ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Чадраабал: Төрийн алба өндөр босготой

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-09

Төрийн албаны шалгалт,  түүний хууль,  эрхзүйн тогтолцоо манай улсад хэрхэн хэрэгждэг талаар “Мэргэн түшээ” сургалтын төвийн тэргүүн, Төрийн албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл, Монгол Улсын гавьяат хуульч Н.Чадраабалтай ярилцлаа. 

-Төрийн албаны шалгалтад  өөрчлөлт орж, шинэчлэгдэж байгаа юм байна.  Энэ шинэчлэлт,  өөрчлөлтийн алдаа оноог нь юу гэж харж байгаа вэ?

-Миний хувьд монголын төрд 40 гаруй жил  ажилласан. Төрийн албаны зөвлөлд 14 жил ажиллахдаа есөн жил төрийн албаны шалгалтын  Төв комиссын даргаар  ажиллаж байлаа. 2009  онд  өндөр насны тэтгэвэрт гараад,  өөрийнхөө хийж  байсан  ажил хэргийг  үргэлжлүүлэх зорилгоор “Мэргэн түшээ” нэртэй  сургалтын  төвийг байгуулан  ажиллуулж байна. Үндсэн хуулийн 46.2 дугаарт Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан хаагч байна.

Төрийн албан хаагч гагцхүү төрийн  ашиг сонирхолд захирагдаж ажиллана гэж заагаад улмаар 46-р зүйлийн гуравдугаарт  төрийн албаны эрх зүйн орчинг бүрдүүлэх зохицуулалт хийж өгсөн юм. Өөрөөр хэлбэл төрийн хар хүн гэдэг  хуучны нэр томъёо Үндсэн хуулиар  төрийн жинхэнэ албан хаагч нэртэй болсон  гэсэн үг. Энэ хүмүүсийг нээлттэй өрсөлдөөнөөр сонгож авах ёстой. 1995 оноос хойш 25 жилийн турш монголын төрд ажилд орох хүн сонгон шалгаруулалтад өрсөлдөж ордог болсон юм.

Төрийн албанд 2019 оны тайлангаар 193  мянган  төрийн албан хаагч байна гэсэн судалгаа бий.   Эдгээр 193 мянган хүн үндсэн дөрвөн сувгаар орж ирдэг. Нэг хэсэг нь  томилолтоор орж ирдэг бол нөгөө хэсэг нь сонгуулиар төрийн албанд ордог. Харин гуравдахь хэсэг нь сонгон шалгаруулалт,  дөрөвдэх хэсэг нь хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогчтой тохиролцож байж төрийн албанд  орох эрхтэй.  

Өнгөрсөн хугацааны түүхийг өнөөдөртэй харьцуулаад харахад  олон дэвшил бий. Тухайлбал, 1995 онд Төрийн албаны тухай хууль мөрдөгдөж эхэлсэн үеэс  30 асуулттай тест гараар бөглөдөг байсан. Албан  ёсны гарын авлага ном байхгүйгээс гадна 16-аас дээш  зөв бөглөсөн хүнийг тэнцсэнд тооцдог байлаа. Харин 2008 оноос хойш төрийн албаны мэргэжлийн шалгалтын гарын авлага гарсан,  сүүлдээ цахимаар шалгалтаа авдаг болсон гэх мэтчилэн олон дэвшил бий.  Гараар бөглөдөг байх үед шалгалтын дараа нь дахин  бөглөж ч болохоор байлаа. Харин одоо дэвшилтэт технологи нэвтэрч, арай шударга боловсронгуй болгочихсон. Алс хязгаар Баян-Өлгий аймагт сууж байгаа хүн хотод  ирж цаг алдахгүйгээр цахимаар өгчихөж байна шүү дээ.  

-Шалгалтын бүтэц нэлээд өөрчлөгдсөн байсан шүү дээ. Төрийн албаны зөвлөлд олон жил ажиллаж, удирдаж байсан хүний хувьд  юу гэж харж байгаа вэ?

-Шалгалтын хэлбэр нь хүртэл өөрчлөгдөж үндсэн дөрвөн чиглэлтэй болсон. Нэгдүгээрт, төрийн албаны тусгай шалгалтаар төсвийн  шууд захирагч нар болох агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн дарга гэх мэтчилэн хүмүүс хамрагддаг.  Дараагийх нь төрийн албаны шатлан дэвших тогтолцооны шалгалт гэж бий.Төрийн албаны тухай шинэ хуулиар ийм зохицуулалт орсон л доо.Төрийн албаны тангараг өргөсөн мэргэшсэн жинхэнэ албан хаагчдаас дэвшүүлж ажиллуулахад энэ шалгалтыг авна.

