны зээл авахын тулд, баян харагдахын тулд худлаа тоолуулдаг.  Хэрвээ татвар аваад эхэлвэл 40 сая хүртэл буурна гэсэн судалгаа ч бий. Эндээс бүтээмжийг нь тооцъё. 70 сая тоо толгойноос тодорхой хэсэг нь эдийн засгийн эргэлтэд орохгүй байгаа бол үүнийг нөөц баялаг гэж үзэхгүй. Гэтэл Голланд улс 3-4 сая үхэртэй хэрнээ дэлхийн үхрийн махны нэлээдгүй хувийн хангадаг учраас үүнийг бол нөөц баялаг гэж үзэж болно. Тэгэхээр манай давуу тал яг мөн үү гэж бодоход эрзэлзээтэй байгаа биз. 

-Тэгэхээр таныхаар техноло­гийн дэвшлийг ашиглаж чаддаг болох, дэлхийтэй энэ зэрэгцэхэд юунаас эхлэх ёстой юм бол?

-Технологийн дэвшил илүү их боломжийг олгох учраас залуу үеийнхээ боловсролд анхаарах нь юу, юунаас чухал гэж бодож байна. Дараа, дараагийн үед ч ийм боломж асар их гарах учраас сайн боловсрол эзэмших хэрэгтэй. Ядахдаа л Сингапурын стандартыг хангасан таван Их сургууль, 20 ЕБС, 10 эмнэлэг Монгол Улсад байгууллаа гэхэд л ямар том боломж гарч ирэх билээ. Манай залуус өндөр чанартай боловсрол эзэмших төдийгүй хоёр хөрш улсаас асар их мөнгөн урсгал орж ирэх боломж байна биз дээ. Сингапурын стандартын эмнэлэгтэй бол ОХУ-ын урд нутгийн иргэд Москва явснаас манайхыг сонгоно. Хүнд үйлчилгээ үзүүлдэг, мэдлэгт суурилсан бизнесийг хөгжүүлчихвэл хамгийн том экспортыг бий болгож чадна. Нэг өгүүлбэрээр хэлбэл, туйлын давуу тал үүсгэх гэхээс илүү боломжийг бий болгох талаар л ажилламаар байна даа.

-Сингапурын жишээг татаж хүмүүс ярьдаг. Юугаараа ижил юм бэ, ингэхэд?

-Сингапур манайхыг бодвол газарзүй, далай тэнгисийн хувьд давуу талтай ч хүн амын тоо адил тэнцүү шахуу. Дээр дурдсанчлан хүн ам цөөтэй улсад хүн хүчний давуу тал байхгүй учраас мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх нь илүү өрсөлдөх чадварыг бий болгодог юм байна л даа. Тухайлбал, Сингапур иргэдийнхээ боловсролд маш их хөрөнгө оруулалт хийсэн. Бүх хүмүүс нь англи хэлтэй, дээд боловсролтой. Ойр тойрны бүх эмнэлэг, боловсролын үйлчилгээг тэнд шийдэж байгаа. Бизнесийн мэдлэгийн төвүүд ч тэнд төвлөрсөн. Үүнийг бүгдийг нь сингапурчууд хийсэн үү, гэвэл үгүй. Тэд мэдлэгт суурилсан эдийн засгийн давуу байдлаа боломж болгож чадсан учраас л хөгжсөн. Манай хувьд хойд хөрш нь дэлхийн их наймын нэг атлаа, эдийн засгийн хөгжлийн хувьд томдоо ордоггүй. Хятад улс дэлхийд нэг, хоёрдугаарт орж байгаа ч нийт газар нутгийн тархалтын хувьд жигд биш. Тэгвэл энэ хоёрын орон зайд бид аялал жуулчлалыг хөгжүүлж, мөн боловсрол, эрүүл мэндийн чиглэлд тууштай хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлвэл илүү үр ашигтай байж болно шүү дээ. Энэ мэтчилэн давуу байдлаа ашиглаж чадвал боломж их бий. 

-Сингапурын “Темасек” загварыг Монголд нутагшуулна. “Мон-Темасек” бий болгоно гэж яриагүй биш ярьсан байх шүү? 

