ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Япон, Индонез улс амны хаалт дамласан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2020-03-11

Дэлхийн 100 гаруй оронд тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдварын анхны тохиолдол Монгол Улсад бүртгэгдлээ. Энэ нь зөвхөн шинжилгээгээр баталгаажсан тоо бөгөөд цаашид уг тоо нэ­мэгдэж болзошгүй байгаа юм.

Европын улс орнууд вирусийн тархалтын энэ үед хэрэв иргэдээс сэжигтэй шинж тэмдэг илэрвэл шууд эмийн сан орох, эсвэл эмнэлэгт очихыг хориглож байна. Учир нь тухайн иргэн хэрэв вирустэй бол эмч, эмийн санд биечлэн очсоноор эмч, сувилагчдад вирус тараах эрсдэлтэй. Тэд ихэвчлэн бусад өвчтэй, дархлаа сул хүмүүстэй харьцдаг тул халдвар тар­хах эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой аж. 

Манай улс ч мөн адил бөгөөд Эрүүл мэндийн яамнаас 119 гэсэн тусгай дугаарыг ажиллуулж эхэлжээ. Дэлхий дахинаа коронавирусийн халдвар бүртгэгдсэний дараагаас манай улсад амны хаалтны үнэ тэнгэрт хадаж, энгийн үед 180 төгрөгийн үнэтэй байсан нэг удаагийн амны хаалт эдүгээ 1500 орчим төгрөгт хүрээд байгаа юм. 

Тэгвэл амны хаалтыг ашиг хонжоо олох зорилгоор их хэмжээгээр нөөцөлж, улмаар үнийг хэд дахин нэмэн борлуулах явдлыг Япон, Индонез зэрэг улсад эрүүгийн хэрэгт тооцохоор шийдвэрлэжээ. 

Японы тухайд амны хаалтыг их хэмжээгээр худалдан авч, цааш нь борлуулсан тохиол­долд нэг хүртэлх жилийн хугацаатай шоронд хорих ял,  нэг сая хүртэлх иений торгууль ногдуулахаар болсон байна. Энэ арга хэмжээ нь энэ сарын 15-наас хэрэгжиж эхлэхээр болсон талаар Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам мэдээлсэн байна. 

Маскны эрэлт нэмэгдэж буйтай холбогдуулан, хомсдол үүсэхээс сэргийлэх зорилгоор 1973 онд баталж байсан хуульд үндэслэн амны хаалтыг дахин худалдаалахыг тус улс хориглоод буй нь энэ аж. Харин амны хаалтаа худалдаж авсан үнээрээ дахин зарахыг зөвшөөрч байгаа гэнэ. 

Корона­вирусийн халдвар тархаж эхэлснээс хойш худалдаа эрхлэгчид маскийг энгийн үеэс 10 дахин өндөр үнээр борлуулах болжээ. Эрх баригчид бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сард 600 сая гаруйд хүргэхээр орон нутгийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байгаа ч дундаас нь ашиг хонжоо олох, нөөцлөн зохиомол хомсдол үүсгэж буйн улмаас амны хаалтын хомсдол үүссэн хэвээр байгаа аж. 

Индонезийн хувьд өнгөрсөн долоо хоногоос эхлэн амны хаалт их хэмжээгээр нөөцлөн, хэд нугалан худалдаалах гэмт хэрэг­тэй тэмцэж эхэлсэн юм. Тодруулбал, хэдэн зуун мянгаар нь нөөцөлсөн хувь хүн, худалдаа эрхлэгчдийг баривчилж, нөөцөлсөн маскийг нь хураан авах ажиллагааг эхлүүлсэн. 

Цагдаа нар тус улсын өнцөг булан бүрт тусгай ажиллагаа явуулж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн иргэдийг баривчлан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Индонезийн цагдаагийн газраас мэдээлснээр, “их хэмжээний ашиг орлого олох зорилгоор амны хаалт нөөцөлж, зохиомол хомсдол үүсгэсэн тохиолдолд тав хүртэлх жилийн хорих ял, их хэмжээний мөнгөн торгууль” ногдуулах аж. Индонезийн Хууль зүйн сайд Мохаммад Махфуд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Үүссэн нөхцөл байдлыг далимдуулан их хэмжээний ашиг олох зорилгоор зохиомол хомсдол үүсгэн бараа бүтээгдэхүүн нөөцөлж, улмаар үнээ өсгөж буй үйлдвэрлэгчдэд хариуцлага тооцно” хэмээгээд “Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэнэ” гэж мэдэгджээ.