ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Эрдэнэ: Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдоржийг олж ир” гэсэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-10

-Надад хариуцлагаас зугтаагаад байх зүйл алга. Зугтааж байсан түүх ч байхгүй- 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа.

-“Тавантолгой” ХК-ийг тойрсон өчнөөн мэдээлэл байна. Бодит гэхээсээ илүүтэй улстөржсөн мэдээ­лэл гараад байна. Энэ асуудалд АН ямар байр суурьтай байгаа вэ?

-Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан “Тавантолгой”  ХК-ийн  30 хувийг худалдах асуудлыг нэн тэргүүнд яаралтай шийдэх ёстой. Өмнө нь УИХ-аар 3-5 тэрбум ам.долларын IPO хийх замаар шаардлагатай байгаа дэд бүтцийг санхүүжүүлнэ гэж салбарын сайд нь мэдээлэл хийж байсан. Гэтэл одоо нэг тэрбум ам.доллараар 30 хувиа зарах, худалдах асуудал ярьсан байна. Үүнийг “Тавантолгой”-н ордын үнэ цэнийг алдагдуулсан, шударга бус шийдвэр гэж харж байна. Тиймээс нэн яаралтай  УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах шаардлагатай. Засгийн газар бус УИХ-ын чуулганаар асуудлаа оруулж, шийдвэрлүүлэх ёстой. Аль ч цаг үед  “Тавантолгой”-н ордын хувийг зарах бус үр өгөөжийг нь нэмэгдүүлэх ёстой юм. 

-“Тавантолгой” ХК –ийн үр өгөөжийг нэмэгдүүлэх хамгийн чухал зүйл нь  IPO гаргах гаргах шүү дээ?

-“Тавантолгой”-н ордын  үр ашгийг нэмэгдүүлэх бодит боломж бий. Гэтэл 30 хувиа зарах, борлуулах, худалдах асуудал ярьж болохгүй. Тухайлбал, жилд 1-2 их наяд төгрөгийн  ашигтай ажиллаж эхэлсэн.  Дэлхийн зах зээлд IPO гаргаж, хөрөнгө босгоно гэсэн ч  юунд зарцуулах эсэх нь тодорхойгүй байна. Өмнө нь бид Оюунтолгойн ордод ийм байдлаар хандаад алдсан. Тавантолгой, Оюутолгойн ордоос ялгарах зүйл үгүй байна. Техник, эдийн засгийн тооцоо судалгаа ч бүрхэг байна. 

-Засгийн газарт та бүхний зүгээс ямар шаардлага тавьж байгаа вэ?

-“Тавантолгой”-н асуудлыг нэн тэргүүнд УИХ-аар хэлэлцэх ёстой. Холбогдох байнгын хорооны хурлаар мөн оруулах хэрэгтэй. Түүнээс гадна Засгийн газар гаргасан шийдвэртээ эргээд хяналт тавих ёстой. Цаашилбал, эргэж харах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байгаа. Үүний дараагаар асуудлаа шийдвэрлээд явах нь зүйтэй. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулган зарлах шаардлагатай байна.

-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан “Ц.Элбэгдоржийг олж ир” гэж ярьсан гэх юм. Энэ үнэн үү?

-Үнэн. Манай намтай холбоотой  төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг хууль хяналтын  байгуулагаас  шалгах тохиолдол нэлээд байгаа. Гэхдээ тодорхой нотлох баримтгүйгээр, улс төрийн өнцгөөр хоморголсон байдлаар асуудалд хандаж байгаа.  АН-аас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүст  хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхад анхаарч ажиллахыг шаардаж байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2009 онд АН-аас түдгэлзсэн. Түүнээс хойш гишүүнчлэлээ сэргээгээгүй. Нам бус хүн шүү дээ.  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдоржийг олж ир” гэж ярьсан. Гэхдээ эрх барьж байгаа юм бол өөрсдөө олж ирэх ёстой. Тэдэнд бүх эрх мэдэл бий.  Төрийн чиг үүргийг яагаад улс төрийн намд наагаад байгааг ойлгохгүй байна. Манай намд МАН-ынхан шиг хүн хэлмэгдүүлж, хоморголон  хядаж  байсан түүх байхгүй. Манай нам хууль хяналтын байгууллагыг төлөөлөн гүйцэтгэдэг нь биш. Хэрвээ өөрийнхөө нам шиг санаж байгаа бол Л.Оюун-Эрдэнэ уучлаарай. Манайхан танай комунисстууд шиг хүн баривчилдаггүй. Бид хуулийн засаглал, хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг. Бид энэ зарчмаасаа ухрахгүй. 

-Гэхдээ хариуцлагаас зайлхийж, зугтааж байгаа шалтгаан юу юм бэ. Монголд  хангалттай эрх мэдэл, албан тушаалд томилогдсон шүү дээ? 

-Шалгах гээд шаардаад байгаа хүмүүсийг АН олж ирэх үүрэг байхгүй. Үүрэг нь төрд байгаа. Төрийн эрх барьж байгаа намд бий. Үүргээ биелүүлээд ажиллахын оронд сөрөг хүчин рүүгээ тулгаад байж болохгүй. Түүнийгээ шударга ёсны зарчим юм шиг хэлээд сууж байна. Ийм ЗГХЭГ-ын даргыг мэдэхгүй юм байна, харамсаж байна. 

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадны улсаас орогнол хүссэн гэдэг мэдээлэл байгаа. Тэрбээр намынхантайгаа холбоотой байдаг уу?

-Бид зөвхөн намынхаа  дүрмийн хүрээнд ажилладаг шүү дээ. Хууль хяналтын байгууллага шиг намынхаа  гишүүнтэй холбоотой асуудлыг мөрдөөд явах нь утгагүй. Ч.Сайханбилэгтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага нь шалгах ёстой. Асуудлыг нь тэд шийдэх  эрхтэй. 

-Улс төрийн намууд ирэх сарын дундуур нэр дэвшигчээ албан ёсоор зарлана. АН-ын хувьд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай нам гишүүдээсээ урьдчилгаа татвар авсан. Гэхдээ энэ нь  намын дотоод асуудал шүү дээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. 

-Тэд нэр дэвших гэж байгаа, намдаа дэнчингийн мөнгөө төлсөн гэх юм?

-Хэн нь ч мөнгө төлөөгүй. Б.Хурц гэдэг хүнийг нэр дэвшүүлэх асуудал, өнөөдрийг хүртэл яриагүй. 

-Таныг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл байна?

-Сонгууль дөхөөд ирэхээр ийм гүтгэлэг маш хүчтэй явдаг. Би хариуцлагатайгаар хэлэхэд,  аль нэг  хуулийн байгууллагад дуудагдаж, мэдүүлэг, тайлбар өгөөгүй. Прокурорын байгууллагаас энэ талаар надад мэдэгдээгүй. Би хаана, хэнд, ямар хохирол учруулсан юм бэ. Тэр баримтаа гаргаад ир. Надад хариуцлагаас зугтаагаад байх зүйл алга. Зугтааж байсан түүх ч байхгүй.