Харин  гуравдахь шалгалтын  хэлбэр нь төрийн үйлчилгээний  удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт гэж бий. Үүнд цэцэрлэг, сургууль, эмнэлэг, боловсрол соёл, шинжлэх ухааны салбарын дарга, эрхлэгч нар хамарна. Дөрөвдэх нь төрийн албанд анх орох гэж буй хүмүүсийн нөөц бүрдүүлэх шалгалт буюу Ерөнхий шалгалт гэсэн дөрвөн төрлийн шалгалт өгдөг бөгөөд эдгээр шалгалтын журмуудыг Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор баталсан байдаг юм.

Ер нь төрийн алба гэдэг маань хуулиар зохицуулагдсан нийгмийн харилцаа болсон. Тухайлбал, төрийн алба гэдэг нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд  төрийн зорилт, чиг үүргийг  хэрэгжүүлэх үйл ажиллагаа бүтцийг  хэлнэ гэж хууль тогтоогч тодорхойлсон юм. Тэгвэл төрийн албан хаагч гэдэг нь төрийн зорилтот чиг үүргийг хэрэгжүүлж, батлагдсан орон тоон дээр ажиллаж,  улсын төсвөөс санхүүжин, нийгмийн баталгаагаар хангагдсан этгээдийг хэлдэг.  

Өнөөдөр ажиллаж буй 193 мянган төрийн албан хаагч ийм нийтлэг шинжтэй. Төрийн боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлдэг хоёр үндсэн шалгуур байдаг бөгөөд үүнийг спойл болон мерит тогтолцоо гэж нэрлэдэг. Мерит тогтолцоог  улс орон нь хөгжсөн,  төр нь  тогтвортой, шударга шалгууртай улсууд ашиглаж төрийн боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлж байна. Мерит гэдэг нь  Нэгдүгээрт, нээлттэй өрсөлдөөнөөр сонгон шалгаруулж авдаг. Хоёрдугаарт, тогтвортой ажиллах баталгаагаар хангах, улс төрийн нөлөөнөөс ангид  байх,  карьерээр дэвшдэг шалгууртай тогтолцоог хэлнэ.

Манай хуулинд үүнийг чадахуйн зарчим гэж нэрлэдэг. Спойл тогтолцоо гэдэг нь ялсан намын хүн ажлын байранд очдог, боловсролгүй байсан ч сайдаар ажилладаг, мөнгөтэй,  нам дагасан  хүн ажилтай болдог, эрх мэдэлтэй хүмүүс нь очдог тогтолцоог хэлээд  байгаа юм. Төрийн албаны тухай хуулиар  мерит тогтолцооны шаардлагыг биелүүлж,  чадвартай мэргэшсэн албан хаагч шигшиж авах үүднээс энэ шалгалтыг аваад  байгаа юм. 

-Гэхдээ манай улс хуулиар ингээд зохицуулсан хэрнээ спойл тогтолцоон нь илүү хэрэгжээд байгаа юм биш үү? 

-Мерит тогтолцоо 1995 оноос хойш хэрэгжсэн ч , харамсалтай нь манайхан эсрэгээр нь яваад  байгаа юм. Хуулин дээрээ гишгэчихсэн гэсэн үг шүү дээ. Гэхдээ хэлбэрийн хувьд мерит зарчим байна уу байна. Агуулгын хувьд байна уу гэвэл үгүй. Тийм байгаа биз. Аль ялж байгаа нам нь албан тушаалыг лангуун дээр зарж байгаа юм шиг зарчихаж байна. Цүнх баригч нар  төрийн албан тушаалд очиж байна. Энэ бол шударга ёсыг гажуудуулж төрийн нэр хүндийг унагааж байгаа хэрэг мөн л дөө.

-Тэгэхээр шударга өрсөлдөөн  гэдэг зүйл байхгүй гэсэн үг үү? 

-Өрсөлдөөнөөс гадна шударга шалгуур гэдэг нь байхгүй. Гэхдээ байхгүй юу гэхээр хуулинд  нь байгаад  байдаг. Хуулиа хэрэгжүүлж байгаа байдал нь энэ байхгүй юу. Сонгон шалгаруулалт их шударга байх ёстой. Үнэхээр чаддаг, мэддэг хүнийг  ажлын туршлага,  амьдралын мэдлэг, зохион байгуулах, сэтгэн бодох,  ажил хариуцах чадвартай хүмүүсээс  төрийн жинхэнэ албанд авах ёстой байтал энэ хууль 25  жил үйлчлэхэд аль ялсан нам нь албан тушаалаа хувааж авдаг. Хоорондоо наймаалцдаг болсон юм.  Тэгэхээр мерит тогтолцоогоор хуулиа зохицуулчихаад спойл тогтолцоогоор яваад байгаа нь энэ шүү дээ.  