-Хөрөнгө оруулалтын санг хэлээд байна уу, та. Мэдээж харьцуулсан свот шинжилгээ хийсний үндсэнд энэ талаар ярьсан байх. Төрийн өмчит компаниудаа хэрхэн ашигтай ажиллуулсан вэ гэдэг загварыг оруулж ирэх талаар ярьж байсан. Бид олон зүйлээс суралцах ёстой. Энэ загварыг туршиж үзэхэд буруудах зүйлгүй. Мөн газар нутгийн давуу байдлаа ашиглаж, Зүүн Азийн бүс нутгийг хүнсээр, эрчим хүчээр хангах гэх мэтээр санал, санаачилга гарч байгаа. Буруу зүйл огт биш, харин ч боломжтой гэж боддог. Бид одоогоор “ноу-хау”-гаа мэдэхгүй. Мэдээд авчихсан тохиолдолд манайд туйлын давуу тал ч байгаа шүү дээ. 

-Ингээд бодохоор хөрш айлууд маань ижил тэгш гараанаас гараад амьдрал нь сайжраад илүү сайхан газар луу нүүгээд явчихаж. Харин бид алдаа гаргаад бууриа ч сэлгэж чадахгүй байгаа айл юм шиг юм уу?

-Хөгжлийн үе бүхэн өөр, өөрийн түүх бүтээдэг л дээ. Тухайлбал, Шашныг бид нэг хэсэг үгүйсгэлээ. Одоо шашин шиг сайн зүйл алга. Өмнө нь хэт автаж байсан ч үе байдаг. Устгаж байсан ч үе байдаг. Яг үүн шиг юмс дандаа өөрчлөгдөж хувьсдаг.  Одоо бид хувийн хэвшлээ үгүйсгэдэг, төр бүгдийг өөртөө төвлөрүүлдэг байдалд ирчихээд байна. Хувийн компаниуд л идэж, уугаад байгаа юм шиг үзэн ядаж, бүхнийг төр хураан авч, төр дэргэдээ компанитай болж, түүнийгээ хөгжүүлчихвэл болох ч юм шиг. Ийм байдлаар асуудалд ханддаг үе дэлхийн түүхэнд ч байсан үзэгдэл. Баруунд 1930-аад оны үед хувийн компанийн хэрэглэдэг үг, нэр томъёоноос хүртэл зугтаж, засаг төр гэх мэтээр тусгаар тогтнож байлаа. Одоо тийм үеэ бид туулж байх шиг байна.

-Засгийн газар бүхэн өөр, өөр хөтөлбөр төлөвлөгөө мөрөөдөж ярьдаг, баталдаг. Одоо мөн “Алсын хараа 2050” гээд хөтөлбөр явж байна лээ. Ийм төлөвлөгөө баталсан ч хэрэгждэггүй болохоор бидэнд итгэл үнэмшил ч төрөхгүй юм?

-Өнөөдрийн бодит байдал юу гээч. Ирээдүйд зарцуулахын төлөө улсын төсвийг ердөө ч зарцуулахгүй байна. Өнөө маргаашийг аргацаасан байдлаар, улстөрчдийн лобби байдлаар зарцуулж байна. Ийм үед хэтийн мөрөөдлийн шинжтэй зорилтууд тавиад байх нь тийм ч оновчтой биш. Яагаад гэвэл ирээдүйд зориулсан хөрөнгө оруулалт хийж чаддаггүй учраас хичнээн зөв стратеги, хэтийн зорилго тавьсан ч түүнд хүрэх гүүр байхгүйтэй адил. Зүй нь тодорхой зорилго тавиад, одоо байгаагаа түүнтэй холбох, эсвэл энд байгаагаа дээшлүүлэх байдлаар тэнд хүргэх ёстой. Тэгэхээр ийм гүүр байхгүй үед 2050 оны мөрөөдлийг ярихаас илүү өнөөдрийн Монгол Улсын төсвийн орлого, зарлагаа ярьсан нь хөрсөндөө буух байх. Тухайлбал бид одоо 70 сая малтай. Түүнийгхээ 1-2 саяыг нь жилдээ эдийн засгийн эргэлтэд оруулчихаж чаддаг болчихвол арай өөр зүйл ярьж болох юм. Гэтэл одоо байгаа ямар нөөцөө ашиглаж, ямар бүтээмж бий болгох талаар нэгдсэн ойлголт, бодлого дутагдалтай л байна. 

-Нэг талаар 76 гишүүний буруу ч юм шиг боловч бас тэд тойргийнхондоо таалагдахын тулд ажиллах нь зүйн хэрэг байх. Тэгэхээр энэ бүхэн нь УИХ-ын гишүүдийн буруу гэхээсээ илүү санхүүгийн салбарын эрүүл бус байгаагаас үүсээд байгаа хэрэг үү?

