ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Чөдөр” хурандаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-03-23

Монголын улс төрд багтах зайгүй чихэлдэж буй хурандаа нарын нэг бол Тагнуулын хурандаа Б.Энх-Амгалан ажээ. Тэрбээр, ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академийг 1991 онд төгссөн гэнэ. Тиймдээ ч ёслолын хувцсаа өмсч, “Тэнгэрийн зам”-аа зурж байсан хурандаагийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж, соошл орчинд шоглож ёс алдах шахлаа, бид.

Цэргийн баярын өдөр нүд бүлтэртэл гоёсон зургаараа мэндчилгээ дэвшүүлснийг нь мэдэхгүй хурандаагийн уурыг хүргэх шахсан нь тэр.Тиймдээ ч эрхэм хурандаа уурласан уу, яасан жинхэнээсээ урд хөршөөс “корона импор­тол­но” хэмээн биднийгээ бас айлгаж орхилоо. Намынх нь нөхөд хүртэл эсэр­гүү­цэж байхад 105 хятад иргэнийг хилээр нэвтрүүлэн, Төв аймагт тусгаарлаж бай­гаад там болсон Дарханы замаа бариул­на гэж мэдэгдэл хийжээ. Харин түүний хариуц­лагагүй мэдэгдэлд Засгийн газар үгүйсгэсэн “хариу өгч” асуудлыг хойшлуулжээ. 

Эх орондоо хайртай хурандаа хүнээс ийм санаа уг нь гарахгүй л юмсан. Хятадад дургүйдээ биш ерөөс өвчин тахал дэлхий нийтийг айлгаж байгаа ийм үед анх гарсан улсаас нь ажилчин анги оруулж ирнэ гэсэн хариуцлагагүй үг хурандаа хүний амнаас унахгүй учраас л уурлаад хариугаа авч байгаа юм болов уу хэмээн эргэлзэж байгаа хэрэг л дээ. Нөгөөтээгүүр, эрхэлсэн ажилдаа эзэн болж чадахгүй л бол эзэмшсэн мэргэжил ямар ч хэрэггүйг тэр үгээрээ ч, үйлдлээрээ ч нотлон харуулсаар байгаа.

Бас зам тээврийн салбарыг удирдаж чадвартай биш гэдгээ харуулчихав. У.Хүрэлсүхийн Засгийн газарт буй цөөхөн хэдэн чөдөр, тушаа болсон сайд нарын нэг нь Б.Энх-Амгалан болон хувирч байх аж. Дарханы замыг там болгочихсон атлаа “Тэнгэрийн зам”-ыг бариулна гэж тэнэгтсэн нь саяхных.

Шүүмжлээд эхлэхээр урд хөршөөс ажилчин оруулна гэж олны дургүйцлийг барлаа. Ерөөс сайн менежер, сайн удирдан зохион байгуулагч л салбар удирддаг гэдгийг түүний жишээнээс л бид бэлхнээ харсаар байх ажээ. Төрийн сайдын албан тушаалд тунчиг жулдсан хурандаа гэдгээ харуулсан учраас тагнуулын албандаа л та сүрээ үзүүлбэл хэрэгтэй юм даа. Ядахдаа өмссөн хувцас чинь хүртэл эрхэлсэн албатай чинь зохицоод сүртэй харагдах билээ. Сайн менежер байж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч чаддаг нэгэнд л ажлаа өгсөн нь дээр байх. Түүний дараа ёслолын хувцсаа өмсөнө үү, хурандаагийн нэр төрөө гайхуулна уу гэдэг нь бидэнд падгүй билээ. Харин хийе гэж авсан, чадна гэж итгэл хүлээсэн бол хурандаагийн хувцсандаа бус сайдын ажилдаа анхаарч, тэнгэрийн биш газрын замаа эхлээд засчихвал яасан юм бэ, хурандаа.