ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дуулах түрлэг, дугтрах хүчээ нэгтгэх зохион байгуулалт хэрэгтэй байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-10

Дэлхий нийтийг айдаст автуулж, хоногт зуу зуун хүнийг  “залгиж” буй аймшигт тахалтай хүн төрөлхтөн өдөр шөнөгүй бүхий л хүчээрээ тэмцэлдсэн бүүдгэр өдрүүд үргэлжилж байна. Хар шар, хүчтэй хүчгүй, хөгжилтэй хөгжилгүйг  үл хамааран халдвар нөмөрч байгаа энэ үед урьдчилан сэргийлэлт, зохион байгуулалт ямар чухал вэ гэдгийг бид эдгээр өдрүүдэд харж, мэдэрч сууна. Өчигдөр өглөөний 09:00 цагийн байдлаар дэлхийн 105 улсад вирусийн халдвар тархсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тахлын голомттой хаяа дэрлэн оршиж буй манай улсад золоор халдварын тохиолдол өнөөдрийг хүртэл илрээгүй байгаа нь урьдчилан сэргийлэлт болон төрөөс авч хэрэгжүүлж буй зохион байгуулалтын ач тус. 

 

Гэвч сайн юманд саад мундахгүй гэгчээр хөл хорио болон тусгаарлалт тойрсон асуудал ундарсаар байгааг албаны хүмүүс учирлаж буй юм. Тухайлбал,14 хоногийн тусгаарлалтад байгаа иргэдийн энэ хугацаан дахь зардлаас эхлээд нарийн зохион байгуулалт шаардлагатай асуудал олон байна. Тусгаарлагдсан иргэд үзлэгт орохгүй гэх мэт эрүүл мэндийн байгууллагаас тавьж буй шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, бүр эмнэлгийн хаалга, цонх эвдлэхийг  завдсан талаар эрүүл мэндийн байгууллагынхан хэлж, учирлаж байна.

Тэр бүү хэл  тансаг хэрэглээ нэхэж, таван одтой зочид буудал шаардаж байгаа тохиолдол ч цөөнгүй байгаа аж. Энэ мэт иргэдийн ёс суртахуунгүй үйлдэл нь аймшигт тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамгийн том саад тотгор болж байгааг Эрүүл мэндийн байгууллагынхан хэлж буй.

Тив алгасаад вирусийн халдвар тархаж байхад  хил залгаа оршиж буй манай улсад халдвар илрээгүй байгаа нь яалт ч үгүй зохион байгуулалттай холбоотой гэдэгтэй маргах хүн байхгүй. Гэхдээ илүү нарийн зохион байгуулалт хийж, хөл хорио, тусгаарлалт тойрсон эдгээр асуудлыг цэгцлэх шаардлага үүсээд буй нь дээрх жишээнүүдээс илт. Тийм ч учраас хөл хорионы үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тусгаарлалтыг хэрхэн зохион байгуулах тухай журмыг Шадар сайд Ө.Энхтүшингээр ахлуулсан ажлын хэсэг боловсруулжээ.

Энэ журамд тусгаарлалтыг хэрхэн зохион байгуулах, иргэд болон эмнэлгийн байгууллага ямар үүрэг хүлээх, журмыг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлуудыг нарийн тусгаж өгсөн аж. Төр засгийн зүгээс энэ мэт зохион байгуулалтыг цаг алдалгүй хийж буй нь олон нийтийн зүгээс онц дүн аваад буй. Харин төрийнхөө шийдвэрийг биелүүлэх иргэдийн хандлага л хэт хайнга хангалтгүй байна гэхэд буруудахгүй.

Хөл хорио тогтоож, өвчин илэрсэн улс орон руу зорчихгүй байхыг анхааруулсаар байтал үл тоон улс дамнан аялж ирчихээд, өдөр шөнөгүй нойр хоолоо хасан ажиллаж буй эмнэлгийн ажилчдаас тансаг хэрэглээ нэхэж суугаа нь үүний баталгаа. Таны эрүүл мэндийг хамгаалахын төлөө хот хоорондын замыг хаасан байхад зам нээхийг отож байгаад хөдөө орон нутаг руу сүрэглэн нүүдэллэж буй машины цуваа үүний баталгаа.

Төрд дүн тавьж буй иргэн та өөрийгөө дүгнэх цаг болсныг эдгээр өдрүүдэд анзаарсан биз ээ. Товчхондоо төрийн шийдвэр, түмний хандлагыг нэгтгэх зохион байгуулалт л хэрэгтэй байна гэсэн үг.