-Төрийн албаны шалгалт жилээс жилд өргөжиж,  дэвшиж байна гэлээ. Цааш цаашдаа шалгалт өгөх сонирхолтой иргэдэд та зөвлөгөө өгөөч. Юуг анхаарах ёстой юм бол?  

-Захиргааны удирдах албан тушаалтан буюу тусгай шалгалт өгч буй хүмүүс Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж,  компютерийн  хэрэглээ, хэл бичгийн чадвар, багаар ажиллах,  дүн шинжилгээ хийх, сэтгэн бодох,  манлайлах чадвар гэх мэтчилэн удирдах албан тушаалтанд шаардлагатай удирдах,  зохион байгуулах,  хүнд ярьж ойлгуулах, хүнийг ойлгох туршлагатай хүн байх ёстой. Мөн мэргэжлийн бэлтгэл сайтай, ажлын туршлагатай хүн  хариуцлагатай албан тушаал хаших ёстой юм. Ер нь шалгалт бүр  онцлогтой. Тухайлбал, ерөнхий шалгалтад орох хүн үндсэн гурван шалгалт өгнө. Үүнд хууль дүрэм, монгол бичиг,  крилл бичгийн шалгалт, IQ буюу дүн шинжилгээ хийх чадварын шалгалт  өгөх бөгөөд бүх онооны нийлбэр нь өндөр. Шалгалт бүхэндээ босготой байдаг.

-Анх удаа төрийн албаны шалгалт өгч буй хүмүүсийн босго их өндөр юм шиг санагддаг?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард  явагдсан шалгалтаар 9000 шахам хүн орсон ч 1115 буюу 15 хувь нь тэнцсэн. Эхний шалгалт л гэхэд 55 оноотой. 55 онооны 20 нь хуулийн  мэдлэг бол эдийн засаг,  нийгэм, түүхийн асуултад 35  оноо авсан байх ёстой. Ийнхүү 55 асуулт бүхий тестээс 35 –аас дээш оноо авсан  бол эхний босгоо давна гэсэн үг. 34 оноо авбал эхний босгоо давахгүй нь байна шүү дээ. Хоёр дахь шалгалт болох монгол бичиг,  крилл бичгийн шалгалтаар нийтдээ  30 асуулттай тестээс 20-иос дээш оноо авбал дараагийн шалгалтад орно.

Эхнийхэд  55  оноо авчихаад  хоёрдахь шалгалтдаа 19 оноо авсан  байхад л  унчихаж байгаа юм. Тэгвэл хоёр дахь шалгалтдаа 20-иос дээш оноо  авсан бол гуравдахь шалгалтаар IQ-гийн 15 асуулт ирнэ. Тэр 15 асуултаас 10-аас дээш оноо авч байж тэнцэнэ. Арваас доош оноо авсан бол өмнөх бүх шалгалтдаа тэнцсэн байсан ч гуравдахь босгоо давалгүй  уналаа гэсэн үг. Гэтэл дарга нарын шалгалтад ийм босго байхгүй. Ер нь хууль дүрмийн мэдлэгийн 20 асуулттай тестээс шалгалт өгдөг. Тэдний шалгалт их хөнгөн учраас шалгалтын журам нь шударга бус болсон юм. 

-Шалгалтад хувиараа бэлддэг хүмүүс их байдаг шүү дээ.  Тэдэнд зориулсан ном, гарын авлага хэр хүртээмжтэй байдаг вэ? 

-Шалгалтад бэлтгэх гарын авлага байдаг. Удахгүй дахин шинэчлэх юм билээ. Одоо байгаа номонд нь  44 хуулиас хийсэн  3680 асуулт бий. Хоёрдугаарт, монголбичгийн 209 асуулт, крилл бичгийн 406,  нийгэм, эдийн засгийн 20-30 орчим асуулт багтсан. Шалгалтад бэлдэж байгаа хүн гарын авлагыг л сайн судлах хэрэгтэй. 

-Гарын авлагаас гадна,  төрийн албаны шалгалтад бэлтгэдэг  сургалтын төвүүд цөөнгүй байна. Эдгээр сургалтын  төвүүд үнэхээр чанартай бэлтгэж чадаж байна уу? 

-Маш их анхаарал татдаг асуудал. Би энэ талаар Төрийн албаны зөвлөлд шаардлага тавьсан. Төрийн албанд толгой шургуулах нөөцийн шалгалтад 9000 хүн бүртгүүлж байна гэхээр улсын болон хувийн их, дээд сургуулийг төгсөөд ажилгүй хүн их  байна  гэсэн үг шүү дээ. Тиймээс энэ хэрэгцээг нь далимдуулаад сургалт нэрээр бусдыг хохироогоод  байгаа зүйл бий.