-Тийм ээ. Улсын секторын санхүүгийн тухай ярих цаг нь ч болсон. Бүх хүмүүс татвараа төлж байна. Үүнийг яаж үрэх вэ гэдгээс илүү яаж их болгох вэ, яаж бүтээмж үйлдвэрлэх вэ гэдэг бодлого явах ёстой ч өнөөдрийн байдлаар яаж үрэх, яаж үнэгүй өгөх вэ гэдэг бодлого нь л түрүүлчихсэн. Ийм учраас санхүүгийн реформ, төсвийн сахилга батын тухай ярихаас өөр аргагүй. Төр авлига, бүлэглэлээ дийлэхгүй учраас хүчгүйдэж, олсон мөнгөнийхөө үр ашгийг тооцож чадахгүй болсон байна. Илүү мөнгө гарвал яаж тараах вэ гэдэг популист хувилбар л хамгийн түрүүнд шийдвэрлэгддэг. 

-Төсвийн хөрөнгийн зардал, алдагдлыг харахаар заримдаа Сангийн яамныхныг буруутгаж хувьдаа хардаг юм. Мэргэшсэн санхүүгийн мэргэжлийн хүмүүс байж дандаа алдагдалтай төсөв оруулж батлуулахаасаа ичдэггүй юм байх даа гэж хүртэл бодогддог?

-Мэдлэгтэй хүмүүс тооцоо хийгээд, тогтолцоогоо ойлгоод, менежментээр засах, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд үлгэр жишээ үзүүлэх чадамжтай байх ёстой. Одоо манайд мэргэжилтнүүд нь түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гээд энэ талаар дуугарахаа больсон. Гомдоллож, шүүмжлээд байвал толгой улстөрч нь дахин сонгогдохгүй, эсвэл даргад тал алдчихна гэдэг үүднээс эрдэмтэн, судлаачид нь хүртэл дуугардаггүй. Яг үнэндээ жинхэнэ дэлхийн түвшний санхүүчид Монголд хаана байна гээч?

-Хаана байгаа гэж?

-Амжилттай ажиллаж байгаа хувийн компаниудад байна. Тэд компанийнхаа бодлого тодорхойлогчид байдаг. Манайхан нягтлан бодогч гэхээр данс тооцоо боддог хүн гэж ойлгодог. Дэлхийн түвшинд ийм биш. 

-Тэгэхээр санхүүгийн салбарын реформыг хийхийн тулд эхний ээлжинд юу хийх боломжтой гэж үзэж байна вэ?

-Улс төрийн тогтолцоо өнөөдрийнх шиг байгаа нөхцөлд гуравдагч, дөрөвдэгч талуудын оролцоо хүчтэй байх ёстой гэж боддог. Хөндлөнгийн шинжээч нар, судлаач нар шийдвэртэй ажиллах хэрэгтэй. Та бүхэн анзаардаг бол манайд өөрийгөө судлаач гээд нэрлэчихдэг хүмүүс их байдаг ч яг судалгаатай ярьдаг нь ховор шүү /инээв.сурв/. Байгаа нь бодит гэхээсээ илүү академик судалгаа их хийгээд байгаа харагддаг. Мөн дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэдгийн хувьд мэргэшсэн сэтгүүлч нар ч хэрэгтэй. Сэтгүүлчдэд ч гэсэн мэргэшсэн судлаач нар мэдээ, мэдээлэл, тооцоо судалгаагаа өгдөг болчихвол илүү мэргэжлийн болж эхэлнэ. Өөрөө тоо баримт хайж, эсвэл хэн нэг эрх баригчийн өгсөн тоонд итгэхгүйгээр зөвхөн санхүү, эдийн  засаг, нийгмийн секторын судлаачдаас тоо баримтаа аваад бичээд эхэлвэл мэргэших боломж ч тэр хэрээр нэмэгдэнэ биз дээ. Тиймээс мэргэшсэн институтуудыг хөгжүүлье гэж зорьж байна. Мэргэшсэн нягтлан бодогчдын институт Ази Номхон далайн нягтлан бодогчдын холбоо (САРA)-той энэ чиглэлээр ажилладаг. Сая нэгдүгээр сард Лондонд төвтэй Мэргэшсэн нягтлан бодогчдын асоциаци (АССА)-тай мөн стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа. Ингэснээр манай мэргэшсэн нягтлан бодогчид олон улсын мэргэжлийн судалгаа, шинжилгээний багт оролцох, туршлага хуримтлуулах боломж нээгдэж байна. 