Коронавирусийн халдвар тархаж эхлэх үеэс тулгарсан асуудлын нэг нь ариутгалын бодис, амны хаалтны хүрэлцээ. Өнөөдөр ч ДЭМБ-аас зөвлөж буй шүүлтүүртэй гэх нэг удаагийн амны хаалт ховрын бараа хэвээр байна. Амны хаалтын эрэлт нэмэгдсэн эхний өдрөөс л маскны үнэ тэнгэрт хадаж, ард нийтийн эрүүл мэнд бус амин хувийн хонжоо харсан шагчид бөөндөн авч, нэг бүрийн үнийг таваас зургаа дахин нугалж зарж эхэлсэн нь мөнөөх л иргэдийн хандлагын  асуудал.

Үнээ нэмсэн эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг цуцлах талаар салбарын яам анхааруулж эхлэхэд тэд хажуу хаяаныхаа барааны лангуунд бөөндөж, өндөр үнээр худалдаалсаар байгаа нь нууц биш. Эмийн сангуудаас хайгаад олдоогүй амны хаалт барааны дэлгүүрт тэнгэрт хадсан үнээр худалдаалагдаж байх жишээтэй.

Энэ мэт ёс суртахуун, сөрөг хандлагын асуудал байсан хэдий ч хүнд хэцүү цаг үед монголчууд хэрхэн нэгдэн, нийлж чаддаг бас хэчнээн өгөөмөр ард түмэн бэ гэдгээ харж, харуулж чадаж байна. Коронавирусийн халдвартай тэмцэх үйлсэд зориулсан “Хурд” хамтлагийн онлайн тоглолтын үеэр гуравхан цагийн дотор 246 сая төгрөгийг цуглуулж байгаа монголчууд үүний нэг баталгаа. Дугтарвал дуу нэг гэдэгчлэн монголчууд нэгдэн нийлж чаддаг ард түмэн гэдгийг өвчинд нэрвэгдэж буй хөрш орондоо туслахаар хэдэн арваар нь малаа тууж буй эгэл жирийн малчдаас харж байна. Улс орон даяар хандивлах  аян өрнөж, бэлэн мөнгө, мал, маск гэх мэт иргэд, олон нийтийн зүгээс хандив ирүүлсээр буй нь үүний баталгаа. 

Тэгвэл бидэнд юу дутаад байна вэ. Төрийн шийдвэр онож байна уу гэвэл тийм. Ард түмэнд нэгдэн нийлэх, уухайлан дэмжих сэтгэл байна уу, байна. Тэгвэл энэ хоёрын цогц нийлэмж болж, аймшигт тахлын эсрэг нэгэн дуу хоолойтой тэмцэх уялдаа холбоо л думтаг байгаа юм. Тухайлбал, иргэд олон нийтийн зүгээс ирүүлж буй хандив тусламжийг хувь, хувьсгал гэлтгүй вирусийн халдварын эсрэг тэмцэх үйлсэд оролцож буй бүх байгууллагад тэгш хүртээмжтэй хүргэх учиртай.  

Халдварын бүс нутгаас ирж буй иргэдийг ОБЕГ-ын харьяа “Жаргалант сувилал”, Давтан сургалт,сэргээн заслын төв, Цэргийн госпитал, ХӨСҮТ, “Асралт Мед” эмнэлэг зэрэг газруудад 14 хоног тусгаарлаж буй. Харин тусгаарлалтад буй иргэдтэй ажиллаж буй эдгээр газруудад олон нийтийн зүгээс ирүүлсэн хандив тусламж очихгүй байна гэх шүүмжлэл гараад буй. Тухайлбал, хамгийн олон буюу 570 орны нөөц бэлдээд буй Цэргийн төв эмнэлэгт амны хаалт тэргүүтэй олны хандив очихгүй байгааг олон нийт шүүмжилж байгаа юм.

Учир нь Цэргийн төв эмнэлэг Эрүүл мэндийн яаманд бус Батлан хамгаалахын яаманд харьяалагддаг учраас Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яаманд хандивласан хандив энэ эмнэлэгт очдоггүй аж. Тэгэхээр төр, иргэний гүүр болох нарийн зохион байгуулалт хэрэгтэй байгаагийн нэг жишээ энэ мөн. Зөвхөн Цэргийн төв эмнэлэг гэлтгүй “Асралт мед” тэргүүтэй нийгмийн хариуцлагын хүрээнд халдварын эсрэг тэмцэхэд гар бие оролцож буй хувийн байгууллагуудад ч олны хандиваас хүртээх учиртайг мартаж болохгүй юм. Ялангуяа хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллуудыг тусгаарлах байр болгохоор шийдвэрлэсэн энэ цаг үед тэнд ч мөн хамгаалах хэрэгсэл дутагдахыг мартах учиргүй. Дуулбал түрлэг нэг, дугтарвал хүч нэгтэй байж, эвлэлдэн нэгдэж, зохион байгуулалтад орж чадвал хүрээлсэн халдварын дундаас торойгоод үлдсэн хэвээр, аюулыг давж гарч чадна аа, бид.