Эднийг шалгаад, магадлан итгэмжлэл олгож,  үнэхээр хүнд тустайг  нь үлдээгээч гэдэг хүсэлтийг тавьсан. Ер нь төрийн албаны шалгалттай холбоотой янз янзын зөрчилтэй асуудлууд гарч ирэх  юм. Жишээлбэл, нэг хүн  Түүх, эдийн засгийн жишиг тест гэсэн ном гаргаад 10 гаруй мянган төгрөгөөр  борлуулсан байна билээ.

Тэдгээр асуултууд нь шалгалтад орох,  орохгүй нь мэдэгдэхгүй шүү дээ. Хүний хэрэгцээнд дөрөөлсөн, шаардлага хангахгүй, туршлага хуримтлуулаагүй хүмүүс хот хөдөөгүй явж олон удаа сургалт хийсэн байсан. Тэгэхээр сургалтын төв нэртэй байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн орчинг зохицуулах шаардлагтай байгаа юм. ХНХЯ  бол МСҮТ болон мэргэжил олгох сургалтын төвүүдэд албан ёсны зөвшөөрөл өгдөг.

Харин бидний явуулж буй сургалт бол мэргэжил олгох сургалт биш мэргэшүүлэх сургалт юм. Өөрөөр хэлбэл их, дээд сургууль төгссөн дипломтой хүмүүсийг төрийн хэрэг хөтлөх дадлага эзэмшүүлэхэд мэргэшүүлэх зорилогтой. Үүнд одоогоор зөвшөөрөл өгдөг газар байхгүй.Өмнө нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар зөвшөөрөл өгдөг байсан юм. Тэгэхээр сургалтуудыг магадлан итгэмжлэх байгууллагуудтай нийлээд иймэрхүү сургалт явуулдаг байгууллагуудыг шалгаж магадлан итгэмжлэх шаардлага гарч байгаа юм.

Тухайлбал,  материаллаг баз нь хэр зэрэг байна, багш, боловсон хүчний чадвар, сургалтын арга хөтөлбөр, үр дүн нь ямар байна вэ гэдгийг нягтлах хэрэгтэй. Өнгөрсөн намар 9000 гаруй хүн төрийн албаны шалгатад бүртгүүлснээс дөнгөж  15 хувь нь тэнцсэн байгаа нь сургалтын байгууллагуудын чанарыг шалгах нэг үзүүлэлт юм. Уг нь энэ чинь хүнийг хоолонд нь хөтөлсөн их буянтай ажил л даа. Миний үг илүүдсэндээ яриад байгаа юм биш. Тэдгээр хүмүүст бодитой дэмжлэг үзүүлэх гэж энэ шүү дээ. Үүнийг цаашид   анхаараасай гэж хүсэж байна. 

-“Мэргэн түшээ” сургалтын төвд  энэ бүх шаардлагыг хангасан уу?

-Манай сургалтын төв төрийн албан хаагчийн шалгалтад орох хүмүүсийг бэлтгэж өгдөг. Хоёрдугаарт, төрийн байгууллагуудын  албан хаагчдыг чадавхижуулах сургалт явуулдаг. Гуравдугаарт, хуульчийн сонгон шалгаруулалтад шалгалт өгөх хүмүүсийг  бэлтгэсээр 10 гаруй жил боллоо. Бид өөрсдийгөө сурталчилах гээд байгаа юм биш.

Манайх Оюуны өмчийн газраас баталгаажуулсан дижитал хичээлийн сэдэвтэй, 10 жилийн туршлагатай учраас элдэв зар сурталчилгаа өгдөггүй юм. Манай танхим 15 хүний багтаамжтай. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын шалгалтад 40 орчим хүн сургахад 90 хувийн амжилттай байсан.

Бид танхимын, аппликейшны, цагийн, зайн, вакуум гэсэн үндсэн таван төрлийн сургалттай. Манай танхимын сургалтын онцлог нь анги дүүргэлт гэж байхгүй,  нэг хүн байсан ч сургана. Бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалтын шинэ арга хэлбэрийг хайж байна. Энэ хүрээнд зайны сургалтаа улам хүртээмжтэй болгох зорилгоор цахим сургалтын орчин бүрдүүлэх зорилт тавьсан. Харин гарын авлага, материалын нууц хадгалах талаар зарим нэг бэрхшээлтэй тулгарч байгаа учраас бага зэрэг хүлээгдэж байна.Хэрвээ энэ асуудал үр дүнтэй болвол хөдөө орон нутгаас ирж зардал чирэгдэл гарахгүйгээр хүмүүс цаг заваа зөв зарцуулах зардал төлбөрийг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой  юм.