-Нэг үеэ бодвол салбар бүхэн эрс шинэчлэлийн тухай ярьдаг болжээ. Тэтгэврийн реформоо хийе гэлээ. Төсвийн сахилга бат, санхүүгийн реформ ярьж эхэллээ. Үүнийг би хувьдаа нэг шат ахижээ, эсвэл нэг үе иржээ гэж ойлголоо?

-Тийм ээ. Зөв тодорхойлолт. Эхлээд ярьдаг, тэгээд оролдож үздэг, алддаг, сайжруулдаг. Өнөөдөр хүн бүхэн тэтгэврийн реформ, өөрчлөлтийн тухай ярьж байгааг алхам гэж харж байгаа. Гэхдээ мөн л бодит судалгаатай л хийх асуудал. Яагаад гэвэл тэтгэвэр бол нийгмийн даатгалын таван сангийн нэг. Манай улсын төсвийн орлогын 25 хувьтай тэнцэх хэмжээний орлоготой, бүх аймаг сумдад өөрийн бүтэц орон тоотой томоохон айл болох Нийгмийн даатгалын тогтолцоо бол харьцангуй сайн бүтэцтэй, тогтвортой үйл ажиллагаатай сан. Дан ганц тэтгэврийг нь салгаж авч үзээд бүгдийг нь сөргөөр харж болохгүй юм.  Энэ дотроосоо тэтгэврийн тухайд ярихад сүүлийн 30-аад жил бараг улс болгон тэтгэвэрийн тогтолцоогоо шинэчилэн, зарим нь амжилт муутай болж, төсөв санхүүгийн болон нийгмийн эмзэг хэсгийн амьжиргааны хувьд хүндхэн байдалд орсон, мөн амжилттай өөрчлөлт хэрэгжүүлж байгаа улс орнууд ч байна.

-Манайд тэтгэврийн шинэчлэл хийхэд хэр хугацаа зарцуулах бол?

-Лав энэ удаагийн сонгуулиар яриад л хэдхэн сарын дотор шийдчих богино хугацааны асуудал биш. Тэтгэврийн санд бодит мөнгө төлөөгүй буюу өмнө нь улсаас даатгалыг нь хариуцдаг байсан хүмүүс, мөн одоо улсаас даатгалыг нь хариуцан даадаг хүмүүсийн тэтгэвэрийн зардал, ирээдүйд ажил эрхлэгчдийн тоо болон тэтгэвэр авагчидын харьцаа гэх мэт маш олон нийгмийн хэсгийг хамардаг, олон хүний амьжиргаа яригддаг, урт хугацааны, маш их хэмжээний мөнгө яригддаг тул анхаарал болгоомжтой, сэтгэл хөөрлөөр биш, нэлээд олон талаас нь судалж байж шийдвэрлэх томоохон суурь эдийн засгийн шинэчилэлүүдийн нэг байх болов уу. 

-Бас нэг шинэчлэл шаардсан хэсэг бол халамжийн бодлого. Арай л хавтгайрсан халамжийн бодлоготой байх шиг санагддаг. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Маслоугийн хэрэгцээний онолоор бол хүний анхан шатны хэрэгцээ амь нас, эрүүл мэнд, хувцастай, хоолтой байх шүү дээ. Тийм учраас нийгмийн доод хэсэг рүү ороод байгаа хэсгийнхээ анхан шатны хэрэгцээг хангах нь зүйн хэрэг. Гэхдээ яг одоо бол хөдөө орон нутгаар явж байхад нийт хүн амын 60-70 хувь нь халамжаас мөнгө авч байгаа нь ажиглагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй, түлээ нүүрсний, хүнсний, хүүхдийн гэх мэтээр халамжийн бодлого нь хэт тэлчихсэн. Энэ нь өөрөө төрийн буруу бодлого буюу хүчгүй төрийн авлигын тогтолцооноос хамаарч байдаг. Бид ийм цэгцгүй, олсон ихэнх мөнгөө халамжаар тараагаад байвал хөгжихгүй  Хавтгайрсан халамжийн тогтолцоо нь хүмүүсийг сэтгэлзүйн хувьд ч улам бүр доройтуулж буйг нийтээрээ хөндөж ярих ёстой. Үүнд нийгмийн сэтгэл зүйг удирдаж байдаг хэвлэл мэдээллийнхэн та бүхний ч оролцоо их гэж бодож байна. Надад асуулт тавьж байгаа таниас эхлээд өнөөгийн залуус ярьж эхэлсэн учраас удахгүй өөрчлөгдөх байх гэж найдаж байна. 

-Ярилцсанд баярлалаа.